Норвегийн туршлага, макро эдийн засгийн удирдлагын механизмын өөрчлөлт хэрэгтэй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Макро эдийн засгийн бодлого ба Засгийн газрын баялгийн сан: Норвеги улсын туршлага” сэдвээр “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нээж, Норвеги улсын Сангийн дэд сайд асан ноён Видар Овесен “Уул уурхай ба эрчим хүчний тогтолцоо”, “Макро эдийн засгийн тогтвортой байдал, мөнгөний болон сангийн бодлогын хоорондын уялдаа холбоо” сэдвээр өөрийн орны туршлагаас ярив. Тэрээр Норвеги улс уул уурхайн салбарт газрын тос, хийн түлшний олборлолт, үйлдвэрлэлт, экспортоор томоохон амжилтад хүрч, түүнийхээ орлогыг баялгийн санд төвлөрүүлэн, дөрөвхөн хувийг төсвийн зохицуулалтад ашиглан, үлдэх хэсгээс нь гадаадын томоохон ашигтай төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг, мөн бусад салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарсан тухай өгүүллээ. Ингэхдээ Засгийн газар байгалийн баялаг, түүний орлогыг хэрхэн зарцуулж буй тухай мэдээллийг иргэд авах эрхтэй, ил тод, хариуцлагын тогтолцоо нь авлига, төсвийн үр ашиггүй зарцуулалтыг хязгаарладаг, эдийн засгийн тогтвортой нөхцөлийг бүрдүүлэхэд онцлон анхаардаг зэрэг нь амжилтын үндэс байсныг онцлон тэмдэглэж байсан юм.
Энэ хэлэлцүүлэгт Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны удирдах ажилтнууд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, олон улсын байгууллага, хөгжлийн агентлагийн хүмүүс оролцлоо.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ “Өмнө нь бид макро эдийн засгийн асуудлаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Түүгээр манайд макро эдийн засгийн удирдлагын механизмд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй цаг ирлээ гэсэн анхааруулга хүмүүс өгч байсан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгсөн чиг үүргийн дагуу бид Норвегийн хөгжлийн туршлагыг Монголын хөрсөнд суулгах, судлах талаар анхааран ажиллаж байна. Үүнд Азийн хөгжлийн банкнаас тусалж, Норвегийн туршлагатай хүмүүсийг авчран бидэнтэй уулзуулж байгаад баяртай байна. Бид ингэж нэг удаа хэлэлцээд орхихгүй. Норвегийн уул уурхайн удирдлагын механизм, төсөв, мөнгөний бодлогын талаар судлах ажлын хэсэг байгуулсан байгаа. Мөн Засгийн газрын ямар бүтцээр, ямар байгууллагуудын харилцааны хүрээнд шийдэж энэ амжилтыг олсон талаар ч судална. Тухайлбал Норвегийн төв банкны болон Сангийн яамны, бас уул уурхайн салбарт оролцогч талуудын эрх зүйн харилцаа гээд олон асуудлыг сонирхож байна. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегид айлчлахдаа хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулсан юм. Тухайлбал, Норвегийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нийтдээ 28 хувь байдаг. Дээр нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол нэмж 50 хувийн орлогын албан татвар төлдөг. Уул уурхайн ордын лицензийг хэзээ ч хувийн хэвшлийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжид өгдөггүй. Зөвхөн ашиглах лиценз олгодог. Бас нэг ордыг заавал 3-4 компанид өрсөлдүүлсний үндсэн дээр өгдөг. Олборлогч компани бүтээгдэхүүнээ шууд өөрөө экспортлох эрх байдаггүй. Ложистек компаниар заавал дамжуулж худалддаг. Тэр нь заавал хувийн компани байдаг. Хувийн компаниа сайн хянадаг. Хээл хахууль байдаггүй гээд олон анхаарал тасан асуудал байсан. Тогтолцоо нь ийм юм. Төр оролцохоороо асуудал хүндэрдэг. Өөрөө өөрийгөө хянадаг механизм нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Энэ агуулгаар Норвегийн туршлагыг судлах нь чухал гэж үзэж байгаа юм. Та бүхэн ажлын хэсэгт саналаа ирүүлээрэй. Ингэвэл ажлын хэсэг бас боломжийн санал боловсруулах байх гэж бодож байна” гэв.
Оролцогчид их үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн дүгнэж байлаа.

URL:

Сэтгэгдэл бичих