Eрөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо
Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалт, Зүүн өмнөд Азийн Төв банкны захирлуудын зөвлөлийн 32 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотод болж байна. Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий захирал ноён Ж.Каруана, ОУВС-гийн төлөөллийн тэргүүн ноён Ж.Алмекиндерс тэргүүтэй 17 улсын 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа энэ уулзалтаар Олон улсын санхүүгийн зах зээлийн харилцан хамаарал, мөнгөн хөрөнгийн урсгалын өндөр хэлбэлзлийн тухай болон Олон улсын санхүүгийн зах зээлийн шинэ зохион байгуулалтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр Дэлхийн хадгаламжийн дийлэнхийг эзэлдэг Азийн бүс нутагт санхүүгийн хөрөнгийн шилжилт, түүний тогтворгүй хөдөлгөөн аль ч утгаараа анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бүхий өндөр ач холбогдолтой асуудал байх болно. Манай бүс нутгийн эдийн засаг дэлхийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болон бэхжиж байна. Гэхдээ олон улсын санхүүгийн зах зээл бүрэн тогтворжтол бидэнд сэтгэл чилээх зүйл олон байгааг энэхүү хурлын хэлэлцүүлгээс бид харах болно гэсэн юм. Мөн Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2008 оны эцэс, 2009 оны эхээр Азийн бүс нутаг руу чиглэсэн хөрөнгийн урсгал тухайн үед огцом саарсан. Гэвч манай бүс нутгийн эдийн засаг ихэнхдээ энэ сөрөг нөлөөг эерэгээр давж гарсан. Төлбөрийн тэнцэл эерэг тогтвортой байх, тэр дундаа эдийн засгийн бүтээмж өндөр байх нь ийм боломж олгож, нөгөөтэйгүүр манай орны хувьд эдийн засгийн өгөөж өндөртэй томоохон төслүүд хэрэгжих үед хөрөнгийн урсгал богино хугацаанд хурдан томорч, түүнийг зөв ашиглах сорилт тулгарч эхлээд байна. Тийм ч учраас хөрөнгийг зохистой удирдаж, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгоход чиглүүлж чадах ур чадвар, туршлагыг үнэ цэнэ бүхий чухал хүчин зүйл гэж үзэж байгааг онцоллоо.
Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өссөн. Уул уурхайн салбарын хөгжил, эдийн засгийн хурдацтай өсөлтийг дагасан Монгол Улсыг чиглэх хөрөнгийн урсгал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учраас энэ онд ч мөн хоёр оронтой тоотой өсөлт гарахаар хүлээгдэж байна. Гэсэн хэдий ч Олон улсын санхүүгийн тогтолцоонд үүсээд байгаа хямрал цаашид багагүй хугацаанд үргэлжилж болзошгүй учраас Монгол улс ч өөрийн банк, санхүүгийн тогтолцооны аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна хэмээн Ерөнхий сайд уулзалтад оролцогсдод хандан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: