Автобусны жолооч хоёр хүний аминд хүрэв

Гэрэл, дохиогүй газар гарц даган зам хөндлөн гарахаар явтал надад нэг хүн ингэж хэлж байсан. “Автобус ирж байна. Хоёулаа хүлээж байгаад хойгуур нь гарья” гэж хэлсэн. Яагаад гэсэн миний асуултад хариулахдаа “Автобусны жолооч бол цалингаараа амьдардаг хүн. Мөн дотор нь олон хүн байгаа. Муугаар бодож ямар нэгэн зүйл боллоо гэхэд тэр хүний амьдрал хэцүү шүү дээ. Машин бол хувийн хэрэгцээндээ унадаг. Тэгэхээр автобусны урдуур гарснаас жижиг машины урдуур гарсан нь дээр.” гэж хариулсан. Харин энэ яриаг би мартчихсан явж. Гэтэл өчигдөр том оврын автобус хоёр хүний амь насыг авч одсон ослыг сонсоод шууд л санагдлаа. Үнэхээр том оврын автобусны жолооч өөрөөсөө гадна олон хүний амь насыг тээвэрлэж явдаг хариуцлагатай ажил аж. Би ч гэсэн олон жил автобусаар зорчихдоо амь насаа жолоочид даатгаж яваа гэсэн “сүртэй” бодол өвөртөлж байсангүй. Бодохгүй байсан нь ч дээр биз. Хөл дүүжилдэг ганц унаандаа ийм бодол тээсээр явбал хэцүү шүү дээ. Тэгэхээр бид итгэлтэйгээр автобусанд суудаг болохын тулд олон жил ажилласан, туршилгатай соёлтой жолоочийг хүсэмжилнэ. Гэсэн ч одоогоор тамхи зууж, хойно байгаа зорчигчийг урд иртэл нь тормос гишгэдэг тийм л жолоочид үйлчилгээнд явж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Өчигдөр гарсан ослын дараагаар том оврын автобусны үйлчилгээний асуудал жиг жуг хийн иргэдийн амны уншлага болжээ.

Өчигдөр өглөөний байдлаар хоёр ч автобус осол гаргасан бөгөөд хоёул тус дүүргийн V хороонд гарчээ. Осолтой холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас тодрууллаа. Тэрбээр “өнөөдөр (өчигдөр) дугаарын хязгаар­лалт үйлчлэхгүй байгаа ч замын хөдөлгөөн сийрэг байна. Одоогоор  хоёр хэрэг мөрдөн байцаалтын шатандаа орох гэж байгаа учраас тодорхой мэдээллийг өгөх боломж байхгүй” гэсэн юм. Харин “Сутайн буянт” компанийн автобус Хангай захын автобусны буудлаас трол­лейбусны депо уруудах замд 08.00 цагийн үед гарцаар гарч явсан 50 гаруй насны иргэнийг дайрсны улмаас газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Үүнээс ганцхан цагийн дараа буюу 09.00 цагийн үед мөн дүүргийн нутаг дэвсгэрт, Таван шарын автобусны буудлын хажууд “Тэнүүн огоо” компанийн автобусны жолооч  хурдтай ухрах үйлдэл хийхдээ 50 орчим насны эмэгтэйг дайрчээ. Тэрээр мөн газар дээрээ амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээллэснээр нэг жолооч нь 28, харин нөгөөх нь 36 орчим настай аж. Эл хэрэгтэй холбогдуулан “Тэнүүн огоо”, “Сутайн буянт” компанийн удирдлагатай холбогдох гэсэн боловч харилцуураа автомат хариулагч дээрээ тавьжээ.

Харин та өнгөрсөн сард “Автобус-1” компанийн ажилчид үйлчилгээнд гаралгүй ажил хаяж байсныг тодхон санаж байгаа байх. Тухайн үед тус компанийн ажилчид “Жижүүр жолоочийг өглөө үйлчилгээнд гаргадаг нь буруу. Шөнө унтаагүй хүн нойрмоглох зэргээр осол гаргах эрсдэлтэй байдаг. Тэгээд ч цаг шахуу, орлогын төлөвлөгөө их учраас цагтаа амжих гэж хурдан явдаг” гэж байсан. Улсын автобусны томоохон баазын ажилчид ийн ярьж байхад, хувийн хэвшилийн тэрэгнүүд ч гэсэн орлогоо биелүүлэхээр улаарах нь энүүхэнд. Бага насны хүүхэд автобусанд чихэлдэж ороод олны дунд хавчигдсаны улмаас хөл нь газар хүрэхгүй явдаг жишээг би ч биеэрээ мэднэ. Өнөөдөр том оврын автобусанд үйлчилгээний соёл гээд байх юм ор тас байдаггүй нь үнэн. Соёлтой яваач гэж хэлээд тархиа эргэтэл загниулсан хүн ч олон бий. Угаасаа тэд урдаас нь таксигаа бариад яв гэж зандрах нь байдаг л үзэгдэл болжээ. Тэдний ингэж зохисгүй аашлах нь удирдлагатай нь салшгүй холбоотой. Одоогоос тав зургаан жилийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээ ховор бай­хад автобусны жолооч гэх хүн мал­гайгаа хазгай тавьж гар нь тос даасан настай ах төсөөлөгддөг бас харагддаг байсан. Гэтэл өнөөдөр тамхи зууж, нүдээ хагас нээсэн залуухан тээвэрчид их болж. Удирдлагаас шахсан халаатаар жигдэрсэн болоод буудлаас хүн түүдэг тээвэрчид үйлчилгээний соёлоо өндөрсгөх хэрэгтэй байна. Хүний алтан амь настай холбоотой хэрэг ганцхан өглөөний дотор хоёр гарчихаад байхад ажилтныхаа өмнөөс ард иргэддээ зориулан албан ёсоор уучлалт гуйх дарга үнэндээ нэг ч алга. Харин хариуцлагаас хэрхэн мултрах тухай л сэтгэлээ чилээж суугаа байх.

Б.ШИРНЭН

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих