Залуус аа, эх орныхоо эзэд нь гэдгээ баталцгаая
Cонгуулийн өдөр. Аав, ээж, эмээ, өвөө нарын хувьд энэ бол баярын өдөр. Уг нь бол бүх нийтийн баярын өдөр ч залуус бид яагаад ч юм бэ “Сонгууль” гэдэг үгийг “ял” гэж ойлгосоор уджээ.
Магадгүй, өнөө орой залуус бид бүхнийг гэртээ суух аргагүй болтол суртал ухуулга хийж, санал өгөх ёстой намын нэрийг хэлж өгөх биз. Өмнө нь тэгдэг байсан, одоо ч тэгнэ. Ер нь энэ бүх үглэлт, суртал ухуулга, албан “даалгавар” залуус бидэнд сонгуулийг яршигтай ажил мэтээр ойлгуулсан ч байж мэднэ. Гэхдээ энэ удаа гэр бүлийн “албан даалгавар”-ыг үл тоогоод, сонгуулийг “ял” биш “хариуцлага”, “үүрэг” гэдэг утгаар нь харах гээд оролдоод үзээрэй.
Иргэдийн дунд “Ахмад настнууд Монгол ардын намыг залуучууд Ардчилсан намыг дэмждэг” гэсэн ойлголт бий. Үнэндээ энэ бол харьцангуй ойлголт бөгөөд ардчиллыг дэмждэг ахмадууд, Ардын намыг сонгодог залуус тэр нь, энэ нь гэхээргүй олон байдаг шүү дээ. Гагцхүү залуус бид сонгуульд оролцож, саналаа өгч гэмээ нь ирээдүйн хөгжил бидний хүсч байгаа замаар явах юм.
Сонгуулийн өдрийг амралтын өдөр гэж ойлгон явж байх үед амьдрал өрнөсөөр одоо ямар байдал хүрээд байгаа билээ дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод залуус цуглаад цагийг зөв боловсон өнгөрөөчих газар алга. Хос залуус хамтдаа суугаад ярилцчих цэцэрлэг ч байхгүйтэй адил. Энэ бүхэн шуудхан хэлэхэд залуус бид сонгуульд саналаа өгөөгүйн гай.
Залуус санал өгч, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хүнийг бодлого боловсруулах төвшинд гаргаж ирээгүй учраас ирээдүйгээ ийнхүү хохироожээ. Нөгөө талаар, залуус сонгуульд ач холбогдол өгч оролцдоггүй учраас тэдний төлөө санаа тавьж ажил хийх шаардлагагүй байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаадаа бид өөрсөддөө л гомдох хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ байдлыг яг одоо өөрчлөх боломж бий.
Залуус бид үгийг нь анхааран сонсдог хүмүүсийн нэг Баабар гуай нэгэнтээ “Залуу хүмүүс эхлээд өөрсдөө хүнээс гуйхгүй болчихоод, дараа нь эх орноо хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Үнэн үг. Гэхдээ туйлын үнэн гэж хүлээж аваад, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй нэр дэвшигч залуусыг “доош нь хийж”, өөрсдийнхөө замыг бүдгэрүүлж болохгүй.
Монгол улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд, Бас 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд. Одоо жаахан тоо бодоод үзье. Сонгуулийн насны иргэд хүн амын 40 хувийг эзэлдэг. Тэдний тал буюу 50 хувийг ахмадууд бүрдүүлдэг байх нь. Сонгуулийн ирц 62 хувьтай гарсан гэхээр залуусын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Үлдсэн 80 хувийнх нь санал төрийг байгуулахад тусгалаа олоогүй гэсэн үг. Арай л “биш” тоо байгаа биз. Хэрвээ бид бүгд сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгсөн бол оносон ч алдсан гээд сэтгэл хангалуун явах байсан бус уу.
Залуу нас алдаж, онож, төлөвшихөд зориулагддаг болохоос сүүдэрт нуугдах гэж, бусдын далавчин дор хоргодох гэж заяагаагүй. Бид одоо байгаа нөхцөл байдал, нийгмээ ихэд шүүмжилцгээдэг. Гэтэл “Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг үг бий. Энэ үгийг “Ямар сонгогч байна, тийм төр байдаг” гэж өөрчлөхөд утга нь өөрчлөгдөхгүй.
Монгол залуусын орон. Гэтэл сонгогчдын дунд залуус алга. Сонгогдсон хүмүүсийг харахад “ахмадуудын шүүлтүүрээр” тунгаагдсан улс байна. Угтаа бол Монголын төр залуусын төр байх ёстой. Ахмад үе, залуу үеийн бодлогын харилцан уялдаан дээр төрийн бодлого шийдвэрүүд гарч байх ёстой. Залуу хүн залуусаа сайхан амьдруулахын төлөө ажиллаж, ахмадууд түшиг тулгуураа үзүүлж байх ёстой шүү дээ. Гэтэл “Сонгууль” хэмээх ганцхан өдрийн ажилд хайнга хандсанаасаа болж, ихэнх залуус өөрийн гэсэн орон сууцгүй, санаа байвч дэмжлэг байхгүй гундуухан амьдарч байгаа биш гэж үү.
Өнөөдөр амьдралынхаа нөхцөл орчныг сайжруулах бололцоо дутмаг, төрийн дэмжлэг үгүй, салхилах цэцэрлэггүй, хааяа нэг олуулаа доргиод бүжиглэчих диско баар ч үгүй ер нь л “шоовдор” байдалтай өдийг хүрлээ шүү дээ. Залуусыг үнэхээр сэтгэл гаргаж дэмжсэн бодлого өнөөдөр алга. Хоёул хоёулаа ажил, хөдөлмөр эрхэлдэг атлаа орон сууцанд бие даагаад орчиж чадахгүй л байна шүү дээ.
“100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах гэхээр “Аав ээжийнхээ байрны ордерыг аваад ир” гээд буцааж байна. Бас л нөгөө аав, ээж. Бусдаас хамааралтай, гуйж царайчлах амьдрал үргэлжилсээр. Залуус бид бие дааж хөгжих ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд тэжээгдэж, бусдын бөөрөнд хоргодсон ангаахай байхаа больж, аав, ээжийнхээ гэрээс “нисэх” ёстой. Ингэхийн тулд орон сууцтай болох ёстой. Үүнийг хийхэд төрийн бодлого чухал. Залуус төрд орж байж ч л төрийн чихийг зөөллөнө.
Залуусыг төрд оруулахын тулд бид саналаа өгөх үүрэгтэй. Залуус бидний санал Парламент, Нийслэл, дүүргийн сонгуульд тусгалаа олж байж, улс, хот маань “залуусын” хэмээх тодотголдоо нийцнэ. Тэгэхгүй, сонгуулийг орхисоор, улс орны ирээдүйг шийдэлцэх эрх мэдлийг аав, ээж, эмээ, өвөө нартаа үлдээсээр байх аваас байдал ердөө ч өөрчлөгдөнө гэж хэн батлах юм бэ.
Өнгөрсөн сонгууль 62 хувийн ирцтэй байсан. Энэ бол дэндүү бага тоо. Саналаа өгсөн иргэдийн ихэнх нь ахмад, дунд насныхан байсан гэсэн баримт залуус ямар хайнга, хариуцлагагүй байгааг харуулна. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Заримдаа хүн хэвшсэн нэг зүйлээс зүгээр л татгалзчих нь дээр байдаг. Тэртэй тэргүй муу байсан учраас арай өөр сонголт хийх нь буруу биш гэдэг утгаар.
Өнгөрсөн сонгуулиар бид Парламентын төвшинд өөрчлөлт хийж чадсан. Энэ сонгуулийн өмнө өөрчлөлтийг хүсэмжилсэн нэгэн нийтлэлдээ “Төрийн эрх мэдэл ард түмний гарт шилждэг тэр л торгон агшныг зөв ашиглавал жинхэнэ цэвэр төрийг цогцлоох боломж бүрдэж байгаа юм” хэмээн бичиж байлаа. Тэнд илэрхийлсэн нэг санаагаа энд дахиад нэг оруулчихъя.
“Индиго хүүхэд дэлхийг аварна” гэсэн үгсийг дуулаагүй хүн ховор биз. “Дэлхийг аварна” гэж эртний мэргэдийн зөгнөсөн эдгээр хүүхдүүд 70-аад оноос эхлэн олноор төрөх болсон гэлцдэг. Ийм хүүхэд гоц ухаантай болж, урьд хожид үзэгдэж дуулдаагүй шинэ техник, технологи зохион бүтээж дэлхийг аварна гэж мэргэд зөгнөөгүй. Харин атгаг санаа, шунал тачаалаас ангид учраас тийм хүүхдүүд олонхи болоод ирэхийн цагт дэлхий аврагдана гэсэн санааг хэлсэн байдаг.
Монгол Улсын Парламентын хувьд сонгуулиас сонгуульд улам залуужиж байгаа. Төрийн эрхийг атгаж байгаа тэдэнд иргэдийн саналыг худалдан авдаг аргаа үргэлжлүүлэх боломж байсан ч энэ удаа тэгсэнгүй. Харин ч “Мөнгө тараахгүй”, “Худал амлахгүй”, “Санал худалдаж авахгүй” гэсэн шинэ сэргэг заалт бүхий, шударга бус байдал гаргасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх Сонгуулийн шинэ хуулийг баталлаа.
Мэргэдийн зөгнөлийн биелэл Монгол оронд минь тохиож байна уу гэсэн өөдрөг бодол төрөх болов. Одоо харин сонгогчид бид тэр тусмаа 70, 80, 90-ээд оны залуус бидэнд цэвэр төрийг цогцлоох боломж бүрдэж байна. Эрхээ эдэлж, хожим эргэн харахад “2012 оны усан луу жилийн сонгууль жинхэнэ хувьсгал байжээ” гэж нэрлэгдтэл хариуцлагатай хандацгаая” гэж. Тийм ээ. Аль намыг дэмжих нь хамаагүй. Залуус аа, сонгуульдаа оролцож, эх орныхоо эзэн нь юм шүү гэдгээ л батлаарай.
URL: