Эхлээд Монгол тулгатанд Жэки Чаныг, дараа нь Илюмжиновыг оруулъя

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцогчдын цар хүрээ ар халхаас давж, алс холын Америкт хүрлээ. Б.Лхагвасүрэн гуай энэ нэвтрүүлгээрээ ард түмнийг соён гэгээрүүлж, Монгол үндэстний тулгыг маналцах 100 эрхмийг гаргана гэж олноо тунхагласан.

Гэтэл Монгол түмний хайр бахархлыг хүлээсэн 100 эрхмийн тоонд Америкийн алдарт жүжигчин Стивен Сигал тууж явах юм.

Тэрбээр аль хэдийн нэвтрүүлэгт оролцоод, монгол эхнэртэйгээ гэртээ харьсан. Урьд нь тэрбээр Монголд ирээд буцахдаа хацар гоо охиныг нь аваад явсан. Харин энэ удаа монгол түмний тулгыг манах 100 эрхмийн тоонд багтаад буцлаа. Өөрийгөө монгол цустай гэсэн бүхэнд халуун голомтоо мануулах, хүндэтгэлтэй алдрыг хайр гамгүй өгнө гэвэл тив бүрээс тэр дундаа монгол гэх үндэстэй хэн бүхнийг урьж авч ирэх хэрэг гарна.

Сэдвээсээ бага зэрэг хазайя. “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэгээр Д.Дагвадорж аварга нэрлэгдэж, эфирийн голд уйлан байж элэг нэгтнүүдийнхээ дунд алдаад байсан нэр төрөө буцааж олох гэж ихэд хичээсэн гэдэг. Түүний ааг, омог эр бяраа өөрт таалагдаагүй бүхэнд гаргаж, залуу насны аагаар омгорхож яваа өнөөх хэрцгий, зан чанар огтоос үзэгдээгүй. Үнэхээр л гүтгүүлж, доромжуулсан бол нулимсаа урсган сэтгүүлчдэдээ гомдоод суух нь зохимжгүй. “Хуультай улсад амьдардаг аварга маань хүнийг хэвтэрт ортол нь зодож тархи толгойг нь хутгалж байсныг олон нийт, цагдаагийнханд мартагдаагүй л  баймаар” хэмээн хохирсон хүний ар гэрийнхэн туйлдсан гомдлоо илчилж байсан.

“Ич сэтгүүлчид минь ич” гэдэг үгээр сэтгүүлчдийн нийгэмд эзлэх байр суурийг түлхээд унагах шахсан ч аварга шиг нулимс дуслуулж, гомдоллоогүй л юм, үзэг нэгт нөхөд минь. За энэ ч яах вэ.

Стивен Сигал алдарт найрагч Б.Лхагвасүрэн гуайн таашаалд нийцэв үү, Монгол түмний сэтгэлд таацав уу. “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн тоонд багтах эцсийн шалгуурыг хэн тогтоов. Эсвэл мөнгөний нэвтрүүлэг болсон болоод ар халхын нутгаас оролцох эрхмүүд олдохгүй   мөнгөтэй гэсэн нь 100 эрхмийн нэгээр тодрох “сонин” уламжлал тогтов уу.

“Дэлхийн монголчууд” халхавч дор харахад зүс нь европ, халихад сүнс нь америк Стивен Сигалыг далдалж арай хүчрэхгүй нь. Би ч бас чихээ дараад, өөрийн шүтэн бишрэгч алдарт жүжигчнээ энэ нэвтрүүлэгт орохыг тухлан үзье гэж бодлоо. Даанч чадахгүй нь. Нэвтрүүлгийн нэрийг “Дэлхийг түших 100 эрхэм” гэж өөрчилбөл Стивен Сигал зэрэг Холливудад алдраа тахалсан “акул”-уудад нээлттэй, үзүүштэй сайхан явдал болох байх. Үнэхээр л Стивен Сигал монгол хүн юм бол өөр бас алдартай монгол цустан бий шүү, Лхагваа найрагч аа. Нангиад цустай ч монголчуудад хайрлагдаж чаддаг Жэки Чаныг дараа нь, Халимагийн экс Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг оруулъя. Тэдний зүс нь ядаж ази төрх­тэй юм.

Харин Стивен Сигалаар арай ч монголчуудыг соён гэгээрүүлж болохгүй ээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих