ТЭРБУМТНУУД ХАМГИЙН ОЛОНТОЙ 10 УЛС
Дэлхий даяар тодорхойгүй байдал ноёрхож, еврогийн бүс өрийн хямралд өртөж, Азийн эдийн засгийн өсөлт удааширсан хэдий ч манай гараг дээр тэрбумтнууд гэсэн ховор төрлийн хүмүүс урьдын адил байсаар байна.
Хямрал болж, банкууд дампуурч, засгийн газрууд өрөө барагдуулж чадахгүй болсон хамгийн хүнд нөхцөлд ч тэд тэсэн үлдэж чадсан нь гайхалтай. Түүгээр зогсохгүй, тэдний хөрөнгө нэг жилийн хугацаанд 14 хувиар буюу 760 тэрбум доллароор арвижиж, 6,19 триллион доллар гэсэн толгой эргэм их тоонд хүрчээ. Үүнээс гадна дэлхийн тэрбумтнуудын тоо 9,4 хувиар өсч, 2160 болсон тухай Wealth-X байгууллага мэдээлсэн байна. Энэ хүмүүс хаана амьдарч, аль улсад тэд олуулаа байна вэ?
Ингээд тэрбумтнууд хамгийн олноороо аж төрдөг 10 улсыг жагсаавал:
Жагсаалтын 10 дугаарт Канад улс орно. Тэнд албан ёсоор бүртгүүлсэн 40 тэрбумтан байдаг бөгөөд нийт хөрөнгө нь 105 тэрбум доллароор хэмжигдэж байна. Үүний сацуу Канад улс тус бүрийн хөрөнгө нь 30 сая доллар давсан, баян иргэдийнхээ тоогоор дэлхийд наймдугаарт ордог ажээ.Тэдний 0,8 хувь нь тэрбумтан бөгөөд тэдэнд чинээлэг иргэдийнх нь нийт 595 тэрбум долларын хөрөнгийн 18 хувь нь ногддог байна.
Есдүгээрт, нийт 300 тэрбум долларын хөрөнгөтэй 49 тэрбумтны эх орон болсон Бразил улс бичигдсэн нь Латин Америкийн орнуудаас эхний аравт багтсан цорын ганц улс юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Бразилийн тэрбумтнуудын хөрөнгө 3,5 хувиар өсчээ. 30 сая доллар давсан хөрөнгөтэй 4640 иргэнийнх нь хөрөнгө 865 тэрбум доллароор хэмжигдэж байна.
Швейцарь улс наймдугаар байрыг эзэлжээ. Банкуудын өлгий нутаг бөгөөд өнөөг хүртэл дэлхийн хамгийн тогтвортой эдийн засагтай орнуудын нэг болох Швейцарь улс нийт 125 тэрбум доллартой 57 тэрбумтантай. Дунджаар нэг тэрбумтан 2,2 тэрбум доллар өвөртөлсөн байдаг. Баячуудын тоогоор энэ улс дэлхийд долдугаарт орж байна. Тэдний тоо 5597 бөгөөд чинээлэг иргэдийнх нь хөрөнгийн 19 хувь ногддог аж.
Жагсаалтын долдугаарт Хонконг орсон байна. Албан ёсоор эх газрын Хятадаас хараат энэ бүс нутагт нийт 190 тэрбум долларын хөрөнгөтэй 64 тэрбумтан аж төрдөг. Хонконгийг Азийн санхүүгийн гол төвүүдийн нэг гэдэг учир үүнд гайхах явдалгүй юм. Тэрбумтнууд эдийн засгийн онцгой энэ бүсийн хамгийн баян оршин суугчдын хоёр хувийг эзэлдэг, харин нийт хөрөнгийн 40 хувийг эзэмшдэг байна.
ОХУ зургадугаарт бичигджээ. Энэ улсад нийт 380 тэрбум долларын хөрөнгөтэй 97 тэрбумтан байдаг. Тэд баян иргэдийн 8,5 хувийг эзэлж, нийт хөрөнгийн 60 гаруй хувийг эзэмшдэг байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд тэрбумтнуудын тоо 17-гоор нэмэгдсэн боловч хөрөнгийн нийт хэмжээ 29 хувиар багасчээ. Оросын 30 саяас дээш долларын хөрөнгөтэй хүмүүс нийтдээ 605 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй гэнэ.
Тэрбумтнууд хамгийн олонтой таван орны тоонд Энэтхэг улс багтдаг. Тус улсад нийтдээ 190 тэрбум долларын хөрөнгөтэй 109 тэрбумтан аж төрдөг аж. Эдийн засгийн хэмжээгээр Азид гуравдугаарт ордог Энэтхэг болон Япон, Хятадын баячууд бүс нутгийнхаа чинээлэг хүмүүсийн 75 хувийг эзэлдэг байна. Гэхдээ Энэтхэгт тэр баячуудын ердөө 1,4 хувь, харин нийт хөрөнгийн 20 хувь нь ногддог аж. Энэтхэгийн нэг тэрбумтан дунджаар 1,7 тэрбум долларын хөрөнгө зоорь хураажээ.
Жагсаалтын дөрөвдүгээрт Герман улс орлоо. Энэ улсын тэрбумтны тоо 137 бөгөөд тэд 550 тэрбум долларын хөрөнгийг хуваан эзэмшдэг байна. Герман нь тэрбумтан олонтой орнуудын жагсаалтад орсон еврогийн бүсийн цорын ганц орон болов. Тус улсын 137 тэрбумтан нь 30 саяас дээш долларын хөрөнгөтэй баячуудынхаа нэг хүрэхгүй хувийг эзэлдэг ч нийт хөрөнгийн бараг 27 хувийг эзэмшдэг. Тус улсын баячууд хамгийн олноороо оршин суудаг гурван хот бол Мюнхен, Дюссельдорф, Хамбург аж.
Гуравдугаарт Их Британи жагсаж байна. Нэгдсэн Вант Улсад нийт 430 тэрбум долларын хөрөнгөтэй 140 тэрбумтан амьдардаг. Европт хамгийн олон тэрбумтантай тус улс Германы үзүүлэлтээс гурван хүнээр олон ч, хөрөнгийн хувьд 120 тэрбум доллароор хоцорчээ. Их Британийн тэрбумтнууд 30 сая доллароос их хөрөнгөтэй хүмүүсийн 1,3 хувийг эзэлдэг байна. Тэдэнд баячуудын хөрөнгийн 33 хувь буюу дунджаар нэг тэрбумтанд 3,1 тэрбум доллар ногддог байна. Баячуудынх нь хөрөнгө өмнөх онтой харьцуулахад бараг дөрвөн хувиар, тоо нь 0,2 хувиар өсчээ.
Хоёрдугаар байрын болзлыг Хятад улс хангасан байна. Энэ улсад 147 тэрбумтан аж төрж, 380 тэрбум долларын хөрөнгийг хуваан эзэмшдэг. Тэд баячуудын 1,3 хувийг эзэлдэг ч нийт 1,58 триллион долларын хөрөнгийн 24 хувийг эзэмшдэг байна. Хятадын нэг тэрбумтанд дунджаар 2,6 тэрбум долларын хөрөнгө ногддог аж.
Эцэст нь жагсаалтын тэргүүн байрыг нийт 2,05 триллион долларын хөрөнгө эзэмшдэг 480 тэрбумтантай АНУ эзлэв. Эдийн засгийн хүнд үе тохиосон хэдий ч сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-д тэрбумтны тоо 25 хүнээр буюу 5,5 хувиар нэмэгдэж, хөрөнгөнийх нь хэмжээ найман хувиар өссөн байна. 30 саяас их долларын хөрөнгөтэй баячуудын нэг хүрэхгүй хувийг тэрбумтнууд эзэлдэг аж. Тус улсын баячуудын хөрөнгө 8,28 триллион доллароор үнэлэгддэг байна.
З.Амгалан
URL: