Хариуцлагагүй уул уурхайгаас болж байгаль орчин сөнөж байна, сайдууд аа

Баруун аймгууд нинжагийн гарт өртсөөр эрүүл газар үлдэхгүй нь

Баруун аймгуудын нутаг гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанд өртөж дуусах нь бололтой. Говь-Алтай аймгийн Бигэр сумаас эхэлсэн нинжа нарын бүлэглэл Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сум, Увс аймгийн Өмнөговь сумаар дамжиж, Ховд аймгийн Дөргөн суманд “саатаад” байна. Гурван аймгийн нутаг дамжин байгаль орчныг сүйтгэж, Дөргөн суманд төвхнөөд байсан нинжа нарыг саяхан цагдаагийн хүчээр хөөжээ. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл. Цагдаа явлаа, нинжа нар эргээд л ирнэ. Цагдаа нар хэзээ явахыг  уулын цаанаас дурандаад сууж байдаг нь хэвийн үзэгдэл болсон.

Нинжа нар энэ мэтээр хэдхэн сарын дотор дөрвөн аймгийн нутгийг сүйтгээд байгааг  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай цацлаа. Харамсалтай нь, үүнийг анхаарч байгаа яам, агентлаг  алга. Уг нь уул уурхай, байгаль орчныг тойрсон энэ асуудлыг Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар гээд өчнөөн байгууллага хариуцдаг байв. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр шинэ бодлоготой  болж, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилчихөөгүй бол шүү дээ.

Байгаль орчин сүйтгэгдэж байна гэдэг талаасаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хамаарах бол хариуцлагагүй уул уурхай буюу гар аргаар алт олборлогчдын хийсэн үйлдэл гэдэг утгаараа Уул уурхайн яаманд хамаатай. Товчхондоо хариуцлагагүй уул уурхайгаас болж баруун аймгуудад  байгаль орчин тун эмгэнэлтэйгээр сүйдээд байна. Энд нэг аймгийн нэг суманд үүссэн асуудал яригдаагүй. Баруун зүгийн дөрвөн аймгийн сумдад өрнөж буй байгаль орчин сүйтгэдэг нинжа нарын хор хөнөөлийн тухай яригдаж байгаа юм.

Гэвч баруун зүгийнхэнд гамшиг дагуулж буй нинжа нарын тарьсан балгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нарын хэн нь ч ойшоож үзсэнгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгыг Ховд аймгийн Дөргөн суманд ажилласныг эс тооцвол салбар хариуцсан яамд нь юу ч хийсэнгүй. Б.Тулга дэд сайд тэнд очоод ямар ажил амжуулж, юу шийдээд ирсэн нь бас л тодорхойгүй.

 

Энд хийх ажилгүй хүн тийшээ дэмий тэнэж яваад ирсэн биз гэх хүн ч байсан. Ерөөсөө л салбарын яамд нь “Завхан, Ховд, Увсад болсон асуудал юм чинь нутгийн иргэд нь өөрсдөө учраа олог” гэж байгаа юм шиг авирлаж байна.

Д.Ганхуяг, С.Оюун нарын хувьд ажлаа аваад дөрвөн сарын нүүрийг үзлээ. Завхан аймгийн Ургамал суманд нинжа нар ид бужигнаж  байхад, Ховд аймгийн Дөргөн суманд нинжа нар орохоос өмнө ажлаа авсан гэсэн үг л дээ. Харин сайдууд лав л өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 1500 нинжагийн гарт сүйтгэгдэж, 250 гаруй машины дугуйнд талхлагдсан тэр нутаг орны талаар ам нээсэнгүй.

Нинжа нарт газар нутгаа сүйтгүүлээд, онгойсон нүхтэй сийчүүлсэн газар сахиад үлдсэн тэдгээр нутгийн хүмүүс “Шинэчлэлийн Засгийн газар ямар хүмүүсийг сайд болгочихсон юм бэ” хэмээн халаглаж сууна лээ.

Мэдээж, улстөрийн жижиг хүчнүүдийг албан тушаалаар хуурч байж, өнөөдрийн ганхаж ядаж буй шинэ Засгийн газрыг бүрэлдүүлсэн нь маргашгүй үнэн. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хувьд угаасаа нам нь ялсан учраас чаддаг ч бай, чаддаггүй ч бай энэ зэргийн албан тушаалд очих л хүн юмсанж.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны тухайд ард түмэн арай өөр бодолтой байсан. Эмэгтэйчүүдийг төлөөлж олон жил төр түшилцсэн түүнийг сайд болоход гайхах хүн байгаагүй. Геохимич мэргэжил эзэмшсэн тэрбээр өнгөрсөн жил болсон болоогүй Ногоон намтай нэгдэж, ногоон байгаль, эко орчны тухай ярьсаар ирсэн. Тиймдээ ч УИХ-ын сонгуулиар ард түмнээс боломжийн оноо зулгаасан шүү дээ. Гэвч өнөөдөр БОНХ-ийн сайд С.Оюуныг энэ ажлыг хийж чадаж байгаа эсэхэд эргэлзэх хүн олон болжээ.

УИХ-ын сонгуулийн үеэр хэсэг бужигнасан Д.Ганхуяг, С.Оюун нар Засгийн газрын танхимд багтах гэж  хэсэг  үзэлцсэн. Хүссэндээ хүрч, тэд Уул уурхайн сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд гэх хариуцлагатай албан тушаалд томилогдсон билээ. Тэгвэл одоо намыг нь гишүүдтэй нь сонгож, дугуйлсан ард түмэн одоо тэднийг ажлаа хийхийг хүлээж байна.

 

Гэвч энэ хүлээлт ойрын хугацаанд хэрэгжихгүй нь. Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед нэг нь намын дарга, нөгөө нь намдаа үнэнч, идэвхтэн гишүүн юм болохоор төрийн ажлыг бас л цалгардуулж явна.

Байгаль орчин, газар нутаг гэдэг бол өнөөдрийн монголчуудын ганц нандин өмч. Ард түмэнд өөр юу ч байхгүй. Тиймээс нутгийн иргэд, малчид түүнийгээ хамгаалахын тулд зэвсэг барихаас бусдаар нь тэмцэж байна. Энэ их хичээл зүтгэлийг нь салбар хариуцсан яамны сайдууд нь дэмжихгүй байгаад баруун аймгийнхан сэтгэл гонсгор сууна лээ.

Ямартай ч “намын дарга сайд”, “намын идэвхтэн сайд” хоёрт ард түмний сонголт зөвхөн УИХ-ын сонгуулиар хязгаарлагдаагүй шүү гэдгийг энэ дашрамд дайчихъя.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих