“Гэртээ хүрэх зам” Б.Амархүүгийн талаарх таагүй бодлуудыг салхинд хийсгэлээ
“Гэртээ хүрэх зам”-ын үзэгчид суудлаа эзэлжээ. Гэвч тоглолт товлосон хугацаанаасаа цаг хэртэй хоцорч, үзэгчдийг багагүй бухимдуулав. Үзэгчид арга барагдсандаа ч юм уу, бухимдсандаа ч тэр үү, “Амархүү энд байна уу” хэмээн хашхиралдаж, шүгэлдэж, алга ташин, тоглолтоо эхлэхийг “эелдэгхнээр” шаардаж байв.
19.45 минутад тайзны гэрэл асч, ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүүг орос бүжигчдийн хамтдаа тайзнаа “морилсон” юм. Хэдхэн хормын өмнө “Орост олон жил ажиллаж, амьдарсан хүн цагаа барина байх гэж бодсон маань талаар боллоо” хэмээн бухимдаж суусан үзэгчид эхний дуу дуусахад “Ура” хашхиран, алга нижгэнүүлж, сэтгэл нь догдолсондоо суудал дээрээ өндөлзөж байгаа харагдсан.
Б.Амархүү охинтойгоо хамтрав
Дуучин залууг “Надад итгээч” дуугаа эгшиглүүлэх үеэр Б.Амархүүд цэцгийн баглаа бэлэглэсэн бяцхан охиныг хэн ч онцгойлон анхаарсангүй. Харин Б.Амархүү дуулж дуусмагцаа “Сая надад цэцэг өгсөн охиныг та бүхэн таньж байна уу. Миний охин шүү дээ. Анука, миний охин. Гараад ир ээ” гэх нь тэр.
Үзэгчид гайхширал, тээнэгэлзэлд автан, танхимд хэсэг зуур чимээгүй байдал танхимд ноёрхов. Үзэгчдийн суудлаас тайзыг чиглэн гүйх бяцхан охин дээр бүх хүний харц тогтжээ. Анукаг тайзан дээр гарч ирсний дараа Б.Амархүү түүнийг тэврэн үнсээд “Та бүхэн санаж байгаа бол Анука бид хоёр “Татар ажиллагаа” кинонд хамтран тоглосон доо” гэхэд үзэгч бүсгүйчүүд сая л уужуу амьсгаа авах шиг болсон.
Б.Амархүү “Моя Мария” дууг эгшиглүүлж, тэрхүү дууны аянд Анука тун ч чадварлаг бүжсэн нь үзэгчдэд тун ч их таалагдсан юм.
Хүмүүс түүний ээжийг найз охинтой нь андуурдаг
Тоглолтын бараг л 70 хувь нь орос дуунаас бүрдсэн бөгөөд “Бүх Оросын шилдэг дуучин шалгаруулах телевизийн шоу”-нд ялалт авч ирсэн “Не надо слов слышишь”, зүрхнээ баяр, гуниг дуудсан аятай “Мама” дуунууд үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөвөлзүүлсэн.
Б.Амархүү “Мама”-г дуулсныхаа дараа танхимын дундуур нүдээ хэсэг бэлчээсний эцэст “Миний ээж энэ танхимд сууж байгаа. Даанч би ээжийгээ хайгаад олдоггүй ээ” хэмээн үзэгчдийг хөгжөөв. Удалгүй арын суудлаас нэгэн бүсгүй босч ирэхэд дуучин залуугийн нүднээ оч гэрэлтэх шиг л болж, баглаа цэцэг барин өөдөөс нь гүйлээ. Яг л ээж рүүгээ тэмүүлэх жаахан хүүхэд шиг.
Дуучин залуу “Энэ миний ээж шүү дээ” хэмээгээд, нэгэн хөгжилтэй дурсамжаа үзэгчидтэй хуваалцсан юм.
Б.Амархүү ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин болсныхоо дараахан эх орондоо ирээд, ээжийнхээ хамт Улсын их дэлгүүр орж л дээ. Гэтэл нас тогтсон орос хүн түүнтэй уулзаж, гар бариад “Чиний найз бүсгүй үнэхээр, үнэхээр хөөрхөн юм” хэмээсэн байна.
Хамгийн чадварлаг бүжигчин нь Б.Амархүү
Б.Амархүү энэ үдшийн туршид зарим хүний нүдэнд “хайр зарлагч”, нөгөө хэсэгт нь “хамгийн шилдэг шоучин” болж харагдав бололтой.
Учир нь, тэрбээр байсхийгээд л “Шилмэл загвар” ХХК, “Женко”-гийн Х.Баттулга, ах дүү, хамаатан садан, монгол түмэндээ “хайртай”-гаа илэрхийлж байв. Хэзээнээсээ “Хайртай шүү” гэж налигнах дургүй монголчууд энэ бүхэнд тийм ч таатай хандсангүй. “Энэ бол зүгээр л шоу. Оросын шоу бизнест долоон жилийн турш “зүтгэсэн” гэсэндээ овоо юм сурчээ” хэмээн ёжтой өгүүлэх нь тодхон сонсогдож байв.
Гэвч Б.Амархүү дуулахын зэрэгцээ орос, монгол бүжигчидтэй хөл нийлүүлэн бүжиж, түүнд “хайр зарлагч” бүсгүйчүүдийн зүрхийг улам ч догдлуулаад амжсан. Танхимд цугларсан олон “Б.Амархүү үнэхээр сайн бүжиглэдэг юм байна” хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, залуу охид хөдөлгөөн бүрийг нь нүд салгалгүй ажиглаж байсан юм.
Дахиад л шоу юу
Дуучин Б.Амархүүгийн тоглолтын тайзыг “Шилмэл загвар”-ын загвар өмсөгчид, “Гурван охин”, “Киви”-гийн бүсгүйчүүд, ОХУ-ын “Зэрлэг сувд” хамтлагийн бүжигчид, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ гээд олон сонирхолтой, гайхамшигтай зочид чимсэн.
Гэвч улаан даашинзтай, өндөр гоолиг бүсгүй Б.Амархүүгийн хамт цоо шинэ дууг энэхүү тоглолтын тайзнаа анх удаа амилуулсан нь юу юунаас илүү үзэгчдийн анхаарлыг татсан юм. Дуу дууссаны дараа дуучин залуу өнөөх бүсгүйг тайзнаа буцаан урьж “Миний хайртай бүсгүй” хэмээн танилцуулав. Тэрбээр “Бид хоёр монголчууддаа зориулаад ийм дуу хийсэн, тийм ээ. Хайр аа” хэмээн наалинхайтаж, найз бүсгүйгээ тэврэн үнссэн.
Харамсалтай нь, энэ бүхэн олон хүнд таалагдсангүй бололтой. Учир нь, 2008 онд Б.Амархүү Ольга хэмээх орос бүсгүйг эх орондоо дагуулан ирж, хэвлэлийн хурал зарлан, “Миний найз бүсгүй” хэмээн танилцуулж байсныг санагдуулав.
Тэгээд ч найз бүсгүй, гэргийгээ тайзан дээр гаргаж ирэн танилцуулдаг моод монголчуудад тийм ч танил бус. Угаас даруухан манай урлагийнхны хэн нь ч хэвлэлийн хурал зарлаж, найз бүсгүйгээ тайзан дээр гаргаж, фэнүүдтэйгээ танилцуулж байгаагүй. Энэ ч утгаараа “Дахиад л шоудаад эхлэх шив. Хоёр жилийн дараа гэхэд дахиад л өөр бүсгүй хөтлөөд, “Миний хайртай хүн” гээд зогсож байх биз” хэмээн шивэр авир гэлцэж байсан юм.
Хэдэн жилийн дараа загвар өмсөгч О.Ариунзул Ольга хэмээх бүжигчин бүсгүйн адил мартагдах уу, эсвэл Б.Амархүүгийн гэргий болж, галыг нь манах уу гэдгийг гагцхүү цаг хугацаа харуулах болов уу.
Б.Амархүү “Гэртээ хүрэх зам”-аа дөтөллөө
Дуучин залуу монголоор ярих гэж ёстой л монгол хэлний утгыг алдагдуулж байсан юм. Сайхан дурсамж, сэтгэлийн хөдөлгөөнөө үзэгчидтэйгээ хуваалцах гэсэн сэтгэл нь сайхан ч эгээ л монгол хэл анхлан сурч байгаа гадаад хүн шиг ярих нь нас тогтсон хүмүүсийн эгдүүцлийг хүргэж байгаа нь илт байв. Гэвч “Гэртээ хүрэх зам дэндүү хол
Гэм хийсэн мэт аньсага минь нойтон…” хэмээн дуулж эхлэх агшинд хүн бүр бодолд автаж, танхим нам гүмд автсан юм. Үзэгчид дууны үг бүрийг анхааралтай сонсож, төрсөн нутгаа сэтгэлдээ зураглан байх мэт.
Дуу дуусах агшинд яагаад ч юм, Б.Амархүүгийн талаарх таагүй бодол бүхэн салхинд хийсчих шиг л болсон шүү. Тэрбээр тоглолтын үеэр танхимын дундуур гүйн, болж өгвөл хүн бүртэй гар барьж, бяцхан хүүхдүүдийг тэвэрч үнсэн, үзэгчидтэйгээ “амьд” харилцаа үүсгэж байлаа. Энэ нь ч олон жил хүний нутагт амьдарч, ард түмэн, монгол ахуйгаасаа хөндийрсөн түүний гэртээ, монголчуудынхаа сэтгэлд хүрэх замыг багагүй дөтөлсөн биз ээ.
Тиймээс ч “Тоглолт цагтаа эхэлсэнгүй” гэж бухимдаж, “Хайран монгол хэл минь” хэмээн халаглаж, “Сайхан монгол охиноор шоудлаа” гэж эгдүүцэж суусан үзэгчид концертын танхимаас гарахдаа бүгд Б.Амархүүд “хайр зарлачихсан” байлаа. Тэд “Чадварлаг залуу, Монголын бахархал” хэмээн ам булаалдан ярилцаж, зарим нь
“Ижийдээ хүрэх зам дэндүү хол
Энгэрийн ганцхан товч мэт нутаг минь өнчин” хэмээн аялсаар гэр гэрийн зүг одоцгоосон юм.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: