Монгол цэрэг өвчний улмаас нас барсан гурав дахь тохиолдол гарав

Зэвсэгт хүчний жанжин штабаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж явсан албан хаагч нас барсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар өчигдөр ЗХЖШ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сургалтын процесс хангах салааны зенитийн салаанд сумлагч-жолоочоор ажиллаж байсан ахлагч Г.Мөнх-Эрдэнэ энэ сарын 13-нд өвчний улмаас нас баржээ. Тэрээр Өмнөд Судан улсын Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын баазад ойрын болон холын эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан аж.

Энэ сарын 13-нд тэрээр гэнэт муудан таталт өгч эх­лэхэд эмнэлгийн анхан шат­ны тусламж үзүүлж, Кам­бож улсын хоёр дахь шат­­лалын эмнэлэгт хүргэсэн байна. Яаралтай эрчимт эмчилгээ хийсэн ч зүрхний архаг ду­тагдал буюу зүрхний шиг­дээс өвчний улмаас нас баржээ.

Энэ нь Монгол улсын цэргийн албан хаагчид 2002 оноос хойш энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсон цагаас хойш энхийг сахиулагч өвчний улмаас нас барсан гурав дахь тохиолдол ажээ.

Тэрээр 1978 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. 2006, 2009 онд Сьерра-Леон улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн II, VIII ээлжинд үүргээ амжилттай биелүүлэн “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын медаль I, II, “Эх орны төлөө III” хүндэт тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.

Талийгаачийг өнгөрөгч амралтын өдөр Туркийн агаарын тээврийн онгоцоор эх оронд нь авчирсан бөгөөд ар гэрийнхнийх нь хүсэлтээр Ховд аймагт хүргэсэн байна.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих