”Төрийн банк”-нд санхүүжилт ороогүйн улмаас 3000 өрхийн зээл шийдэгдээгүй гацжээ

Бага, дунд орлоготой иргэдийг “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамруулах шийдвэр өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Гэвч Засгийн газраас зарласан уг зээлийн санхүүжилт зогссоноор байртай болох гэсэн иргэдийг багагүй сандраав. Энэ асуудалтай хол­богдуулан өчигдөр зарим иргэд мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж буйгаар зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахын тулд амьдарч байсан хашаа байшин, үл хөдлөх хөрөнгөө худалдаж байрны урьдчилгаанд төлжээ. Харин “Төрийн банк”-ны зүгээс санхүүжилт зогссон учир иргэ­дийг материалаа эргүүлэн авахыг хүссэн аж. Тиймээс тэдний зүгээс Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсон байна. Уг шаардлагад, энэ сард багтаан зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэнээ уламжилжээ. Түүнчлэн УИХ Засгийн газраас гурав хоногийн дотор багтаан уг шаардлагын хариуг өгөхийг шаардаж буйгаа ч тэд мэдэгдэв.

Хашаа байшингаа худалдаж байрны урьдчилгаанд 15 сая төгрөг төлсөн иргэн М.Мөнхзаяа “Би зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл шийдэгдэхэд нөхөртэйгөө ярьж сайн судалсны эцэст Толгойтод байрлалтай хашаа, байшингаа 25 сая төгрөгөөр худалдаж, тал мөнгөөр нь цалингийн зээлээ төлчихөөд орон сууцны урьдчилгаанд 15 сая 700 төгрөг төлсөн. Бид “Жоннатан” ХХК-ийн “Саруул тэнгэр-2″ хотхоноос байр авахаар 23 хувийн урьдчилгаа төлсөн. Гэтэл өнгөрсөн сард “Төрийн банк”-наас “Санхүүжилт зогссон тул материалаа авна уу” гэсэн. Үүнээс болоод бид байр болон зээлээ хүлээгээд айлын хажуу өрөөг сард 250 мянган төгрөгөөр түрээслэн амьдарч байна. “Төрийн банк”-наас мате­риалаа ирж ав гэхэд бид бусад арилжааны банкны орон сууцны зээлийг судалсан.

Тэгэхэд “Хас” банк 12 хувь, “ХААН” банк 2Т хувь, “Худалдаа хөгжлийн банк” гэхэд 19.2 хувийн хүүтэй байсан. Бидэн шиг бага, дунд орлоготой өрх энэ зээлд хамрагдах боломжгүй. Харин зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой байна. Энэ тухайгаа гэрээ байгуулсан барилгын компанидаа учирласан. Тэдний зүгээс уян хатан хандаж хамгийн гол нь санхүүжилт шийдэгдэнэ гэсэн шийдвэр гарвал зээлийн болзол хангасан зээлдэгчийг арванхоёрдугаар сард ашиглалтад орох байрандаа оруулахад бэлэн гэдгээ хэлсэн” хэмээв.

Түүнчлэн иргэд “Төрийн банк”-нд материалаа өгснөөс хойш сарын дотор шийдэгдэнэ гэсэн ч одоо зургаан cap болж байна хэмээн бухимдуу ярьж байлаа. Мөн энэ асуудлаар “Төрийн банк”-ны захирал, н.Лувсанпэрэнлээтэй уулзахад, “Жоннатан” ХХК-ийн лимит дууссан байна. Тэгээд ч сан­хүүжилт зогссон тул баталгаа гаргаж та бүхний материалтай танилцах боломжгүй гэсэн хариулт өгсөн гэлээ. Байртай болох гэсэн иргэд “Жоннатан” компани мэхэллээ гэж бодоод тус компанийг судалжээ. Энэхүү компани 346 айлын квоттой бөгөөд тус компанид дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт орсон байж.

Одоогоор тус ком­панид 160 гаруй өрх л хандсан учраас 2013 онд ч хамаагүй санхүүжилт шийдэгдэнэ гэвэл ирэх сард ашиглалтад орох байрандаа оруулж болно гэдэг нь тодорхой болсон байна. Одоогийн байдлаар санхүүжилт гацсанаас болоод “Жоннатан” компанийн 80 өрхийн асуудал болон бусад компанийн 3000 өрхийн зээл шийдэгдээгүй байгаа аж.

Л.ХИШИГ

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих