Сонгуулийн сурталчилгаа ба Төр мөрөөдсөн нь …

Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сурталчилгаа, эхэлж хуулинд заасан хугацаа дуусахад цөөн цаг үлдлээ.

Өнгөрсөн хэд хоногт хэвлэлийн хуудас, телевиз, радио, интернэт, сайт, хувийн фэйсбүүк, хашаа, самбар гээд сонгуульгүй, сурталчилгаагүй цаг минут гэж харагдсангүй.

Нам болон нэр дэвшигчдийн дэвшүүлсэн уриа, үгэн цэцэрхэл, толгой холбосон лоозон, дуу, клип, реклам, хэвэлмэл хуудас, өрсөлдөгчөө үгүйсгэсэн дайралтууд гээд урьд хожид үзэгдээгүй ширүүн тулаан болж, өндөрлөх талруугаа хандлаа.

Уриа лоозонгуудын зарим хэсгийг бичиж, шүүмжлэхгүй бол болохгүй нь ээ.

Уучил нь биз зохиогчид болон РR-чид аа.

Жишээ: “Хяналтгүй төрд хазаар, хазааргүй төрд чөдөр”,

“Тонгочиж биш, тогтвортой хөгжүүлнэ”,

“Сунгах уу, сонгох уу?”,

“Мөрөөдлөө хамгаалцгаая”, бүр цаашилбал “Тээвэрчин, хурандаа, толгойтын ……………… би”,

“Олуулаа юу? цөөхүүлээ юү?” гэх мэт бичээд байвал хошин шогийнхонд нилээд хэдэн удаагийн тоглолтын сэдэв өгөхөөр уриа, лоозон дэвшүүлэн тулалдлаа.

Сурталчилгааны хэлбэрүүдээс хамгийн ноцтой эрх зүйн болоод нутаг дэвсгэр, улс төрийн хариуцлага дагуулсан гэж хэлж болохоор самбарыг байрлуулсан байх юм. Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын 2 сайдын хамт 3 авахуулсан зураг бүхий самбарт “Хан-Уулыг Засагт ч илүү дэмжинэ” гэж ил тод бичжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, сайд нар өөрийн дэмжихийг хүссэн дүүрэг, нутаг дэвсгэрээ ил ялган зарласан нь анхных байх шүү бараг. Ер нь нууцаар шахуу өөрийн ирээдүйд нэр дэвших тойрог хэсгээ усалж, тойрч, тойголдогоос ил зарлаж байх нь дэлхийн аль ч оронд хориотой шахуу хууль юм даа. Ядаж л тухайн эрхэлж буй улс төрийн албан тушаал, хамаарах хүрээ, хязгаар, цаанадаж тухайн улсын үндэсний аюулгүй байдал гэж томоохон зүйлтэй тулгарна. Бүр гүнзгийрээд Монгол улсын иргэн гэдэгт шиг “Хан-Уулын иргэн”, “Өмнөговийн иргэн” гэж онцолж, давуу эрх бүхий статус бий болох замыг нээж байгаа юм биш биз. Монгол Улсын иргэн хэмээх нийтлэг эрх ашиг байдгаас тэр уулын, энэ жалганы эрх ашгийг хамгаалах, онцлох эрх тэдэнд Үндсэн хуулиар олгогдоогүйг анхаарах л ёстой.

Энэ дэлхийн 6 тэрбум гаруй хүн өөр өөрийн мөрөөдөлтэй, мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэмцэж, зүтгэдэг нь жам.

1963 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, уран илтгэгч Мартин Лютер Кинг хүн бүхний сэтгэлд “оч асаасан” энэхүү алдарт “I have dream” хэмээх ишлэл, илтгэлийг мэдэхгүй, сонсоогүй хүн Монголд байхгүй цөөн болсон.

АНУ-д он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан улс болох замд хөтөлж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн “амьд домог”-уудын нэг. Тэрээр хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийн чин зоригоо үнэлүүлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд авч, шагнал хүртсэн хамгийн залуу хүнээр тодорч байсан түүхтэй.

Энэ бол Мартин Лютер Кингийн мөрөөдөл байсан, биелэгдсэн мөрөөдөл, тэр төр байгаагүй, төрийг төлөөлөөгүй, тэр галтай, цогтой тэмцэгч хувь хүн байсан.

Мөрөөдөл бол хувь хүний чөлөөтэй сэтгэх, бодох эрхэнд хамааралтай сэтгэлгээний эрх чөлөөнд тулгуурласан ойлголт болохийг сэтгэл судлаачид, мэргэжилтнүүд онцолж байсныг санаж байна. Харин “Америк хүсэл мөрөөдөл” буюу “The American Dream” гэсэн ойлголт байдаг нь Америкийн иргэн бүрийг мөрөөдөлтэй байлгаж, түүнийхээ төлөө цуцалтгүй тэмцэх, урам зориг, эрч хүч нэмэхэд чиглэгдсэн, иргэддээ төрийн зүгээс хандсан зорилтот бодлого, бахархалт, үнэт зүйлсийг бий болгох хөшүүргэ байсан, байсаар ч байгаа.

Харин манай Монголд, Монгол Улсын Нийслэлд, нийслэлийн удирдлага, төр, захиргааны байгууллагаас 2012-2016 он буюу 4 жилийн хугацаанд хийх ажлаа “Мөрөөдөл” нэрээр танилцуулж, зарлаж, бүр 2040 он хүртэл сунгаж, олимийн тоглолт хүртэл хийхээр төлөвлөснөө мөрөөдөн мэдээлж байхыг харлаа, сонслоо, үзлээ.

Монгол Улсын төр мөрөөдөхдөө “Аж ахуйн болоод бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бүхий л хөтөлбөр, төлөвлөлт, төслөө “Мөрөөдөл” хэмээн нэрлэж, зарим хэсэгт нь төсөв суулган тодотгож, “Мөрөөдлөө хамгаалцгаая” хэмээн уриалж байгааг сонсоод ичих, гайхах, айх зэрэгцсэнийг нуугаад яахав.

Ямар ч улс орны хөгжлийн асуудал нь нарийвчилсан тооцоо, судалгаа, үндэслэл бүхий тоо баримтанд тулгуурласан хэрэгжих боломжтой хөтөлбөр, мэргэжилтнүүдийн төлөвлөлт байдаг бөгөөд төлөвлөгөөт ажилд шаардагдах хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, үр ашгийн бодит тооцоонд суурилагдсан бичиг баримт байдгыг манай улс төрчид сайн ойлгодоггүй бололтой.

Өөрөөр хэлбэл хэдэн онд, ямар төсөл, бүтээн байгуулалтын ажлыг хэдий хэмжээний хөрөнгөөр гүйцэтгэх, тухайн хөрөнгийг аль эх үүсвэрээс бүрдүүлэх, эргэн төлөгдөх эсэх, эдийн засаг, бизнесийн үр ашиг бүхий төсөл бол ямар ашиг төсөвт, ямар хугацаа, дэс дараалалтайгаар орохоор төлөвлөгдсөнийг тодорхой тусгах учиртай.

Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, алба, хэлтсүүдээс гаргасан, нийтэд нээлттэй байгаа (интернэт сайтанд байрлуулсан мэдээлэл) бүхий л тогтоол, шийдвэрүүдийн бичилт, хэллэг, найруулгаас хайлт хийгээд нэг ширхэг ч “мөрөөдөл” гэсэн үг олдоогүйг онцлон хэлэх хэрэгтэй байх.

Монгол төрийн тогтолцоо, хууль тогтоомж, эрх зүйн бүхий л харилцаа зүй нь онолын хувьд зөв тавигдсан бололтой юм. Гэхдээ орон нутгийн сонгууль хаалга тогшиж байгаа энэ үед улс төрийн нам, нэр дэвшигч бүр сонгогдохын тулд бүх л арга чаргаа хэрэглэж, тэмцэлдэж, давуу байдалтай байгаа хэсэг нь давуу чанараа ашиглаж байгааг буруутгах аргаггүй ч Монгол төрийн ёс жаяг, уламжлалт хэв маягыг уландаа гишгэх үйлдэл бага гараасай гэж хүссэндээ нийтэд хандлаа.

Б.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих