Х.Тэмүүжин: Улс төр, бизнесийн гар хөл болсон хурандаа нарыг зайлуулсан
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзсан юм. Уулзалтын эхэнд тэрээр ”Би Говьсүмэр аймагт хоёр дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн хавар ирэхэд цөөхөн иргэдтэй уулзаж байлаа. Иргэд айдас, хүйдэстэй байсан. Төрийн албан хаагчид Засаг дарга мэдвэл ажилгүй болно, дарамтална, гадуур уулзаж болох уу” гэж байсан. Харин өнөөдөр Говьсүмбэр аймгийн иргэд заал дүүрэн сууцгааж байна. Манай нам сонгуульд орохдоо ард иргэдээ айдасгүй, аюулгүй орчинд амьдруулна гэж амласан. Түүний үр дүнгийн тодорхой илрэл болов уу. Би аль нэг намын Хууль зүйн сайд биш. 2,8 сая монголчуудын Хууль зүйн сайд. Тийм учраас Монгол Улсын иргэн бүр айдасгүй орчинд амьдрах ёстой. Ардчилал бол иргэдэд эрх чөлөө өгөхийг хэлж байгаа юм” гэв.
Ингээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин иргэдийн асуусан асуултад ийн хариуллаа.
-Эрүүгийн хуульд өөрчлөлт орох уу?
-Эрүүгийн хуульд өөрчлөлт орно. Өнөөдөр мөнгөгүй, танил талгүй хүмүүс шорон руу явж байна. Шоронд ороод засрах нь битгий хэл мэргэжлийн түвшний хулгайч, зальдагчид болоод гардаг байдлыг хална. Яг өнөөдрийн байдлаар 23 шоронд 7000 хоригдол ял эдэлж байгаа юм. Эдгээр хорих ангиудад төрөөс 23 тэрбум төгрөг олгодог байдлыг ч өөрчлөх хэрэгтэй. Ирэх жил Налайх дүүрэг хавьцаа 1500 хоригдлын багтаамжтай том хорих анги барина. Тэгэхээр есөн хорих анги татан буугдана гэсэн үг. Хоригдлуудыг зүгээр суулгахгүй ажил хийлгэнэ. Ажил хөдөлмөрч, нийгэмшсэн иргэд болгон хүмүүжүүлэх бодлого барина. Цаашдаа хорих ангиуд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах систем рүү шилжих болов уу. Монгол Улс цөөхөн шоронтой болно. Эмэгтэйчүүд, хүүхдийн шорон зайлшгүй байна. Хаалттай бүс гэдэг нэр томьёонд гяндан, онцгой дэглэмтэй хорих анги багтана. Нээлттэй бүсэд нь чанга, жирийн дэглэмтэй хоригдлууд ажил хийх юм. Нэг хорих ангид дунджаар 70 орчим албан хаагчид хорих ангиасаа гарах ч эрхгүй шийтгүүлдэг байдлыг өөрчилнө. Дээр нь гэмт хэрэгт холбогдсон хүнийг шоронд хийхээ урьтал болгохгүй. Ажил гэр гэсэн маршруттай цахилгаан гав ч хэрэглэж болно.
-Цагдаа нар их дээрэнгүй байх юм. Тэднийг өөрчилж болдоггүй юм уу?
-Улс төр, бизнесийн гар хөл болсон, тэдний хийсэн хэргийг үхэн хатан өмгөөлдөг хурандаа нарыг зайлуулсан. Иргэдэд битгий хэл ажилтнуудаа зоддог удирдах албаны нөхдүүдийг халсан. Цагдаа бол иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, хууль сахиулагч болно. Байгууллага асуусны төлөө “Би лавлах биш” гээд бороохойддог цагдаа байж болохгүй. Бүх иргэдээ хулгайч луйварчин гэж харж байгаа бол цагдаад ажиллахад төвөгтэй болно. Цаашдаа цагдаагийн албан хаагчийг 2,5 жилээр бэлтгэдэг болно.
-Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн захирал Х.Балсандорж АН-ын гишүүдийг шахан хавчаад байна. “Та нар АН-ыг дэмжих юм бол эхнэр хүүхдээ чирээд зайл” гэдэг.
-Намчирхдаг, үзэл бодлоор нь иргэдээ ялгаварладаг албан тушаалтнуудыг зайлуулах цаг болсон. Тэр цаг ирж байна. Авлигажсан, хууль дүрэмд захирагдахаа байчихсан хүн орон нутгийн сонгуулиар гараад ирвэл хэцүү шүү. Тиймээс та бүхэн нутгийн иргэдээ сонгоорой, Авлигажсан шуналтнуудыг битгий сонгоорой. Орон нутагт эрх мэдэл, эдийн засгийн боломжийг нь Шинэчлэлийн Засгийн газар олгож байгаа юм. Тэр эрх мэдэл, эдийн засгийн боломжоо хэн нэгний дарамтаас болоод булаалгаж болохгүй.
-Хуучин Засаг дарга маань “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордоос тасдаж аваад “Шинэ-Шивээ” компанид өгсөн. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нэг машин нүүрсгүй болчихоод байна. Орд газраа буцааж авч болох уу?
-Хуулийн хүрээнд шийдэгдэх боломжтой. “Шивээ-Овоо”-гийн орд газраас өгсөн шийдвэр цуцлагдах шатандаа явж байгаа.
-Манай аймгийн Засаг дарга шоронд орчихсон хэрнээ шоронгоос ИТХ-ын тэргүүлэгч С.Лувсанванданд гурван га газар өгөхөөр болсон байх юм. Ийм байж болох уу?
-Шоронгоос чөлөөт нийгэм рүү хандах эрх байхгүй. Хэрвээ ийм явдал гарсан бол хорих ангийн дарга нартай нь хариуцлага тооцно. Баримттай нь бичээд өгчих.
-Манай аймгийн ИТХ-ын дарга Г.Сайнбаяр татварын компаниудын тайланг гаргуулж үзээд сууж байх юм. Ингэж болох уу. Татварын байцаагч нь болохоор “Дарга шахаад байхаар гаргаж өгсөн” гэх юм.
-Наадах чинь хууль зөрчсөн асуудал байна. Надад бичээд өгчих. Уг нь бол ИТХ-аас гарч байгаа бүх шийдвэр “Иргэний танхим”-аар хэлэлцэгдсэн байх ёстой. Иргэд та бүхний өдөр болгон төр барих бололцоогоор хангахын тулд энэ танхимын утга учир оршиж байгаа юм шүү гэлээ.
Т.ЭРДЭНЭ
http://democrats.mn/index.php?coid=1626&cid=25
URL: