Н.Энхбаяр дарга бидэнтэй байнга холбоотой байгаа
Сангийн сайд Ч.Улаантай орон нутгийн сонгуулийн үйл явцын талаар ярилцлаа.
-Орон нутгийн сонгуультай холбоотой маргаан ихээр дэгдэж байна. Тэр тусмаа МАХН-ын нэр дэвшигчдийг хавчин, гадуурхлаа гэх мессэж сүүлийн үед газар авлаа. Өрөвдүүлэх гэсэн арга уу. Эсвэл байдал үнэхээр хүнд байгаа юм уу?
-Манай намаас нэр дэвшиж буй хүмүүс бол ард түмний дунд ажиллаж, амьдарч яваа энгийн иргэд. Гэтэл аливаа албан тушаалтнууд тэдэнтэй ард иргэдийн төлөөлөл гэдэг утгаар нь хоёрдугаар зэрэгт тавин, харьцаж байгаа явдал гарч байна. Өөрөөр хэлбэл, дунд болон доод түвшинд эрх барьж буй намын төлөөллүүд МАХН-ын нэр дэвшигчдийг элдвээр хавчиж шахан, сонгуульд оролцуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг явуулж байна.
Бид олон түмнээр өрөвдүүлэхийн тулд энэ мэтийн явуургүй арга хэрэглэхгүй. Тэр тусмаа шударга ёсны төлөө ажиллах уриалга, зорилготой учраас бид хэн нэгний сэтгэл хөдлөл рүү бус алсын хараа, зорилго руу ханддаг.
Олон газар ямар нэгэн байдлаар шүүхэд хандчихсан. Анхан шатны шүүхээс “Сонгуульд оролцуул” гэсэн шийдвэр гарахаар давж заалдана гээд хугацаа хожих явдал зөндөө гарч байна.
-Гэхдээ бүх газар хууль зөрчөөгүй нь тодорхой. Бичиг баримтын бүрдүүлэлтээс эхлээд алдаа гаргасан тохиолдол байдаг л юм билээ?
-Сонгуульд өрсөлдөгчгүйгээр оролцож, одоогийн хашиж буй албан тушаалаа алдахгүйн тулд, эсвэл ямар ч хамаагүй үнээр эрх мэдэл олж авах гэсэн бурангуй, балмад үйл ажиллагааг анхан болон дунд шатанд явуулсаар байна.
Энэ мэтчилэн асуудлаас болоод сонгуулийг хугацаанд нь явуулж чадах уу үгүй юу гэдэг асуудал ч гарч байна шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан, Үндсэн хууль зөрчиж байна. Цаашид орон нутгийн сонгуулийг хэвийн явуулах боломжийг санаатай алдагдуулсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэж бодож байгаа.
-“Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар тодорхой хэмжээний амжилттай оролцсон. Тиймээс энэ удаа ч мөн ялах ёстой гэдэгтээ бат итгэчихээд муйхарлан дайраад байгаа юм биш үү?
-“Шударга ёс” эвсэл бүх түвшний сонгуульд оролцож, дандаа эрх баригч болно гэсэн бололцоо хязгаарлагдмал. Гэхдээ оролцож буй түвшиндээ эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа хоёр намын хоорондын тэнцвэрийг барих, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ард түмний хяналтыг оруулах зорилго тавьж байгаа.
Энэ зорилтдоо хүрэхийн тулд иргэддээ л тулгуурлаж байна. Тиймээс амьдралын төлөө сонгогчидтой мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Тэд амьдралыг илүүтэй мэдэх учраас иргэдээ ойлгоно, мөн үгээ зоригтойгоор хэлж чадна. Шударга ёсны тэмцэлд нэгдсэн нөхөд маань улстөрийн том эр зориг гаргасан гэж бодож байна.
-Яагаад эр зориг гаргасан гэж?
-УИХ-ын сонгуулийн өмнө “Шударга ёс”-ныхонтой уулзах байтугай мэндлэхээс ч цэрвэдэг байсан. Харин одоо ард түмний хандлага өөр болсон.
Шударга ёсны төлөөх тэмцлийг сааруулах учиргүй, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс алхам тутамд зөрчигдөж, монгол хүн байгалийн баялаг, нутаг дэвсгэрийнхээ эзэн байх дархан эрхэд сэв сууж, гадныхны нөлөө орж байна гэдгийг олон түмэн мэддэг болсон. Тиймээс энэ үед ард түмэн хяналт тавих ганц зорилгод нэгдэх нь маш чухал асуудал. Үүнийг дэмжиж байгаа учраас шударга ёсны төлөө олон нам нэгдэж байна. Цаашид ч олон хүн нэгдэнэ гэдэгт итгэж байна.
-Шударга ёс гээд л байх юм. Та бүхнийг УИХ-д бүлэгтэй болсон ч өнгөрсөн хугацаанд шударга ёсыг бүрдүүлэхийн яг юу хийсэн юм бол гэж иргэд харж байгаа?
-Бид УИХ-д суудал авснаа ард иргэдээс маш хариуцлагатай даалгавар авсан гэж бодож байгаа. Эвсэл бүлэгтэй болж, Засгийн газрыг хамтарч байгуулсан учраас энэ хүрээнд сонгогчдынхоо төлөө, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж эхэлсэн.
Мэдээж хамтарч ажиллах хүрээнд зорилтоо хэрэгжүүлэх үйл хэрэгт тэргүүн эгнээнд байж, хариуцлагатай хүнд ачаануудыг үүрье гэдэг байр суурьтай байгаа. Ингэснээр сонгогчдынхоо итгэлийг баталгаажуулна гэсэн зорилго тавьсан. Тухайлбал, УИХ-ын мөрийн хөтбөлбөртөө “Оюу толгойн гэрээг хянаж үзнэ” гэж оруулсан.
Өмнөх Засгийн газрын үед сайн гэрээ болсон гээд өөрчлөх ажил огт хийгдэхгүй байсан шүү дээ. Тэгвэл энэ ажлын эхний алхмууд хийгдэж эхэллээ. Хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн сайжруулах ажлын хэсгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг ахалж байгаа. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг, татварын механизмыг боловсронгуй болгох ажлын хэсгийг би ахлан ажиллаж байна.
Цаашид монголчууддаа илүү ашигтай байх, боловсронгуй болгох талаар Сангийн яамны хамт олон маш хянуур судалж, нягталж байгаа.
-Ингэхэд намын дарга тань орон нутгийн сонгуульд харьцангуй бага нөлөө үзүүлж байх шиг санагдлаа. Та нөхдийн зүгээс хэр холбоотой байгаа вэ?
-Манай МАХН болон “Шударга ёс” эвсэл даргатай. Намын даргатай холбоотой асуудал бол илт хууль зөрчсөн, улстөрийн өрсөлдөгчөө үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг хичээсэн зохиомол хэрэг гэж үзэж байна. Тиймээс улстөрийн энэхүү хэлмэгдүүлэлтийг хууль, шударга ёсны хүрээнд үнэн, зөвөөр шийдэх ёстой.
Н.Энхбаяр дарга орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг маш тодорхой ажиглаж, бидэнтэй бодлого, чиглэлээ байнга зөвлөдөг. Байнгын холбоотой ажиллаж байгаа.
Монголын ард түмэндээ хандаж илгээлт явуулсан. Үүнийг ард түмэн ч судалж байгаа нь ажиглагдаж байна.
-Цаг агаарын байдал орон нутгийн сонгуулийн ирцэд нөлөөлөх вий гэсэн таамаглал улам бүр газар авч байна. Ирэх өдрүүдэд хүйтэрч, хүчтэй шуурга болно гээд байгаа?
-Цаг хугацааны хувьд хүндрэл гарч магадгүй. Санал хураах өдөр цаг агаар таагүй байх төлөв ажиглагдаж байна. Орон нутагт даваа, гүвээ боогдож, бэрхшээл гарах магадлалтай. Гэсэн ч энэ бүх байдлыг харгалзан үзээд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Төр барих эрхээ эдэлдэг боломж учраас туйлын хариуцлагатай сонгууль гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: