Барилгын компаниуд шалгалтад “бүдэрчээ”
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаасаа иргэдийг хошууруулж, элдэв янзын хэл ам дагуулах болсон. Сүүлийн үеийн барилгын чанар хангалтгүй байгааг албаныхан төдийгүй ард иргэд гэрчилдэг.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын чанар, техник аюулгүй ажиллагаанд хуулийн дагуу шалгалт явуулжээ.
Энэхүү шалгалт 2012 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байна. Тодруулбал, хот байгуулалтын хяналтын чиглэл, барилга байгууламжийн техник аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр шалгасан аж. Хот байгуулалтын хяналтын чиглэлд, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа “Шанхай цэцэрлэгт хороолол”, “Орон сууцны XIV хороолол”, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Шинэ Яармаг” хороолол, “Берлин” эко хотхон, Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдаж байгаа “ОССК”-ийн 30 айлын орон сууц, “Чандмань тал”, Залуус”, “Эйч Жи Эй” компанийн орон сууцны хороолол, “Үүрийн туяа” хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалтад хяналт тавин ажиллажээ.
Мөн барилга байгууламжийн техник аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр нийслэлийн зургаан дүүрэг, 15 аймагт хэрэгжиж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан 66 төслийн 156 обьект, 435 аж ахуйн нэгж байгууллага, 870 инженер техникийн ажилтан хамрагдав. Уг шалгалтаар улиг болсон зөрчлүүд нэлээдгүй бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад инженерийн бэлтгэл ажил, дэд бүтцийн барилга байгууламж баригдаагүй байжээ. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн иж бүрдэл дутуу байсан нь илрэв.
Засгийн газрын 2005 оны 201 тоот тогтоолоор батлагдсан Дорнод аймгийн Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд “үйлдвэрийн бүс” байхаар төлөвлөсөн газарт, бүсийн хилийг шинэчлэн тогтоогоогүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй байхад “ОССК” ХХК-ийн 30 айлын орон сууц, “Үүрийн туяа” хотхоны 60 айлын орон сууцны барилгуудыг барьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл аж.
Түүнчлэн шалгалтад хамрагдсан 33 обьект барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилгын угсралтын ажлыг гүйцэтгэснийг тогтоожээ. Барилгын тухай хуулийн 16.6 дахь “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” заалтыг Хан-Уул дүүргийн “Пума яармаг” орон сууцны хороолол, “Маршал таун”, “lnel Zaisan Village”, Баянгол дүүргийн “Цоглог хотхон-2” хотхон, Баянзүрх дүүргийн ГЕГ-ын орон сууц, Сонгино хайрхан дүүргийн “Морьтны өргөө” хотхон, Дорнод аймгийн “Залуус” хороолол зөрчсөн байна. Сүүлийн үед барилгын ослоор амиа алдагсдын тоо хэрээс хэтэрч төрийн хяналтад орсон гэхэд хилсдэхгүй.
Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүйгээс гадна мэргэжлийн бус хүмүүсээр хүрээгээ тэлдэг. Мэргэжлийн хяналтаас явуулсан шалгалтын явцад барилга угсралтын ажилд ашиглаж байгаа барилгын өргүүрүүдийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр угсруулаагүй, техникийн туршилт, магадлал хийгдээгүй, өргүүрийг ашиглаж байгаа давхар бүрд тухайн давхрыг заасан тоог бичээгүй, паспорт хувийн хэрэггүй, мэргэжлийн операторчин ажиллуулаагүй, өргүүрүүдийн ослоос хамгаалах унтраалга байхгүй тоногдсон, өргүүрийн лебедкийн ажлын бүсэд хамгаалах хашлага хийгээгүй зэрэг зөрчил толгой цохижээ.
Мөн ган татлагын багц утасны томоос шахагдаж салаалсан, өргүүрийг ашиглах зөвшөөрөлгүй, аюулгүй ажиллагаа, хяналт хариуцагчийг тушаалаар томилоогүй, краны аюулгүй ажиллагааны таслагчууд хангалтгүй зэрэг зөрчил илрэв. Жишээлбэл, Дархан аймгийн “Минж проперти”, “Жаанар”, “Дархан шар бүрд”, Сэлэнгэ аймгийн “Тост өргөө”, Дорнот аймгийн “Эй Жи Эй”, Архангай аймгийн “Атек”, “Цогт-Өнжүүл” компаниуд дээрх шаардлагыг хангаж ажиллаагүй байна.
Энэ мэт зөрчилтэй барилгын компанийг дурьдаад байвал дуусахгүй хөвөрнө. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн эхний болон II ээлжинд хамрагдсан Улаанбаатар хотын зургаан дүүрэг, 15 аймагт хэрэгжиж байгаа 66 төслийн 156 орон сууцны барилгад хяналт шалгалт хийгдсэн.
Энэ үеэр 179 төрлийн зөрчил илрүүлсэн байна. Ингэхдээ улсын байцаагчийн 18 албан шаардлага, дөрвөн дүгнэлт, 36 акт гарган хүргүүлжээ. Мөн зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагад 9530.8 мян. төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулсан аж.
Б.Чанцал
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: