”Эрх мэдэлтнүүд зүрхгүй юм байна”
Цагаан нөмрөгтэй 250 гаруй эмч, эмнэлгийн алба хаагчид эрх мэдэлтнүүдийн зүрхийг чагнахаар өнгөрсөн бямба гаригийн 10.00 цагт Сүхбаатарын талбайд цуглав. “Засгийн газрын зүрхийг чагная ” уриатай жагсаалд анагаахын оюутнуудаас эхлээд настан буурлууд хүртэл нэгдэв.
Тэдний нэг бол эмнэлгийн үйлдвэрчний холбооны дарга Л.Цэрэнханд. Тэрбээр жагсаалд нэгдсэн эмч нар болон иргэддээ баярлаж байгаагаа илэрхийлж, УИХ-ын гишүүдийн зүрх жирийн ардын талд уу, эрх мэдэлтнүүдийн талд уу гэдгийг чагнацгаая хэмээн уриалсан. Түүнчлэн шинэчлэлийн Засгийн газар иргэдийн дуу хоолойг сонсохгүй, хүч түрэмгийлэн шийдвэр гаргаж буйг эсэргүүцэж байгаагаа ч дуулгасан.
Харин жагсагчид түүний хэлсэн үгийг дэмжиж чагнуураа дээш өргөн “чагная, чагная” хэмээн уриалав. Жагсагчдын нэг Г.Ганболд “Би залуу хүн. Бид ирээдүйн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Өнөөдөр манайд эмнэлэг, цэцэрлэг, сургуулиас илүү хэрэгтэй зүйл алга. Эмнэлгийн хүрэлцээ муу учраас өвчтөнүүд шалан дээр хэвтэж байна. Цэцэрлэгийн анги танхим хүрэлцдэггүй учраас хоёр ангийн хүүхэд нэг танхимд шахцалдан сууж байна.
Гэтэл эрх мэдэлтнүүд 120 мянган иргэний үйлчлүүлэх, өвчнөө илааршуулах боломжтой эмнэлгийг 130 хүний албан тасалгаа болгоно гэж улайрч байна. Энэ шударга зүйл юм уу” гэв. Харин Чингэлтэй дүүргийн өндөр настнууд Хууль зүйн яаманд үнэхээр албан тасалгаа олдохгүй байгаа юм бол манай дүүргийн эмнэлгийг албан тасалгаа болго. Нэгэнт өндөр өртөгтэй тоног төхөөрөмж суурилуулчихсан эмнэлгийн барилгыг булаалдаад яах юм хэмээн их л өрөвдсөн байдалтайгаар хэлж зогсоно.
Хууль зүйн яамыг орох оронгүй болчихсон аятай өрөвдөх настнууд ч мэр сэр байлаа. Жагсагчид “Шинэчлэл хийх нэрээр дээрэм хийхээ зогсоо”, “Хууль зүйн яамны 130 хүний тав тухаар 1.3 сая иргэдийн эрүүл мэндийг солих уу” гэх мэтчилэн уриаг гартаа барьжээ. Тэд ийн гараа бээртэл бичиг барин зогсож буйн гол зорилго нь энэ сарын 3-ны өдөр гаргасан Засгийн газрын 122 тоот хууль бус тогтоолыг хүчингүй болгох юм.
Уг тогтоол батлагдсан өдрөөс эхлэн эмнэлгийнхэн бүхий л чадлаараа албан тушаалтнуудтай тэмцсэн. Эмнэлгийн үйлдвэрчний холбооноос хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлаж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг нээлттэй хэлэлцүүлэгт урьсан ч хүрэлцэн ирээгүй билээ. Тиймээс арга ядахдаа тэдний зургийг зэрэгцүүлэн байрлуулж байгаад шаардлагаа уншсан юм.
Ийн эрх мэдэлтнүүд нүдэн балай, чихэн дүлий мэт дулаан албан тасалгаанаасаа толгойгоо ч цухуйлгахгүй байгаад иргэд бухимдаж байна. Өндөр настнууд, эмнэлгийнхний тэмцлээс төрийн түшээд иргэддээ хэрхэн ханддагийг тод харж болохоор байна. Тэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовохоос илүүтэй эрх ашгийн төлөө үхэн хатан зүтгэдэг юм байна хэмээн халаглан ярилцах нь сонсогдов.
Микрофон чөлөө завгүй хангинаж, тэр болгонд төрийн түшээддээ гомдсон иргэдийн үгс урссаар байлаа. Хажуугаар өнгөрч явсан иргэд эмч нарын тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлэн урам өгч байв. Зарим иргэн эмнэлгийг албан тасалгаа болгохыг эсэргүүцэн гарын үсгээ зурж байлаа. Жагсаал дуусах үеэр эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийнхэн “Эрхэм гишүүдийн зүрх хэний эрх ашгийг хамгаалж байна вэ” хэмээн хашгирахад жагсагчид “Тэд зүрхгүй юм байна” хэмээн хариулж байв.
Үнэхээр ч ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй түшээдээс гарамгүй хууль бус шийдвэрийг эсэргүүцэлгүйгээр баталчихсан болохоор аргагүй биз. Гэхдээ эмч нарын талд Монголын ард түмэн байгаа учраас зориг мохох болоогүй, тэмцлээ ч үргэлжлүүлнэ гэдгээ Үйлдвэрчний холбооныхон мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд нааштай хариу өгнө хэмээн битүүхэн хүлээж суугаа аж.
Эмнэлгийнхэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт итгэхээ аль хэдийнэ больсон гэнэ. Эмнэлгийн барилгыг булаахын тулд хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх тохиромжгүй гэсэн хачирхалтай үндэслэл гаргаж, Цэргийн госпитальтай нэгтгэвэл 50 сая төгрөг хэмнэнэ хэмээн иргэдийн тархийг угаасан Хууль зүйн сайдыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн билээ.
Эмнэлгийн байгууллагад насаараа ажилласан ахмадууд Эрүүл мэндийн сайд Н.Удвалд Х.Тэмүүжин сайдаас дутуугүй гомдож явдаг юм билээ. Үүнийгээ ч хурал, жагсаал бүрт гоморхон ярьдаг. Энэ удаа ч салбарын сайддаа гомдсон, дургүйцсэн, ажлаа өгөхийг шаардсан жагсагчид цөөнгүй байв.
Сүхбаатрын талбайд хүрэлцэн ирсэн эмнэлгийн ажилчид, иргэдэд хэлэх үг их байсан ч яг цагтаа үйл ажиллагаагаа дуусгав. Хэдийгээр эмнэлгийнхэн эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөсдөж байгаа ч үнэний өмнө хүчин мөхөсдөхгүй гэдгээ хэлсэн. Тиймээс ч эмнэлгийн ажилчид өргөтгөлийн барилгаа эргүүлэн автлаа эрх мэдэлтнүүдэд бууж өгөхгүй хэмээн зоригтойгоор хэллээ.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
URL: