Н.Энхбаяр: Сонсоогүй юм байна, наад С.Баяр чинь ирээ юу?

-УЕП-ЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНД  БИ ӨНГӨРСӨН ДӨРӨВ ДЭХ ӨДӨР ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН-

Үймээний үеэр тушаал өгсөн хүн хэн бэ гэдэг асуултад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан эрчимтэйгээр хариулт нэхэж эхэллээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр TV9 телевизээр өгсөн ярилцлагадаа С.Баяр өөрөөс нь Онц байдал зарлахыг удаа дараа шаардаж байсан тухай өгүүлсэн нь энэ хэрэгт тодорхой хүрээний хүмүүсийг гэрчээр дуудаж, тайлбар авах сэжүүр гаргаж ирсэн. Нөгөө талаараа цагдаагийн хурандаа нараас гадна улс төрийн хүрээний зарим хүмүүс үймээний хэрэгт холбогдох нь тодорхой болоод буй. Тухайлбал, Н.Энхбаярыг гэрчээр татаж, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах шаардлагатай байгаа. Мөн генерал М.Ганболдоос тайлбар авах асуудал яригдаж байгаа аж. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Онц байдлын тусгай захирамж гаргах төсөл гардан боловсруулсан. Энэ төслөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай зөвшилцөлгүйгээр С.Баяртай ярьж тохирон хэрэгжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэл бий гэнэ. Үүнээс улбаалж дээрх хүмүүсээс тайлбар авч байгаад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ шийдэх бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тус албанд очиж мэдүүлэг өгсөн байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Та хэдийд очиж мэдүүлэг өгсөн юм бэ?

-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрсөн пүрэв гаригт очиж мэдүүлэг өгсөн.

-С.Баяр АНУ-аас ирсэн гэж сонслоо. Та мэдсэн үү?

-Сонсоогүй юм байна, өө цаад С.Баяр чинь ирээ юу.

-Харин тэгсэн гэнэ. Тэгээд таныг уулзсан юм болов уу л гэж асууж байгаа нь энэ?

-Энэ талаар мэдсэнгүй. Одоо би яг хуралд орох гээд завгүй байна хэмээсэн юм.

Н.Энхбаярын мэдүүлэг өгсөн талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалжаас тодруулахад “Н.Энхбаярын TV9 телевизэд өгсөн ярилцлагатай нь холбогдуулж мэдүүлэг авсан. Онц байдлын үеийн зарим зүйлийг тодруулсан. Байцаалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн” гэв. Түүнийг мэдүүлэг өгсний дараахан буюу өнгөрсөн ням гаригт УИХ-ын гишүүн С.Баяр АНУ-аас ирсэн гэсэн мэдээлэл зарим сайтуудад тавигдав. Энэ тухай С.Баярын ойрын эх сурвалжаас тодруулахад “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ярьсан зүйлтэй холбоотой асуудалд С.Баяр хэвлэлээр дамжуулан хариулт хийх шаардлагагүй хэмээн үзэж байгаа. Тийм болохоор ойрын үед ярилцлага өгөхгүй байх. Тэр энэ хаврын нэгдсэн чуулганы нээлтэд оролцохоор ирсэн. Мөн үймээний гэх хэргийн талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд тайлбар өгөх байх” хэмээв.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих