Даяаршилтай хөл нийлүүлэх гээд эх хэлээ умартах вий
Сүүлийн жилүүдэд монгол хэл гажуудаж эрдэмтдийн санааг чилээх болжээ. Хэл гажуудах болсон шалтгааныг монгол хэлний тайлбар толь бичиг олон янз байгаатай холбоотой гэж “Амьдрал гэгээрэл” хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байв. “Монсудар” хэвлэлийн газраас “Соён гэгээрлийн өдөр”-ийг зохион байгуулж уг хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Өнгөрсөн баасан гаригт эхэлж гурван өдрийн турш үргэлжилсэн эх хэлний талаарх хэлэлцүүлгээр олон асуудлыг хөндөж ярилаа. Хэлэлцүүлэгт салбар салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид оролцож хүүхдийн боловсрол, нийгэм, эх хэлний тулгамдсан асуудлаар санал солилцсон юм. “Бидний бэрхшээл, эх хэлний ядуурал”, “Нэг Монгол, нэг хэл”, “Монгол хүүхэд яагаад эх хэлнийхээ хичээлд сонирхолгүй болов”, “Нэг үгийг янз бүрээр, дур дураараа бичсээр байх уу” гэсэн сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд илтгэл тавилаа. Хэлгүй бол хөлгүй гэдэг үгийг хүн бүр мэднэ. Мэдэхээр ч барахгүй энэ үгтэй санал нийлдэг. XXI зуунтай хөл нийлүүлэн алхах нь зөв хэдий ч таагүй зүйл ч үүнээс үүсч болно.
Тухайлбал хэт их гадны нэршил, элдэв хэлээр бичсэн хаяг самбарууд хаа сайгүй гудамж талбайгаар нэг өлгөөтэй. Сайтар ажвал монгол, англи үгнүүдийг холиод биччихсэн тохиолдол ч бий. Гадны гэсэн бүх зүйлийг дуурайх дуртайгаас болж төрөлх сайхан хэлээ мартах шахсан иргэн олон бий. Оюутан залуус, арван жилийн хүүхдүүд Facebook, Twitter-ээр өдөр шөнөгүй харилцдаг болсон өнөө үед залуус үг үсэг найруулга дээр нэг хүрээнээс гарахаа байсныг шүүмжилж байв. Тус хэлэлцүүлэгт оролцож санаа бодлоо илэрхийлсэн зарим хүмүүстэй уулзлаа.
ХЭЛ БОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ТОЛЬ
МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал доктор, профессор Ц.ӨНӨРБАЯН
-Өнөөдрийн хэлэлцүүлэг таны бодлоор хэр үр дүнтэй болж байна вэ?
-Яагаад “Амьдрал гэгээрэл” гэж нэрлэсэн бэ гэхээр хэл гэдэг өөрөө хүний сэтгэлгээний толь юм. Эх хэл гэдэг тухайн үндэстний бахархлыг авч явдаг маш чухал зүйл. Сүүлийн үед манайхны үндэстний сэтгэлгээ сэргэж эх хэлээ эрхэмлэн дээдэлдэг гэгээлэг сайхан үе иржээ. Хэлээ хэрэглэж байгаа байдалд гадны нөлөө байна, хэлний хэрэглээ соёл, сэтгэл зүрхэнд дутагдалтай зүйл их бий. Тиймээс хэлэнд буй буруу зөрүү зүйлийг эртнээс олж харж, түүнийг цэвэр, ариун байлгах тал дээр санаа тавьж эхэлж байна. Монгол хэлний ариун дагшин байдалд санаа тавьж буй мэргэжилтнүүд өнөөдөр цугларч ярилцсанд сэтгэл хангалуун байна. Энэ хэлэлцүүлэг бол сургалттай адил зүйл биш. Оролцогчид санаа бодлоо илэрхийлж, төр засгийн байгууллагад хэлний талаар бодлого баримтлаач ээ, боддогоо зөв хэрэгжүүлээч ээ гэдгийг хүргэх учиртай. Миний оролцсон хэсэг бол нэр томьёоны тухай юм. Нэр томьёо гэдэг өөрөө шинжлэх ухааны аливаа ухагдахууныг зөв оновчтой тэмдэглэхэд их чухал.
-Нэгдсэн тайлбар толины тухай ярилцлаа. Энэ хэр ач холбогдолтой вэ?
-Бүх нийтэд зориулсан мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь зохиох тухай ярилцлаа. Энэ тайлбар толийг бүх нийт хэрэглэх ёстой. Тухайлбал, хуулийн нэр томьёо гэж байдаг. Үүнийг ихэвчлэн мэргэжлийн хүмүүс хэрэглэдэг хэдий ч хуулийг бүх нийт мөрдөх ёстой гэдэг үүднээс нэр томьёог нь өөрчлөх хэрэгтэй. Мөн анагаах ухааны нэр томьёо. Өвчин тусахгүй хүн гэж үгүй. Эрүүл байхын тулд анагаах ухааны ном, зохиол янз бүрийн өвчний тухай өгүүлсэн байдаг. Энэ талаар мэдэхийн тулд бас л өнөөх тайлбар толийг ашиглах хэрэгтэй болно. Энэ мэтчилэн бүх нийтэд хэрэгцээтэй шинжлэх ухааны нэгдсэн тайлбар толь хийх байх гэж бодож байна. Хэрвээ нэгдсэн толь хиймээр байна гэвэл дуртайяа оролцоно.
-Харь үгийг их хэрэглэдэг болсон. Ялангуяа залуус цахим хуудас, ашиглаж эхэлснээс болж харь үгийг эх хэлтэйгээ хольж хэрэглэх тохиолдол их байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монгол хэл харь үгээр өвчилсөн байна гэж хүмүүс их ярих болсон. Ер нь бол харь үггүй хэл гэж байдаггүй. Харь үгийг зохих хэмжээгээр хэрэглэх учиртай. Харин зөв оновчтой хэрэглэх нь чухал. Гэхдээ харь үг болгоныг аваад бай гэсэн үг биш. Монголчуудын сэтгэлгээ, ойлголтод огт байгаагүй шинэ ухагдахуунд тэмдэглэсэн харь үгийг олон улсын жишгээр хэрэглэнэ. Мөн харь үгийг монголчлох нь чухал. Тухайлбал, бидний монгол үг гэж ойлгодог лууван, төмс, байцаа гээд нэрлэхэд л бүх ногооны нэр харь үг шүү дээ. Удаан хугацаанд нийтээрээ хэрэглэж заншсаар монгол үг мэт болчихсон. Энэ мэтчилэн монгол үг мэт харь үг олон бий. Залуучууд харь үгийг монгол сайхан эх хэлтэйгээ хольж хэрэглэж байгаатай санал нэг байна. Тухайн үгнийхээ цаад утга санааг мэдэхгүй байж, этгээд хачин утга санаа оруулаад гудамжинд хэрэглээд явж байдаг залуучууд байна. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Энгийн жишээ гэхэд “hi” гээд яриад явж байдаг. Угтаа бол сайхан монгол хэлэнд маань хүний амар мэндийг мэдэх маш олон үг хэллэг байдаг. Тиймээс харь үгийг энгийн ярианд хэрэглэх дээ эх хэлнийхээ соёлыг бодож хэрэглэмээр санагдах юм.
-Эх хэлийг хамгаалах, зөв бичих, ярих тал дээр төрийн бодлого ямар байна вэ?
-Төрийн бодлого байна. Ялангуяа эх хэлний тал дээр төрийн албан ёсны хууль байна. Харамсалтай нь энэ хууль хэрэгждэггүй. Түүнээс биш хуульд хангалттай заалтууд бий. Тухайлбал албан байгууллагын хаяг, сурталчилгаанаас авахуулаад бүгдийг монголоороо бичих ёстой гэсэн заалт бий. Гэтэл одоо гудамжаар явахад гадаадад явж байгаа юм шиг л болчихсон. Тиймээс хэлээ хамгаалах гэж байгаа бол зөвхөн төр засгаас юм гуйгаад байх шаардлагагүй. Түүний оронд бүх хүн эх хэлээ хайрлах ёстой.
-Хэл судлаачид болон мэргэжилтнүүд нэгдсэн тайлбар толь гарвал өнөөг хүртэл хэрэглэж ирсэн хуучны тайлбар толийг яах бол. Шууд хэрэглээнээс хасна гэсэн үг үү?
-Шууд хасч болохгүй. Огт хэрэглэгдэхгүй гэж хэлэхгүй. Учир нь бүх тайлбар толийг нэгтгэж байгаа болоос бүх үг, хэллэг шинэчлэгдэнэ гэсэн үг биш. Зөвхөн мэргэжлийн хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тольтой болох гээд байгаа юм.
-Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн сургалтын хөтөлбөр ямар түвшинд байдаг юм бол. Эх хэлний суурийг заадаг болохоор илүү анхаарал хандуулах ёстой биз дээ?
-Сургалтын түвшинд зааж байгаа. Гэхдээ 1990 оноос хойш агуулга нь нэлээд өөрчлөгдсөн. Хуучин дандаа хэлц үг бичсэн сурах бичигтэй байсан. Гэтэл өнөөдөр хэрэглээн дээр тулгуурласан агуулгатай сурах бичгүүд бий болсон. Яаж ярих, сонсох, унших вэ гэдгийг ерөнхий боловсролын стандартын түвшинд эзэмшүүлдэг. Хүн насан туршдаа сурдаг шүү дээ.
-Зөв бичих дүрэм яагаад өөрчлөгдөөд байдаг юм бэ. Сэтгүүлчдийг буруу зөрүү бичдэг гэлцдэг?
-Сүртэй өөрчлөгдсөн зүйл байхгүй. Харин дүрмээ зөв баримтлахгүй, хүн бүр өөрийнхөөрөө бичдэгт гол учир нь байгаа. Би сэтгүүлчдийг буруу бичдэг гэж хэлмээргүй байна. Хүмүүсийн өмнө ил байдгаараа сэтгүүлчид алдаатай бичдэг юм шиг харагддаг юм. Бүх хүн л дутагдалтай. Гудамжаар явж байгаа хүн бүр алдаатай бичдэг. Харин алдаагаа засахад суралцах ёстой гэж бодож байна.
ХЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЯРИХААС ХАМГААЛАХ ТАЛААР ЯРИХ ХЭРЭГГҮЙ
Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.АМАРСАНАА
-Хэл судлаачид өөрсдийн гэсэн тайлбар тольтой. Энэ нь иргэдийг зөв бичих тал дээр нэлээн төөрөгдөлд оруулж байна. Нэгдсэн толь гаргаж болохгүй юм уу?
-Үүнийг хоёр утгаар ойлгож байна. Нэгдүгээрт монгол хэлний нэгдсэн толийг монголчуудын ярьдаг нийтлэг хэлээр гаргах хэрэгтэй. Тэгэхдээ иргэд ч ярьдаг төрийн албаныхан мөн адил ашигладаг байх хэрэгтэй. Нөгөө талаар мэргэжлийн хэл гэж байдаг. Анагаах ухааны нэр томьёо, урлагийн хэл ч гэдэг юм уу. Түүнийг хүн болгон мэдэх, ойлгох албагүй. Хэцүү шүү дээ.
-Харь үгийн хэрэглээг хольж, хутгаж хэрэглэдэг болсон. Үүнийг яах ёстой вэ?
-Харь үгнээс айх хэрэггүй. Дэлхийн хүн бүр монгол дээл, ээтэн гутал өмсөөд яваг. Тэглээ гээд монгол болчихгүй шүү дээ. Орчуулах боломжтойг нь орчуулаад болохгүйг нь больчих хэрэгтэй. Хэлээ хөгжүүлэх тухай ярихаас хамгаалах талаар ярих хэрэггүй.
-Монгол хэл их баялаг арвин сантай. Тэгвэл залуусын хэл яриаг яаж хөгжүүлж болох вэ?
-Хөгшчүүл нь мэдээд залуучууд мэдэхгүй байгаа хэрэг биш. Хөгшчүүд ч мэдэхгүй байж болно. Баялгийн хувьд мэдээж арвин. Тухайлбал, гарыг ярихдаа хүндэтгэлээр бол мутар, энгийнээр гар, муугаар яривал сарвуу гэдэг юм уу маш олон хувилбартай. Сайн ном их унших хэрэгтэй.
Ч.Сувдаа
ӨДРИЙН ШУУДАН
URL: