Ц.Цолмон: Засгийн газар ”шинэчлэлийн” гэдэг нэрэнд хэтэрхий яарсан
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуулиар байгуулагдсан “Шударга ёс” эвсэл зарим тойрогт салж орж байгаа. Үүн дээр таныг эсрэг байр суурьтай байсан гэж сонссон?
-Манай МАХН, МҮАН сонгуульд эвсч оролцож байгаа ч зарим газар тусдаа орно. Орон нутагт өөрсдийнхөө рейтингийг тодруулах гэсэн үүднээс л ийм зүйл явчих шиг боллоо гэж би харж байгаа. Миний хувьд нэгэнт эвсэл болсных энэ удаа ч эвсэх ёстой гэж үзэж байсан. Гэтэл аль алинд нь өөрийн намаа илүү үзэж, нөгөөхөө дутуу үнэлэх тал байсан. Дангаараа оролцвол ялалт байгуулна гэж бодсон тал бий байх. Гэхдээ одоо энэ шийдвэр буруу байсныг ойлгож эхэлж байгаа биз.
-Ингэсэн нь танай хоёр нам эвслээ задлахын эхлэл боллоо гэсэн мессэж нийгэмд бий болоод байна?
-Орон нутгийн сонгуульд зарим газар тусдаа оролцох болсон маань ийм яриа гарах шалтгаан болсон. Гэхдээ эвсэл дотроо яриад ямартай ч задрах ёсгүй гэсэн ойлголт дээр нэгдсэн.
-Шинэчлэлийн Засгийн газрыг аливаа асуудлыг хүч түрэн шийдэж байна гэх юм. Засгийн газрыг хамтран бүрдүүлж байгаа намын гишүүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Олонхи болсон бол хүчтэй байх ёстой. Илүү хариуцлага хүлээдэг болохоор тэр. Хүч түрэхгүй гээд асуудлаа шийдэж чадалгүй суугаад байж болохгүй биз дээ. Өмнөх Засгийн газрын үед МАХН гэж тэр үедээ нэрлэгдэж байсан МАН олонхи болсон хэрнээ дангаараа Засгийн газраа бүрдүүлээд, хариуцлагаа үүрээд явдаггүй байсан. Ардчилсан намаас баахан сайд Засгийн газартаа оруулж, гэрээ хэлцэл байгуулдаг байсан. Одоо харин түүнийгээ зөвтгөх гээд байх шиг. Ардчилсан нам олонхи болоогүй ч манай “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж олонхийг бүрдүүлсэн. Эвсэл дотроо бол тохиролцох, хэлэлцэх, эрх ашгаа нийцүүлэх тал дээр уян хатан байх ёстой. Гэхдээ энэ бүх үйл явц хуулийн хүрээнд явагдах ёстой.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаанд таны зүгээс ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ. “Шинэчлэлийн” гэх нэр томьёо таныхаар хэр зохиж байна вэ?
-Засгийн газар “Шинэчлэлийн” гэдэг нэрэнд хэтэрхий их яарсан санагддаг. Эхлээд шинэчилчихээд дараа нь хийсэн ажилтай, хэлэх үгтэй болж байж энэ алдрыг авах ёстой байсан болов уу. Энэ нэрийг тэд биш эрдэмтэн, түүхч, судлаачид нь өгч болно шүү дээ. “Н.Алтанхуягийн Засгийн газар ийм зүйлийг шинэчиллээ. Монголын түүхэнд байгаагүй зөв зүйтэй тийм шинэчлэлийг хийлээ” гэдэг дүгнэлтийг өгөх хэрэгтэй. Тэд шинэ юм хийнэ гэсэн зоригтой байгаа болохоор өөрсдийгөө “Шинэчлэлийн” гэж нэрлээд байх шиг байгаа юм. Тэр шинэчлэл нь бүтээсэй гэж би хүлээж суугаа.
-Өвөрхангай аймагт ялалт байгуулсан МАН-ын С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын оронд Ардчилсан намын хоёр дэвшигчийг оруулахаар зүтгэлээ. Үүнээс болж МАН-ынхан суулт хүртэл хийсэн. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Улс төрийн намын хувьд нэг тойрогт ялалт байгуулсан хүмүүсийг оруулж ирсэнгүй, хууль бусаар тангараг өргүүлэх нь гэдгийг эсэргүүцэж байх шиг байсан. Ийм үйлдэл хийснээрээ тэд ямартай ч тангараг өргөх асуудлыг хойшлуулж чадсан. Үр дүнд хүрсэн гэсэн үг. Дэлхийн олон орны парламентыг ажиглаж байхад тэр байтугай зүйл гардаг юм билээ. Энэтхэгийн парламентад өмнөө байсан том төмөр микрофоныг аваад нэгнээ цохиж л байдаг. Өмнөд Солонгосын парламентад ч санаанд оромгүй үйлдэл хийж байгаа харагддаг. Тэр мэттэй харьцуулахад харин ч гайгүй юм уу гэж харсан.
-Парламент ирэх оны төсвийг баталсан. Тун их шүүмжлэл дагуулсан. Энэ төсөвт та хувьдаа ямар дүн тавьсан бол?
-Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг эх үүсвэр сайнтай байгаа. Түүнийг дагаад зардал мөнгө нь ч их болж. Ирэх жилийн төсвийг харахад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт талын зориулалтад нь ахиц гарсан. Гэхдээ хүсч хүлээсэн хэмжээнд хүрээгүй. Уг нь ирэх онд илүү олон үйлдвэр, үйлчилгээний газар байгуулах боломж байсан. Нийгэмд баялаг бүтээдэг, хувийн хэвшлээ дэмжих хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, өнөө, маргаашийн хэрэглээндээ бага хөрөнгө зараасай гэж бодож байсан. Ирэх онд энэ талын асуудлаа анхаарах ёстой. Сайн муу гэж хэлэхийн өмнө нөхцөл бололцоо, боломждоо үндэслэсэн, ард түмэн, төсвийн байгууллага, төрийн албаныхныг дайчилж чадахуйц төсөв болсон гэж харж байгаа.
-Манайхан Чингис хааны төрсөн өдрийг анх удаа тэмдэглэлээ. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их хаан мэндэлсэн гэж зөв тогтоосон болов уу?
-Түүхийн эх сурвалжуудыг судалж байгаад өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг томьёолол дээр эрдэмтэд санал нэгдэж, хүлээн зөвшөөрч байгаа юм билээ. УИХ-аас гаргасан тов дээр нэг их маргаангүй байгаа. Түүхийн талаасаа энэ шийдвэр зөв буруу эсэхийг тодорхой хугацааны дараа эрдэмтэн, судлаачид нэг мөр болгох байх. Уг нь Чингис хааны төрсөн өдрийг тогтмол нэг өдөр тогтоогоод, тэмдэглээд явах нь зөв.
-Улс тунхагласны баярыг манайхан тэмдэглээд заншчихсан. Бусад орон ч тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлсэн өдрөө онцгойлон тэмдэглэдэг. Гэтэл энэ өдрийг улстөрчид “хар өдөр” гэж онцолсон нь ард иргэдэд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь энэ өдрийн ач холбогдлыг бид яаж ойлгох ёстой юм бол?
-Монголчууд энэ өдрийг улс тунхагласны өдөр гэж товчилж яриад түүнээсээ шалтгаалан буруугаар ойлгоод байдаг. Энэ өдөр хаант засгаас бүгд найрамдах засаглал руу шилжсэн өдөр шүү дээ. “Улс тунхагласан” гэж ярихаар түүнээс өмнө улс байгаагүй юм шиг харагдаад байгаа юм. Энэ өдөр бол Монголын түүхэнд тэмдэглэж, ач холбогдол өгч байх ёстой өдөр яах аргагүй мөн. Гэхдээ заавал амарч тэмдэглэх ёстой гэж үзэж болохгүй. Манайхан бараг cap бүр тэмдэглэлт амралтын өдөртэй. Үндэсний онцлог өдрүүдээрээ амарна уу гэхээс түүхэн, тэмдэглэлт өдөр болгоноор амраад байвал хэцүүднэ. Чингис хаан бол манай улс төдийгүй дэлхийн түүхэнд тун ховор хүн учраас энэ өдрөө амарч сайхан тэмдэглэх ёстой. Тэгэхээс биш Монголд амралт багадаагүй.
Ч.Батмаа
ӨДРИЙН ШУУДАН
URL: