“River sounds”-ыг 30 офицероор “зэвсэглэсэн” цагдаагийнхан эзлэв
“River sounds”-ыг 30 офицероор “зэвсэглэсэн” цагдаагийнхан эзэллээ гэвэл та итгэх үү. Баар, цэнгээний газраар үйлчлүүлэх гэж харин ч нэг зовж байна аа, Монголын залуус бид. Байнга л цагдаа нартай муудалцаж, хөөгдөж туугдаж гарах юм. Сүүлдээ бүр зодуулах нь холгүй хөөгддөг боллоо. Цагдаа нар ч иргэдэд эр бяраа гаргаж аархах юм.
Өнгөрсөн баасан гарагт гадна, дотны хэдэн найзтайгаа “River sounds” клубт жаахан суулаа. Гаднаас ирсэн хүмүүсийг дагуулж ороод “нүүр тахалчихмаар” цөөхөн хэдэн газар байдаг болохоор амьд хөгжмийн тоглолтод нь татагдаж, “River sounds”-ыг зорьсон хэрэг.
Мэдээж баасан гараг учраас эднийх үйлчлүүлэгч олонтой байв. Хэдүүлээ орж суугаад хэсэг юм ярьж байтал 00:00 цаг нь болчихов. Гадныханд 00:00 цагаас хойш манайд шөнийн клуб ажиллаж болохгүй гэдгийг тайлбарлах амаргүй л дээ.
Тоглолт түр завсарлаад ширээнд тухалсан хүмүүс сая л гол яриандаа орж эхэлж байх шиг.
Яг энэ үед хажуугийн ширээнд сууж байсан хэдэн хүүхэн зөөгчтэй учиргүй хэрэлдээд эхэлдэг юм байна. Халамцуу авгай нар уусан вискинийхээ тооцоог хийхгүй гэж зөөгчтэй хэрэлдэж байгаа юм байх даа гэсэн шиг юм бодоод сууж байтал нөгөөдүүл чинь цагдаа болоод явчихлаа. “Тооцоо хийхгүй. Чамайг 72-т суулгаад яаж тарчлахыг чинь харна аа” гээд л зөөгч охиныг нүүр нүдгүй загнаад босоод ирэв. Хамт сууж байсан нэг эмэгтэй нь хаалгаар гараад явчихав. Төд удалгүй дүрэмт хувцсаа өмсчихөөд баахан цагдаа дагуулаад ороод ирлээ.
Ингээд нэг л их сүржин дуутай цагдаа нар “Ажилчдыг нь бариад ав” гээд л орилолдов. Үйлчлүүлэгч нарыг “хурдал, түргэл” гээд хөөж, зөөгч, бармен гээд ажилчдыг нь голын буйдан дээр жирийтэл нь суулгачихлаа. Бааранд 30 гаруй цагдаа бөөн бөөнөөр орж ирээд л, гадаа цагдаагийн машины дохио хангинах сонсдоно. Ахлагч цолтой хүн харагдсангүй. Бүгд л офицерууд аж. Цагдаагаас гадна 5-6 прокурор орж ирсэн байв.
Барууны байлдаантай кинон дээр гардаг шиг л юм боллоо. Бид хоорондоо “Нэлээд сүртэй хэрэг гарч дээ, хэн нь хэнийгээ хөнөөчихсөн юм бол доо” гэсэн юм яриад гайхширч суусан юм.
Гэтэл хамгийн инээдтэй нь цагдаа нар цаг хэтрүүлж ажилласан “River sounds”-ыг хаахын тулд ингэж сүрийг үзүүлжээ. Ямар аймаар хэрэг вэ. Нэг муу шөнийн клубийг хаахын тулд ямар их сүржигнэсэн гээч. 30 гаруй офицер гэнэт дайрч орж ирээд л, баарны гадна талын замыг хоёр талд нь хааж, “цагдаа” гэсэн хөх алаг туузаа татчихсан. Замын хоёр талын уулзваруудыг алаг машинаараа хааж зогсоод л… Арай л тусгайгийнхан буу зэвсэг барьж ирсэнгүй. Монголчууд бид ч яах вэ, хоорондоо цагдаа нар яаж сүржигнэж байгааг гайхан ярилцсан. Хамт яваа гадны зочиндоо энэ бүхнийг тайлбарлахад л хамгийн ичмээр байсан.
Хэдэн зөөгчийг нь голын буйдан дээр суулгачихаад хааш нь ч хөдөлгөсөнгүй. Цагдаагаас айсан үйлчлүүлэгч нар нь зугтаад эхлэнгүүт зөөгч нар нь “Тооцоогоо хийе” гэж цагдаа нараас гуйгаад нэмэр болсонгүй. Энэ бужигнаан дундуур хэчнээн төгрөгийн тооцоогоо алдсаныг бүү мэд. Лав л нэг зөөгч охин “Би тооцоогоо авч чадсангүй. Өрөнд орчихлоо ш дээ” гээд уйлж байгаа харагдсан. Уйлж байхыг бодоход нэлээд их мөнгөний тооцоо гарсан байлгүй.
Ямар ч байсан цагдаа нарын дүйвээнээр хэсэг хүмүүс баахан л үнэгүй идэж уугаад явах шив. Цагдаа нар ч өөрсдөө баахан ууж идээд мөнгөө төлөхгүй “гүрийчихдэг” юм билээ.
Тэнд ирсэн цагдаа нар ямар ч дээрэлхүү юм билээ. Зөөгч, ажилчдыг нь дарамталж байснаа сүүлдээ үйлчлүүлэгч нарыг загнаж, дарамталж эхлэв. Үйлчлүүлэхээр сууж байсан бүх хүмүүсийн зургийг авч, бичлэг хийж байлаа. Мэдээж хэн ийм нөхцөлд зургаа авахуулахыг хүсэх билээ. Нас тогтсон хэдэн эмэгтэй зургийг нь авсан цагдаад дургүйцлээ илэрхийлж, уцаарлаж орхив. Гэтэл цагдаа “Ач зээгээ хараад сууж байхгүй, үхсэнээ хийж яваа юм. Хурдан зайлцгаа” гээд л хашхирч байх юм. Тэр одоо хэн юм бэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлэхээ цагдаа нараар заалгах хэрэгтэй юу, бид. Дургүйцлээ илэрхийлж, жаахан үг сөрвөл “Ачна, эрүүлжүүлнэ” гээд л дайрч байна лээ.
Уг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ажлаа авсныхаа дараа цагдааг хүчний байгууллага гэдэг статусаас гаргаж, үйлчилгээний байгууллага болгож байна гэж яриад байгаа. Бараг л гудамжинд согтуу хүн таарвал аргадаж байгаад гэрт нь хүргэж өгнө гээд байсан. Тэгвэл уучлаарай, Х.Тэмүүжин сайд аа. Танай цагдаа нар юу яасан үйлчилгээний ажилтан, шоронгийн гэмт хэрэгтнүүдтэй харьцаж байгаа юм шиг аашилж байна лээ.
Мэдээж цаг хэтрүүлж ажилласан гэдэг утгаараа “River sounds”-ын буруу. Тэднийхийг өмөөрөх шаардлага алга.
Цаг хэтрүүлж ажиллуулсан хүмүүстээ л уураа гаргана биз. Мань мэтэд, тэр хэдэн зөөгчид яагаад агсраад байгааг нь ойлгоогүй. Зөөгч нар чинь ажилла гэснийх нь дагуу л ажиллаж байгаа. Гэтэл ядаж тооцоог нь хийлгэхгүй, бөөн өрөнд оруулчихаж байсан. “Өрөнд орчихлоо” гээд уйлаад зогсож байсан зөөгч охины өмнөөс цагдаагийн байгууллага, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, тэнд ажилласан цагдаа нар лав тооцоог нь хийхгүй. Тэр зөөгч өөрөөсөө төлж, дор хаяж сар цалингүй ажиллана гэсэн үг.
Цагдаагийн байгууллага ямар ч сүртэй ажиллагаа явуулсан хүний эрх гэдэг зүйлийг зөрчиж болохгүй.
Ер нь ганц эднийх ч биш. Бүх л баар, цэнгээний газар цаг хэтрүүлж, иймэрхүү байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Учир нь амьдралд хэрэгжих боломжгүй хууль мөрдөөд байгаагаас түүнийг нь зөрчих шаардлагатай болдог. Харин үүнийг цагдаагийн байгууллага хүчирхийлэл болгож, хувиргаад байгаа юм шиг.
Арай гэж хөөгдөж туугдсаар хаалгаар нь гарвал урдаас бөөн гэрэл чийдэн тусгаж, камераар зураг авч, бичлэг хийж байна лээ. Нүүрээ хувцсаараа бүтээтэл “Наадхаа ав. Эрүүлжүүлнэ шүү” гэж загнав. Яг л хорих лагериас оргодол ялтнуудыг нүүлгэж байгаа юм шиг санагдсан. Хувцсаа өлгүүрээс авах зуур цагдаа нар хамгаалагчид нь “Танай ар чинь үнэхээр жижигдэж байна аа” гэх сонсогдов. Бүх баарыг ингэж сүржигнэж хаалгаад байгаа юм байх гэж бодсон чинь ар томтой газруудад нь дөхөж чадахгүй байгаа юм билээ.
Бид ч 72 руу ачигдчихалгүй тэндээс холдож, жаахан харж зогсов. Цагдаа нар тэр баарны гадна үнэн сүртэй байна аа. Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам хоёрын уулзварыг тэр чигт нь хаачихаж.
Хамгийн сонирхолтой нь, бүх үйлчлүүлэгч гарч дууссаны дараа баарны зөөгч, ажилчдыг “баривчилж” нэг, нэгээр нь алаг машиндаа суулгаж аваад явсан. Кинон дээр хүн барьцаалсан хэрэгтнүүдийг яаж бүсэлдэг билээ. Яг түүн шиг. Зөөгч, ажилчид нь баахан хүн барьцаалчихаад байсныг нь цагдаа нар очиж баривчилж байгаа юм уу, янз нь.
Өнгөрсөн баасан гарагийн үдшийг ийм л сонирхолтой өнгөрүүллээ. Хамт явсан гадны зочиндоо “Цаг хэтрүүлж ажилласан болохоор ингэж байгаа юм” гэж тайлбарлавал савж унатлаа инээж байна лээ. Бид ч зочноосоо ичсээр байгаад л нэг үдшийг барсан даа.
Монголын цагдаа ганц баарыг хаахын тулд ийм их хөрөнгө хүч зарцуулж байна гэхээр бас инээдтэй. Баар хаахаас өөр хийх ажил байдаггүй юм шиг л загнаж байна лээ.
Хамгийн гол нь, энэ асуудал цагдаагийн байгууллагадаа ч биш, 00:00 цагаас хойш баар цэнгээний газрууд ажиллахгүй гэдэг модон хуулинд байгаа юм. Амьдралд хэрэгжих боломжгүй хуулийг хэдэн жил дагаж мөрдөх гэсэн юм бол доо.
Эхсурвалж: “Өглөөний Сонин”
URL: