“Нээлттэй хаалганы өдөр” боллоо
МҮОНР-гийн “Нээлттэй хаалганы өдөр” өнгөрсөн бямба гаригт буюу 11 дүгээр сарын 10 ны өдөр МҮОНРТ-ийн байранд зохион байгуулагдлаа. Энэ өдөр сонсогч, олон нийт радиогоор байнга дуу хоолойг нь сонсдог радиогийн нэвтрүүлэгчид, сэтгүүлч нартай уулзахаас гадна өөрсдийн сонсох дуртай нэвтрүүлгүүдийг бэлтгэдэг уран бүтээлчид, инженер техникийн ажилтнуудтай уулзаж санал бодлоо солилцсон юм. Мөн орон даяар нэвтрүүлгээ цацдаг радиогийн эфирийн өрөө болон нэвтрүүлгийн бичлэгийн студиудтэй танилцлаа. “Өдөрлөгийн үеэр бүх редакцийн уран бүтээлч ах эгч нартай уулзлаа. Тэр дундаа Хүүхэд залуучуудын реадкцийн уран бүтээлчид ирсэн хүүхэд багачуудад хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч болох боломжийг бүрдүүлж өглөө. Тухайлбал радиогийн хүүхдийн нэвтрүүлэгт олон хүүхэд дуу хоолойгоо шалгуулж, мэргэжлийн студид өөрийнхөө дуу хоолойны өнгийг сонсож зөвлөгөө авсандаа сэтгэл хангалуун байна” хэмээн нээлттэй өдөрт ирсэн хүүхдүүд ярьж байлаа. Энэ үеэр радиогийн Алтан сан хөмрөгт дуу хоолой нь олон түүхэн үйл явдлын гэрч, төлөөлөл болон үлдсэн салбар салбарын 10 хүнд болон ар гэр, төрөл төрөгсдөд МҮОНР-гийн Алтан сангийн “Гэрэгэ” гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Энэхүү Алтан сангийн “Гэрэгэ” гардуулах ёслолын ажиллагааны талаар МҮОНР-гийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б. Баярсайханаас тодруулахад “Манай радиогийн Алтан сан хөмрөгт Монгол улсын олон түүхэн үйл явдлын ховор бичлэгүүд байдаг.
Эдгээр бичлэгүүдээс Монгол улсаа НҮБ-д элсэхэд үг хэлж байсан Дондогийн Цэвэгмид, Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Хэл шинжлэлийн ухааны мэргэн гүүш Бямбын Ренчин, дуучдаас Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзад, ХАА-н салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар Н.Намжиг, дуу хөгжмийн алтан бүтээлүүдийн ихэнхийг бүрдүүлэгч Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав, үндэсний спортын төлөөлөл болгож “Буур” хэмээх Жамьян аварга, радиогийн “бүдүүн дуут” хэмээн түмэн олон сонсогчдынхоо зүрхэнд хоногшсон МУСГЗ Базарын Цэдэндамба, Ардчиллын дуу хоолой болсон олон хүмүүсийн үнэт бичлэг байдгаас Санжаасүрэнгийн Зориг агсныг онцолж 10 хүнд тухайн хүмүүсийн дуу хоолойн бичлэгийг Алтан сангаас CD-д буулган хадгалуулж байгаа юм” хэмээн ярьлаа.
Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат “Би 1950 онд анх удаа радио сонссон. Тогооны халив шиг хар юм яриад, дуу дуулаад байсан. Тэрнээс хойш 60 гаруй жил болжээ. Радиог зөвхөн сонсдог байсан бол өөрөө дотор нь ярьдаг болсон байна. Мэдээллийн хэрэгсэл олон болж зөвхөн радиог сонсдог цаг өнгөрсөн ч монголчууд ихэнх нь радио сонсож байгаа. Хөгшид, хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ном уншиж чадахгүй болсон, хараа нь муудсан, хараагүй болсон хүмүүс бол ялангуяа мэдээллийг радиогоос л авч байгаа. Манайх гэртээ байх үедээ өглөө 6 цаг 10 минутаас эхлээд орой болтол радиогоо сонсдог. Харин хүлээн авагчаар хангах асуудлыг радиогийнхон давхар бодмоор юм. 60-аад онд хэрэглэж байсан хүлээн авагч VEF-ийг өөрсдөө үйлдвэрлэх, эсвэл захиалж хийлгэх хэрэгтэй” хэмээн Алтан сангийн “Гэрэгэ” гардан авахдаа радиогийн талаар өөрийн дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа. МҮОНР-гийн “Нээлттэй хаалганы өдөр”-өөр нийт 400 гаруй сонсогчид зочилсон юм.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв
URL: