УРД ХӨРШИЙН НӨЛӨӨ нэмэгдсээр

Их гvрний эдийн засаг, шинжлэх ухаан, vйлдвэрлэл, боловсрол, технологийн төвшин ямар байгааг хамгийн тодоор харуулдаг зvйл бол нисэх хvчин. Нэг онгоц хийхийн тулд олон зуун хvнтэй зохион бvтээгчдийн өндөр чадвартай баг ажиллах шаардлагатай. Тэдэнд хамгийн сvvлийн vеийн компьютер, техник технологи, судалгааны төвvvд хэрэгтэй. Тэгэхээр шинжлэх ухааны төвшин онцгой өндөр хэмжээнд хөгжсөн байх ёстой. Онгоцны их бие, далавч гээд бvх зvйлд тусгай жороор гvйцэтгэсэн хөнгөн хайлш, полимер материал ашигладаг.

Тэгэхээр төмөрлөгийн vйлдвэр, химийн vйлдвэрлэлийн хөгжил маш өндөр байх шаардлагатай. Хөдөлгvvргvй бол онгоц нисэхгvй болохоор vvнийг зохион бvтээх товчоо тусдаа байж, тvvнд онгоц бvтээхээс дутахааргvй их хөрөнгө оруулалт, нарийн мэргэжлийн боловсон хvчин хэрэгтэй. Тусгай компьютер ба бусад цахим төхөөрөмжгvйгээр орчин vеийн онгоцыг төсөөлөх аргагvй. Цахим тоног төхөөрөмж, программ хангамж нь дээд зэргээр хөгжсөн байх шаардлагатай. Онгоц зvгээр нэг тvлшээр нисчихдэггvй болохоор газрын тос боловсруулах vйлдвэрvvд нь маш өндөр төвшинд хөгжих ёстой.

Эцэст нь энэ бvхнийг олон жилийн турш тасралтгvй хөрөнгө оруулалт хийн мөнгөөр тэтгэж байх шаардлагатай. Манай урд хөрш энэ бvх vзvvлэлтийг асар богино хугацаанд дэлхийн хэмжээнд хvргэж чадсан улс. Наад захын жишээ бол дэлхийн хэмжээнд дуулиан тарьж, Америк, Орос, Япон зэрэг их гvрний анхаарлыг ихэд татсан тав дахь vеийн сөнөөгч онгоц бvтээсэн. Дэлхийд зэвсэглэлдээ тав дахь vеийн сөнөөгч онгоцтой цорын ганц гvрэн бол АНУ. Оросууд ийм онгоцоо дөнгөж бvтээж байтал хятадууд хэдхэн жилийн дотор бvтээгээд зэвсэглэлд авахад бараг бэлэн болсон тухай яригдаж байна.
Тиймдээ ч 1996 оноос эхлээд Гуандун муж дахь Жухай хотноо “Airshow China” нэртэй нисэх хvчин, сансрын технологийн шоу зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг Хятадын Vйлдвэрлэл ба мэдээллийн технологийн яам, Олон улсын худалдааг дэмжих Хятадын Төрийн хороо, Батлан хамгаалах, техник ба vйлдвэрлэлийн Төрийн удирдах газар, Хятадын иргэний нисэхийн удирдах газар, Бvх Хятадын нисэхийн vйлдвэрлэлийн корпорац зэрэг Хятадын төрийн том албад, байгууллагуудын дэмжлэгтэй зохион байгуулж байгаа юм. Энэ салбарт манай урд хөрш хэрхэн анхаарал тавьж байгааг vvнээс илvvтэйгээр илэрхийлэх хэцvv биз.


Энэ арга хэмжээг нээж хэлсэн vгэндээ Хятадын Цэргийн нисэх хvчний командлагчийн орлогч Жуо Лайзан нь “Airshow China-2012” vзэсгэлэн нь Хятад ба бусад улсын хувьд нисэх онгоц ба сансарын салбарт туршлага солилцох, хамтран ажиллах нэн чухал талбар юм. Ийм хамтын ажиллагаа нь дэлхийг хамраад байгаа технологийн хувьсгал ба эдийн засгийн даяарчлалын vеийн бvх нийтийн хандлага ” гэж хэлжээ.
Энэ жилийн шоунд дэлхийн 39 орны 650 гаруй компаниуд нисэх онгоц ба сансартай холбоотой бvтээгдэхvvнvvдээ олон нийтэд танилцуулж байгаа. Vзэсгэлэнд 114 нисэх онгоц, нисдэг тэрэг, өөрөө нисэгч зэрэг төхөөрөмжvvдийг танилцуулсан байна. Мэдээж зvгээр нэг танилцуулахгvй vзэсгэлэнд хvрэлцэн ирсэн орон орны цэргийнхэн, иргэний нисэхийн төлөөллvvдтэй уулзаж, хэдэн тэрбум ам.доллараар яригдах гэрээ байгуулж, хэлэлцээр хийнэ. Vзэсгэлэнгийн талбай нь 28,2 ам.км.


Оролцсон орнуудаас хамгийн том талбай эзэлсэн нь мэдээж, зохион байгуулагч Хятад. Урд хөршийн 169 компани бvтээгдэхvvнээ танилцуулж байна. Хятад нь энэ удаагийн vзэсгэлэнд байлдааны зориулалттай автомат нисэх төхөөрөмж, дотооддоо бvрэн зохион бvтээж, гадаадын тусламжгvйгээр vйлдвэрлэсэн хамгийн том онгоц болох “Comac C919”, байлдааны хамгийн сvvлийн vеийн сөнөөгч онгоц болох J-10 гээд асар олон бvтээгдэхvvнээ дэлгэн харуулжээ. Онгоц, тоног төхөөрөмжөөс гадна найман “J-10” сөнөөгч онгоцоор нислэг гvйцэтгэдэг дээд нислэгийн “Наймдугаар сарын 1” нэртэй баг нислэгийн гайхамшгийг харуулан оролцлоо. Энэ багад нь шоуны нээлт хийсэн нислэгтээ нислэгийн уламжлалт элементvvдээс гадна нэмж шинэ таван элемент vзvvлэв.


Vзэсгэлэнд талбай, бvтээгдэхvvнээрээ хоёрт орох том vзvvлэнг АНУ-ын тал байгуулжээ. Энэ шоунд АНУ-ын 42 компанийн нисэх ба сансрын салбарын бvтээгдэхvvнийг танилцуулж байгаа. АНУ нь иргэний агаарын “Боинг” онгоцууд, онгоцны электрон тоног төхөөрөмж зэргийг олонд хvргэж байгаа юм. Америкчууд нь зэвсэг, цэргийн зориулалттай техник, технологио алдахаас сэргийлээд Хятадын талд нийлvvлдэггvй.
Танилцуулсан бvтээгдэхvvн, оролцож байгаа компани, эзэлсэн талбай зэргээрээ гуравт орсон орон бол манай хойд хөрш. Энэ удаагийн шоунд Оросын 35 компани оролцож өөрийн бvтээгдэхvvнээ танилцуулж байна. Хятадууд нь Оросын цэргийн зориулалттай онгоц, нисэхийн тоног төхөөрөмжийн томоохон худалдан авагч болохоор оросуудын vзvvлэнг их сонирхох нь ойлгомжтой. Vзэсгэлэнд оросууд Су-35 сөнөөгч, Су-32 бөмбөгдөгч, сургалтын онгоц Як-130, тагнуулын нисдэг тэрэг Ка-52, ачааны нисдэг тэрэг Ми-26, “агаар-агаар” ангиллын пуужин, хөдөлгvvр гээд маш олон бvтээгдэхvvнээ сонирхуулж байна.


Мөн Оросын дээд нислэгийн vзvvлбэр хийдэг алдарт “Стрижи” багийнхан vзvvлэх тоглолт хийж цугласан олны анхаарлыг маш ихээр татлаа.
Цаашлаад, энэ шоунд Францын 23 компани, Италийн 12 компани, Германы есөн компани, Их Британийн таван компани оролцож байгаа юм. Оролцож байгаа орнууд, компани, танилцуулж байгаа бvтээгдэхvvн гээд бvх зvйл нь энэ шоуг ямар төвшнийх болохыг маш тод харуулж байна.
Өнөөдөр Хятад нь хvн ба ачааны тээвэрлэлтээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа улс. Энэ vзvvлэлт цаашдаа улам нэмэгдэх бөгөөд 2014 он гэхэд хvн тээврээрээ АНУ-аас тvрvvлнэ. Тэгэхээр АНУ-ын “Боинг”, Европын холбооны “Аэробус”, Оросын “Супержет” зэрэг онгоцны борлуулалтын хамгийн том зах зээл нь манай урд хөрш болж хувирна. Хятадууд vзэсгэлэн зохион байгуулах хэлбэрээр өөрийн онгоцны vйлдвэрлэлийг хөгжvvлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд 2015 оноос эхлээд нэр дурдагдсан онгоцуудтай өрсөлдөх хэмжээний өөрийн иргэний онгоцоо дотоод болон гадаадын зах зээлд нийлvvлж эхэлнэ. Байлдааны онгоцын хувьд Хятадынх vнэ хямдын ачаар Пакистан гэх мэт олон оронд нийлvvлэгдээд эхэлсэн. Хамгийн сvvлд өчигдөр гэхэд л Хятад “Y-18” нэртэй байлдааны ачааны онгоцыг Венесуэлд нийлvvллээ. Энэ онгоц нь бvр Зөвлөлтийн vед vйлдвэрлэж байсан Оросын “Ан-12” онгоцны сайжруулсан хуулбар.


Энэ мэтээр манай урд хөршийн нөлөө улам нэмэгдсээр.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих