Ардчилсан нам анархизмыг хөгжүүлж, ардчиллаасаа нүүр бурууллаа

-1937 оны их хэлмэгдүүлтийн салхи энэ он жилүүдэд сэвэлцэх нь энэ үү-

Улаанбаатарыг утаанаас салгахаа амлаж байсан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон даруйдаа утааг бууруулах бус харин ч нэмэх санаачилга гаргачихлаа. Иргэн Балдангийн зуухнаас гардаг утааг бууруулахын төлөө өнгөрсөн хугацаанд Засгийн газар хангалттай ихийг хийсэн. Тэр бүхэн нь иргэн Балдангийн уушгийг, түүний гэр бүлийнхний эрүүл мэндийг хамгаалахын төлөө байлаа. Гэтэл “Мах экспо” компаниараа дамжуулан нөөцийн махаар улаанбаатарчуудыг сорон мөлжиж, хувийн компанийнхаа шугамаар төрөөс жилдээ худалч хүнд тэрбум төгрөг халаасалж суудаг Ерөнхий сайд маань энэ удаад улаанбаатарчуудын эрүүл мэндийг бодсонгүй. Зөвхөн ирэх сард болох Орон нутгийн сонгуульд оноо авахын тулд улаанбаатарчуудыг уут нүүрсээр хуурах бодлого бодож олсон нь энэ. Пиар хэмээх хий хоосон улс төрд хөтлөгдөж, он жилүүдэд шалгарч үлдэх бодлого хэрэгжүүлэхээс татгалзаж буй шинэчлэлийн Засгийн газрын энэхүү санаачилга бүхэлдээ төр иргэнийхээ эсрэг боссон тийм аймшигт хорлон сүйтгэх ажиллагаа байлаа. Учир нь, Улаанбаатарын хүн ам бүгдээрээ Ерөнхий сайд хийгээд төрөөс төрсөн тэрбумтнууд шиг Зайсанд эрүүл агаарт амьдрах боломжгүй. Бид Улаанбаатар хотынхоо утаан дунд, уушгаа хордуулсаар л амьдарна. Тийм болохоор Зайсангийн цэвэр агаарт өглөөг угтдаг шинэчлэлийн Засгийн газрын сэвгүй сайд нарт жирийн иргэний эрүүл мэндээс илүү ирэх сард болох Орон нутгийн сонгуулиас олох олз, ашиг нь чухал байлаа. Үндсэн хуульдаа “Төр бол иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй” гэж заасаар байтал тэд эрх мэдлийнхээ өндөрлөгөөс хуулийг хууль болгож, “Төр иргэнээ хорлох эрхтэй” болгон өөрчилж байна. Мэдээж нэг удаагийн сонгуулийн төлөө. Энэ бол жинхэнэ утгаараа эмгэнэл. Жинхэнэ утгаараа их хэлмэгдүүлэлт юм.

Цаашлаад ардчиллыг өмчлөгчид өдрөөс өдөрт оодорч байна. Тэд хуулийг өөрсдийн дураар зохиож, хууль хэрэгжүүлэгчдийг өөрсдийн хүслээр томилж, хуулийг жинхэнэ утгаар нь шударга иргэний өөдөөс тавих боохой болгон ашиглаж байна. Цаашлаад улс төрийн намын хувиар сөрөг хүчнийг хавханд оруулах өрөм мэтээр ашиглаж байна. Тэд чадаж байна. Ердөө л энэ оны зургаадугаар сард тэд Монголын хамгийн шударга улстөрч байсан. Үүнийхээ төлөө “Засгийн газраас гарч, тусгаар тогтносон улс төрийн хүчин болохоо батална” хэмээн зарлаж байсан. Гэвч тэд өөрсдийн Ерөнхийлөгчөөрөө гул барьж, Монголын ардчиллыг, Монголын хууль, шүүхийг бүхэлд нь театр, театрын тайзнаа дүр бүтээгч алиа салбадай болгон хувиргачихлаа. УИХ-ын дарга З.Энхболд гэхэд чуулганы танхимд байс хийгээд Тамгын газрын ажилтнууд буюу төрийн албан хаагчдыг дарамталж, ажлаас нь халж солино хэмээн айлгадаг боллоо. Ардын намын гишүүдийн картыг хууль зөрчиж, шургуулаагүйнх нь төлөө хоёр ч Тамгын газрын ажилтанг “Хална шүү” гэж заналхийлсэн. Дараа нь Төрийн тусгай хамгаалалтын албаны даргыг мөн л Төрийн ордон хийгээд түүний хашаан дотор байгаа гишүүдийг хамгаалах үүрэгтэйг нь мэдсээр байж “Халчихна шүү” гэж дарамталсан. Ингэхдээ Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн эрх ашгийг хамгаалсан гэж байгаа. Р.Бурмаа гишүүн саяхан л ард олны эрх ашгийг хамгаалдаг иргэний нийгмийн төлөөлөл болох гайхуулж байсан бол ердөө хоёр сарын дараа өөрийг нь бүчин саналаа хэлэхийг хүссэн сонгогч олноо “Намайг зодсон. Миний амь насанд аюул учруулсан” хэмээн хэтрүүлэн гүтгэх нь тэр. Р.Бурмаа гэдэг хүн ердөө хоёр сарын өмнө огт өөр зүйл ярьж явснаа өнөөдөр санахыг хүссэнгүй. Ардчилсан намынхан засгийн эрх барихаараа хэрхэн өөрчлөгдөж чаддагийн баталгаа нь энэ.

Түүнчлэн тэд УИХ-ын сонгуулийн өмнө гэхэд Ардын намын харьяалалтай тав, зургаан аймгийн даргад ял төлөвлөж, зарим нэгийг нь санаснаараа шийтгэж чадсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод байсан нэр дэвшигчдийг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардахаас нь нэг өдрийн өмнө барьж хорьсон нь лав л гурваар тоологдоно. Энэ нь зөвхөн Ц.Анандбазар хийгээд Д.Батхуяг нарын асуудал биш юм. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг Ерөнхийлөгч ердөө жил гаруйхны өмнө “Замбараагүй олгосон лицензийг цэгцэлж чадлаа” хэмээн зарлаж байсан. Гэтэл жил гаруйн дараа Д.Батхуяг шиг муу, муухай хүн байхгүй гэж байна. Эцсийн дүндээ үүнийг нь учир мэдэх хүмүүс “Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр Ардын намаас нэр дэвшвэл Д.Батхуягийг түүний хүн гэдгээр нь яллаж, улс төр хийх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн тайлбарлах нь бий. Магадгүй өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн байгууллагыг хүчээр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ийн ашиглаж байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэр бүлтэй нь сардаа нэг удаа уулзуулвал, уулзуулж, хэл чимээгүй, бүдэг бадаг таамаг төдий барьвчилсан болж, цаг авч байгаас нь харвал ардчилсан Ерөнхийлөгчид аймар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй байж болох л юм.

Үүнээсээ өмнө Орон нутгийн сонгуулийн золиос болгох зорилгоор өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газрыг гэнэтийн мэдээлэл хийхэд хүргэсэн байгаа. Мэдээллээс нь товчилбол “Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ж.Бадамжунай тэргүүтэй улстөрчдөд хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэх өгүүлбэр. Тэд УИХ-ын сонгуулийн өмнө Авлигатай тэмцэх газрыг, Улсын Ерөнхий прокурорын газрыг энэ мэтээр л ашигласан. Үүнийгээ ч дараа нь баталсан. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр гэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгааны үеэр, Ардын намынхныг баривчилж, шалгах болоход ямар их том дуугарч, хэвлэлээр мэдэгдэл хийдэг байлаа. Гэтэл тэр өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөх болчихоод явж байна. Яг түүн шиг хоёр ч байцаагч шинэчлэлийн Засгийн газар бүрдэхтэй зэрэгцээд төрийн албанд яам, агентлагийн газар, хэлтсийн дарга болж дэвшсэн. Энэ бол Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хэний зараалаар ажиллаж, хүний дохиураар албан тушаал дэвшив гэдгийн бодит нотолгоо.

Тэр Өвөрхангайд Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёрынх нь улайрлыг хар л даа. Дэндүү гэхэд дэндүү дэндүү улайрал. Төрийн эрхийг хууль бусаар авахын төлөөх шунал хүсэл аль хэдийнэ Г.Батхүү, Д.Зоригт гэсэн Монголын толгой олигархиудыг ард түмнийг басамжлан доромжлоход хүргэж байна. Ардын намаас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Ардчилсан намаас нэр дэвшигчдээс бүхэл бүтэн 6000 гаруй сонгогчийн санал илүү авчихаад байхад тэд хүлээн зөвшөөрч чадахгүй, Монголын хуулийг Сонгуулийн ерөнхий хороо, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хамтаар хий хоосон цаас болгон хувиргаж байна. Өөрөө өөрийнхөө саналаар төрийн шударга түшээгээ сонгосон гэдэгтээ итгэлтэй байгаа Өвөрхангай аймгийн сонгогчдыг басамжлан доромжилж, амьдралаар нь тоглодог архины бизнесээсээ дорд үзэж байна. Арай ч дээ, архи тараалаа, тараалаа гэхэд АПУ-гаас их тарааж, мөнгө тараалаа, тараалаа гэхэд “Монголшуудан”-гийн Д.Зоригтоос л их тараав гэж дээ. Тэгээд ч Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан Г.Хасбаатар гэхэд Г.Батхүү, Д.Зоригт нарыг аймагтаа нэр дэвших эрх олж авахын тулд Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчиж, 165 сая төгрөг тараасан гэдгийг нь өөрийн биеэр нотолсoн. Гэтэл Ардчилсан намын ард түмнээ хүн гэж үзэхээ байсан дээрхи хоёр олигархи шударга залуугийн улс төрийн хүсэл зоригийг нь тасалдуулж, Ардчилсан намаас хөөлгөж чадсан байгаа. Энэ бол Ардчилсан нам анархизмыг өөгшүүлэн хөгжүүлж, өөрсдөө ардчиллаасаа нүүр буруулсны сонгодог жишээ юм. Үндсэндээ тэртээ 1937 оны их хэлмэгдүүлтийн салхи энэ он жилүүдэд сэвэлцэх нь энэ байж болох юм. Ардчилсан нам анархист болохоороо аймар болчихдогийн жишээ гэвэл үүнийг хэлж болох биз ээ. Монголын ардчиллыг бурхан ивээг.


URL:

Сэтгэгдэл бичих