Хууль бус эхэлсэн л бол хууль бусаар төгсөнө

Хүмүүнлэг ардчилсан хэмээн ярих дуртай улстөрчид хууль тогтоох дээд байгууллагаа хууль бус коммунист маягаар эхлүүлж, хууль бусаар УИХ-ын даргаа томилсноор Монголын улстөр, нийгэм тэр чигтээ буруу урсгалд орчихлоо. Энэ бол Монголын улстөр, нийгэмд тэр чигтээ аюулын харанга дэлдсэн хэрэг.

Иргэд чухам юунд итгэж, ямар хууль засаглалтай улсын иргэн бэ гэдгээ илэрхийлэхэд ч хэцүү болжээ. Өнгөрөгч сонгуулиар автомат машины тусламжтайгаар 31 суудал авч, УИХ-д олонхийн бүлгийг бүрдүүлэх болон АН-ынхан Н.Энхбаярын сүүдэр дор 11 суудал авсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнтэй хавсарч байгаад УИХ-ын чуулганаа хууль бусаар хуралдуулж, хууль бусаар УИХ-ын даргаа томилсон нь олонхийн хүчээр ард олны итгэл сэтгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болов. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээр далайлгаж, ард түмэндээ хүчирхийлэл үзүүлж байна гэсэн үг. Учир нь Монгол Ардын Намаас ард түмний санал авч УИХ-д суусан 25 гишүүнгүйгээр уг асуудлыг хууль бус шийдчихэв. АН-ын хувьд УИХ-ын даргыг томилсноос хойш 24 цагийн дотор намын бүлэг байгуулсан тухай шийдвэрээ УИХ-ын даргад мэдэгдэх ёстой ч Монгол Ардын Намынхан энэ тухай хуулийн хугацаанд мэдэгдээгүй учраас Монгол Ардын Намын бүлэг гэж байхгүй, 25 сул гишүүн бий гэсэн үндэслэл ярьсаар байгаа. Харин Монгол Ардын Намынхан болохоор хууль бусаар хуралдаж, хууль бусаар УИХ-ын даргыг томилсон учраас намын бүлгийн тухайд мэдэгдэх шаардлага байгаагүй хэмээж байна. Тэгээд ч МАН-ынхан УИХ-ын Тамгын газрын даргад энэ тухай мэдэгдсэнээ тайлбарлаж байхад өнөөдрийг хүртэл өөрсдийнхөөрөө дайрсаар байна.

Уг нь энэ асуудлаар дээрээ цэнхэртэх тэнгэрээс өөр зүйлгүй гэх Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл Үндсэн хуулийн öэц маргаан үүсгэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Өнөөх Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг байсан цаг ард хоцорч, Цэцийн дээр АН, түүнийг хаацайлдаг, хамгаалдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж суугааг шууд харуулсан хэрэг болсон. Уг нь Цэцийн дээр сандайлсан Ц.Элбэгдорж Ардын намын гишүүдийг сонгосон хагас сая иргэнийхээ эрхийг бодолцохын зэрэгцээ айсуй Ерөнхийлөгчийн сонгуульдаа санаа тавьж, УИХ-ын Дэгийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл улсынхаа Ерөнхийлөгчөөс том толгойтой АН-ынхан Дэгийн тухай хуулийг хэлэлцэх асуудалдаа оруулахгүй гүрийсээр.Өнгөрсөн хугацаанд АН Ерөнхийлөгчийнхөө тус дэмийг бишгүй л хүртсэн. Одоо ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ачийг бачаар хариулж байгаа хэрэг үү. Чухам юунд хагас сая хүний итгэл өвөртөлж ирсэн Ардын намын гишүүдийн бүлгийг байгуулахгүй цаг уяаад байгаад хамаг учир бий. Угаасаа улсын Ерөнхийлөгч, эв нэгдлийг эрхэмлэгч, илэрхийлэгчийн хувиар Дэгийн тухай хуулийг санаачилж өргөн барьсан учраас олонхийн бүлэг яалт ч үгүй энэ асуудлыг хэлэлцэх учиртай. Хэлэлцэхээс гадна олон зуун мянган иргэдийн эрх ашгийн үүднээс Ардын намын бүлгийг байгуулах нь гарцаагүй. Хамгийн гол нь цаг уяж, шалтаг тоочин хэлэлцэх асуудалдаа оруулж ирэхгүй байгаа нь 2013 оны төсөвтэй холбоотой. Олонхийн бүлэг дангаараа энэ улс орны төсвийг батлах гэж улайрч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хагас сая иргэний үзэл санааг энэ төсөвт тусгуулахгүй байхаар зүтгэж байна. Тэгэхээр тэд äахиад л улсын төсвийг хууль бус батлахаар дайрлаа.

Нөгөө талд тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, цаг хугацаанаас эхлээд бүх зүйлийг мөн л хагас сая иргэний үзэл санаагүйгээр олонхийн хүчээр баталсан. Өнгөрөгч сонгуулийн эргэлзээ гараагүй. Өвөрхангайн тойрог гэхэд л төрд төлөөлөх элчгүй хэдэн сарын нүүрийг үзэж байгаа зэрэг олон сөрөг зүйл бий.  Тиймээс ч иргэд “Бид төрд төлөөллөө сонгож оруулсан ч тэдний байр суурийг УИХ авч хэлэлцэхгүй байгаа нь сонгогч олны эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болоод байна. Тэгэхээр бид Орон нутгийн сонгуульд оролцох хэрэг байна уу гэж бодоход хүргэлээ” гэх ч бий. Үүнээс дүгнэж харахад Орон нутгийн сонгуулиар сонгогчдын идэвх муу байхаар харагдаж байна. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллага хууль бусаар ажлаа эхлүүлж даруй дөрвөн сарын нүүрийг үзлээ. Нэгэнтээ буруу замаар гарсан олонхийн бүлэг îрон нутгийн сонгуулиа ч хууль бус явуулах магадлал бий. Игэдийн ярьж байгаагаар бол îрон нутгийн сонгуулийн ирц хүрэх үү үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Анхнаасаа “бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр дарга сайд болох гэж яарсан нөхдүүд бүх зүйлээ хууль бус эхлүүлсэн. Тэгэхээр суудалтайгаа зууралдаж явсаар хууль бусаар төгсөх хандлага ч ажиглагдах болсныг нуух юун.

 

Б.Өлзийт


URL:

Сэтгэгдэл бичих