Түмнээ түшиж, төрөө хянахгүй бол болохгүй нь
Ард иргэдээ төрд төлөөлнө гэдэг амаргүй ажил гэдгийг өнөөдрийн Засгийн газар алхам тутамдаа харуулах болсон төдийгүй хяналтгүй төртэй байхыг хүсэгчид гэдэг нь ч тодорхой болж байна.
Хяналтгүй байхын тулд хүчтэй сөрөг хүчнээ бүлэггүй явуулж, өөрсдийнхөө дур зоргоор асуудлыг шийдсээр байгааг хэлсэн хэрэг. Хагас сая иргэнийн итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д орж ирсэн Ардын намын бүлгийг байгуулахгүй олонхийн дарамт үзүүлж байгаа нь түмнээ гэсэн сэтгэлгүй төртэй байгааг бэлхнээ харуулсан хэрэг. Тэгэхээр өнөөдөр түмэнтэйгээ хамт, түмнээ түшсэн, төрдөө хяналт тавьдаг тийм жишиг рүү оруулахгүй бол анхнаасаа буруу замаар будаа тээсэн олонхийн бүлэглэл, өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа улс орон, ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлэхэд амархан харагдаж байна. Ард түмэндээ хандаагүй, тэднийг түшиглээгүй гэдэг нь юунаас ч болов тодорхой харагдах болсон. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л 2013 оны төсвийн төслийг ард олонд ямар ч наалдацгүй, төрийн дээдэст зориулсан маягаар батлалаа.
Гэхдээ энэ алдаа завхралаас гаргах ганц боломж нь айсуй Орон нутгийн сонгууль юм. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн, Засгийн газрын шинэ бүтэц бий болоод багагүй хугацаа өнгөрч, ард түмэн төрийн дээд байгууллагад дүн тавих цаг нэгэнтээ болсон. Хүссэн ч хүсээгүй, удахгүй болох Орон нутгийн сонгуулиар ард түмэн дүн тавих болно. УИХ-д олонхийн суудал бүрдүүлж, засгийн эрхийг гартаа хийсэн АН-ынхан өнгөрөгч хугацаанд огт зүгээр суугаагүй нь үнэн. Гэхдээ шоу төдий зүйлээр өдөр хоног өнгөрөөж байсан нь бас худлаа биш. Энэ тухай хэвлэлүүд ч дэлгэх болов, ард олон ч ам уралдан ярих болсон. Хамгийн гол нь түмэндээ хандсан зүйл огт хийсэнгүй хэмээн шүүмжлэл дагуулах болсон нь аюул дагуулсан дохио мөн. “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Засгийн газрын тэргүүн цэнхэр дэлгэцээр нүүрсний шуудай барин шоудах мэтээр ажил хийсэн болж байсныг нь хэн ч үгүйсгэхгүй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хувь эзэмшдэг Багануурын нүүрсний уурхайгаас нийслэлийн иргэдэд хямдралтай үнээр нүүрс олгох “зангууны үлгэр” гэмээр ажил зохион байгуулсан нь нэгнийхээ бизнест тусалсан төдий л зүйл болохоос биш ард түмэнд ямар хүртээлгүй зүйл байсан гэдгийг бид бэлхнээ харж байна. Үнэн хэрэгтээ төрөөс зохицуулж өгч байгаа нүүрсний тээврлэлтийн зардал нь хэний халаасанд орох мөнгө вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх.
Өнгөрөгч хугацаанд сөрөг хүчин болсон Ардын намын бүлгийг байгуулахгүйгээр “гүрийж” байгаад 2013 оны төсвийн төслийг өөрсдийнхөөрөө баталлаа. Ямар ч задаргаагүй, төрийн дээд эрхмүүдэд хандсан, ард иргэдэд хүртээл муутай төсөв боллоо гэдгийг хөндлөнгийн ажиглагчид, албаны хүмүүс хэлж байна. Өнгөрөгч пүрэв гаригийн хуралдаанаар баталсан төсвийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ “Засгийн газрын оруулж ирсэн төсөв нэгдүгээрт, нийгэмдээ хандаагүй, ард түмний амьжиргааны асуудалд анхаараагүй. Үүнийгээ хамаагүй мөнгө тараахгүй гэдэг байдлаар тайлбарласан. Хүүхдийн мөнгө олгохыг эс тооцвол иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр хатуу төсөв болсон. Өнгөрсөн жилүүдэд бид төсвөө баталсныхаа дараа юу гэж хэлдэг байсан гэхээр “Энэ төсөв бол ард түмний амьжиргааг дээшлүүлсэн, иргэдийн амьдралд хүртээмжтэй зүйл ихтэй төсөв боллоо” гэж ярьдаг байлаа. Энэ удаад ингэж ярих зүйл бараг алга. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлснээр бусад байгууллагын цалин нэмэгдэх, иргэдийн орлого өсөх хандлага дагуулдаг. Гэтэл өндөр настны тэтгэврийг нэмэх тухай ч байхгүй байгаа юм. Нийтэд нь төсвийг гаднаас нь харахад зүгээр мэт боловч дотор нь нарийн авч үзвэл бас асуудал бий. Засгийн газар төсөв оруулж ирэхдээ ард түмэнд нүүр өгсөн төсөв оруулж ирээгүй гэдгийг батлах хоёр дахь баримт бол боловсролын салбарын нийгмийн хамгааллын төвшинг бууруулж оруулж ирсэн” хэмээсэн нь хэвлэлийн хуудаснаа бий. Зөвхөн эрхэм гишүүний ярианаас харахад л энэ засаг ард түмэндээ хандсан зүйл юу ч хийсэнгүй. Тэгэхээр айсуй орон нутгийн сонгуулиар иргэд бид дүнгээ зөв тавихгүй бол цаашид амьдрал хүндэрч магадгүйг сүүлийн хэдхэн сарын дотор харуулсан шүү дээ. Тэр ч бүү хэл өнгөрөгч сонгуулиар таны өгсөн зарим санал хүчингүй болсон нь баримтаар ч илэрч байгаа. Илт давуу санал авсан Өвөрхангайн тойрогт нэр дэвшигчид өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний тангаргаа өргөж чадахгүй байна. Өвөрхангайчуудыг төрд төлөөлөх элчгүй явуулж байгаа олонхийн бүлгийн дарангуйлал, түүнийг хаацайлдаг шүүх эрх мэдлийн байгууллага өвөрхангайчуудаас уучлал гуйх цаг нь болсон санагдана. Энэ мэтээс харахад олонхийн бүлэг ард түмэндээ хандахгүй байгаагаас гадна түмнээ түшисэн бодлого явуулахгүй байна. Нөгөө талд олонхио хянаж байх учиртай сөрөг хүчнээ бүлэггүй явуулахын зэрэгцээ олон асуудал дээр бойкот хийж байгаа нь хяналтгүй төртэй байлгахыг илт хүсч байна.
Хамгийн наад зах нь гэхэд л иргэдийн 100 сая төгрөгөөс дээш хадгаламжаас хүүгийн орлогын татвар авахаар төсвийн төсөлд хуульчилж өгсөн нь ч иргэддээ ямрхан хандаж байгааг харуулсан хэрэг. Шинэ парламент, “Шинэчлэлийн” гэх Засгийн газар ард иргэддээ хандсан ямар бодлого явуулж байгааг зөвхөн эдгээр жишээ харуулаад ч зогсохгүй. Тэгэхээр айсуй сонгуулиар төрөө хянах ёс зүйтэй, чадвартай, түмнээ түшиж, тэдэндээ ойртсон бодлого явуупдаг тулхтай улстөрийн хүчин бидэнд хэрэгтэй байгааг сануулахад илүүдэх юун. Бидэнд тийм боломж 11 дүгээр сарын 21-ны өдөр тохионо.
Б.Өлзийт
URL: