Толгой ба хөл

-Монгол Ардын Нам түмэн олонтойгоо хамт төрийг хянана-

Ардын нам хаана байна гэж үү. Засгийн эрхийг барихаа больсон, Их хурлын гишүүд нь бүлэг ч үгүй ийм нам ер хаана байдаг гэж…Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш ийм яриа мэр сэр сонсогдох болсон. Ард түмэн Монгол Ардын Намыг үгүйлж байгааг эндээс харж болно. Тиймээ, Ардын нам сөрөг хүчин болсон. Тэгээд юу гэж гэсэн асуулт араас нь давхцана. Тэгээд үү, Ардын нам ард түмэнтэйгээ ямагт байсан шигээ энэ удаа ч тийм л байна. Эрх мэдэлтнүүдийг хянана гэдэг магадгүй их эрх мэдэлтэй байж “хилэнц хураах”-аас илүү чухал бөгөөд хариуцлагатай, басхүү сонирхолтой ажил билээ. Монгол Ардын нам өнөөдөр ийм түүхэн үүргийг гүйцэтгэж эхлээд байна.
Орон нутгийн сонгууль болж буй энэ өдрүүдэд хяналт ба хөл гэх үг хаа сайгүй сонсогдож байгааг эрхэм уншигч Та ч анзаарсан байлгүй. Эрх баригчид буюу Ардчилсан намынхан, тэдэнтэй нэгдсэн МАХН-ынхан, ИЗНН-ынхан ч бас орон нутагт хөлтэй болохыг ихэд эрмэлзэж буй юм байх. Хөл…Хүнд хоёр хөл, амьтанд дөрвөн хөл, зарим өт хорхойнд бүр нэлээд хэдэн хөл бий. Гэтэл эрх баригч улстөрийн хүчний хувьд хөл гэж яг юу юм бол…? Тэдний ярьж байгаагаар бол засгийн эрх мэдлийг авсан хэдий ч орон нутгийн эрх мэдэл өөрсдийнх нь халаасанд ирээгүй учир толгой нь хөдөлж чадахгүй байгаа бололтой. Харин орон нутгийн иргэдийн хувьд толгойгоо буюу өөрсдийгөө төлөөлж ажиллан, шийдвэр гаргах удирдлагаа сонгох л сонгуульд оролцож байна. Аймаг, сум, дүүргийн ард түмний хувьд бодож, сэтгэдэг толгой тархи шиг нь ажиллах учиртай засаглалын эрх мэдлийг эрх баригчид тархины удирдлага дор зүгээр л явдаг хөл төдийхнөөр бодож, үзэж байгаа нь сонгогчдод үнэндээ таалагдахгүй байна.
Ухаж төнхөөд ургуулан бодвол орон нутагт өөрсдийнх нь хүмүүс гарчихвал толгой болсон Засгийн газраас бүхнийг зааж чиглүүлэхээр төлөвлөж байнаа гэж л ойлгохоос өөр арга алга. Орон нутгийн Иргэдийн хурлууд, засаг захиргаа ямар ч эрх мэдэлгүй болж, тархи гэж үзэж буй Засгийн газрын удирдлагаар хаашаа ч хамаагүй бөмбөрөөд явах нь ээ гэсэн үг. Дугаар хорооны иргэд тэрүүхэндээ нягтарч, өөрсдийн хүчийг бөөгнүүлж ажиллах төлөөллөө сонгосон байтал дээрээс “толгой” тушаал буулгаад байх нь мөнөөх өөрийгөө удирдах иргэдийн эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг болно. Эрх мэдэлтэй АН-ын “толгой” болсон дарга нар яг л ийм юм хүсч байгаа нь чухамдаа ард түмнээ “хөл” төдийхнөөр үзсэнтэй холбоотой юм. Харин ард түмэн хөл биш, толгой байхыг хүсч байна.
Тэгвэл бүхнийг дан ганц өөрийнхөө том толгойгоор шийдэхийг хүсч буй эрх мэдэлтэй этгээдүүдийг яавал зохилтой вэ. Хариулт нь энгийн бөгөөд хялбар. Ард түмэн өөрсдөө “толгой” байх хүслээ л энэ орон нутгийн сонгуулиар илэрхийлэх хэрэгтэй. Өөрийн гэсэн байр суурьтай хүн бүр өөрийнхөөрөө боддог, сэтгэдэг, явах зүг чигээ захирдаг байж гэмээнэ хэтэрхий их эрх мэдэлтнүүдийг хянах боломжтой болох юм. Хянана гэдэг эрх баригчдын ярьж байгаа шиг хааш нь ч хөдөлгөх хөлгүй байлгах тухай ойлголтоос тэс өөр. Өөрсдийгөө том гэж үзэж буй “толгой” нөхрийн хэлснийг хэрэв зөв гэж үзвэл “жижиг” толгойнууд дагаж л таарна. Харамсалтай нь ихэнхдээ том “толгой”-нууд хэзээ ч жижгүүдийн эрх ашгийг боддогүй, өөрийгөө улам томруулахыг л хичээдэг юм. Улам бүр томрох хүсэлтнүүдийн хязгааргүй шуналд хазаар тавьж байх нь хяналт юм.
Монгол Ардын Нам ард түмэнтэйгээ хамт ийм хяналт, тэнцвэрийн төлөө л орон нутгийн сонгуульд оролцож байгаа хэрэг. Түүнээс бус эрх баригчид шиг толгойгоо томруулах хүсэлгүй. Ард иргэдээ “хөл” болгохыг бол бүр ч хүсэхгүй байна.
Хяналт ба хөл гэх үгс цаашдаа бүр ч их сонсогдох байх. Хүнчилж хэлбэл, толгой ба хөл гэсэн үг л дээ. “Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв” гэдэг дээ. Өөрийнхөөрөө үлдэх амин чухал эрхээ эдлэхээр шийдвэл хяналтын тухай ярьж байгааг сонгох, үгүй бол нөгөөг сонгох ийм л хоёр замын өмнө Монголын сонгогчид иржээ. Ардчилсан сонгуулийн түүхэнд даварсан эрх баригчдыг хяналтгүй үлдээж байсан түүх ард түмэнд байсангүй. Тиймдээ ч эх орны хөгжил аажим боловч урагшилж, Африк шиг өлсгөлөнд автаагүй, жүрж, сарнайн хувьсгал гарчихаагүй, зөнгөөрөө, амар амгалан амьдарч, хөгжил дэвшил өөд урагшилсаар байгаа нь үнэн билээ.
Хөл ба толгойг, хяналт, тэнцвэрийг сонгуулийн уур амьсгал, сонгогч олны хүсэл эрмэлзэлтэй уяж холбож үзсэний учир ч энэ. Би л лав хэзээ ч “хөл” байхыг хүсэхгүй, өөрийнхөөрөө зөвхөн “толгой” байхыг хүснээ.

Т.Бүдээхүү

TSAG


URL:

Сэтгэгдэл бичих