Хараагийн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авъя
Монголын түүхэнд онцгой байр эзлэх Ноён уулан дахь түүхийн дурсгалууд уул уурхайнхны хөлд үрэгдэж болзошгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин “Ноён уулын мөхөл” цуврал нийтлэлийнхээ эхнийхийг уншигчдадаа хүргэсэн билээ. Манай нийтлэлийн дараа уншигчдаас олон захидал, санал ирсээр байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн зөвлөх, доктор Ч.Бавуу Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэдэг саналаа олон жилийн турш төр, засгийн удирдлагад тавьсаар иржээ.
Ноён уулын талаарх “Зууны мэдээ” сонины нийтлэл өвгөн эрдэмтний санаа бодолтой ихээхэн нийцэж байгааг тэрээр бидэнд дуулгаад Ерөнхий сайдад хандаж бичсэн захидлаа олны сонорт хүргэж өгөхийг хүссэн юм.
Эрхэм хүндэт Ерөнхий ,сайд таны амрыг эрж, мэндлэхийн ялдамд Монгол Улсын засаглалын алтан жолоог баттай атгаж, эх орон ард түмнээ хөгжил , дэвшлийн замаар урт хугацаанд тууштай хөтлөхдөө бүтээсэн гэгээн мөртэй буянлиг үйлс тань Монголын түүхэнд дархлаглан үлдэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Над мэтийн өндөр настнууд төр, засгийнхаа буяныг хүртэх зуураа та бүхний хийж байгаа ажил үйлсийг алсаас ажиглан суухуйд баярлах бухимдах, бахархах эргэлзэх зүйл бишгүй л байх юм.
Гэвч ажил хийж байгаа хүнд алдаж онохын тохиол сүлэлдэн байдаг нь алаг хорвоогийн жам юм болохоор сэтгэл зүггэлийг тань сүүдэртэй талаас нь биш, гэгээлэг талаас нь харахыг хичээж сууна даа. Ер нь удирдах ажилтан шийдэл нь бүх хүний сэтгэлд нийцэж байх боломжгүй боловч, зон олноо, газар устай нь хамгаалж, ярьж биш ,ярилцаж сурахыг болох нь тэр гэж би боддог. Тийм чадвар танд бий гэдэгт бүрэн итгэж байна. Тийм болохоор би танд дараах нэгэн хүсэлтийг тавьж байгаа юм. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Та мэргэн , оюундаа болгоож тунгаана буй заа.
Монголын түүхэн сурвалжуудаас үзэхэд Хатан Туулын Богд уул, Хараа голын Ноён уул, Хан Хэнтийн Бурхан халдун хэмээх гуравхан газрыг эртний тахилгатай, дархлагдсан онгон дагшин газар хэмээн нэр зааж тэмдэглэсэн байдаг. Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр олон зуун уул нуруу байдаг боловч ухаант дээдэс маань энэ гуравхан уулыг тэгтлээ онцлоод байгаа нь цаанаа л нэг учиртай байх.
Тахилгатай газар гэдэг нь орчин цагийн ойлголтоор бол тодорхой орон зайн хүрээнд экологийн тэнцвэр хадгалах амин цэгүүд буюу хүүхдийн зулай шиг эмзэг газар гэж шашны ном судруудад тодруулан тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл байгаль орчноо хамгаалах Монгол арга гэдэг нь энэ юм. Гэтэл сүүлийн жилүүдэд, ялангуяа “Алт” хөтөлбөр гэгч гамшиг дагуулсан, хар мөртэй нэгэн шийдвэр гарснаас хойш “мөнгө цагаан, нүд улаан” гэгчийн үлгэр болж өөрсдөө л болж байвал эх дэлхий, элгэн садан хамаагүй болсон нь ямар их аюул, ямар их нүгэл вэ. Сэтгэл зовохгүй байхын арга үнэхээр алга.
Шар ч гэнэ үү, цагаан ч гэнэ үү хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байгаа материалуудаас үзэхэд таны өмнөх үеийн төр засгийн удирдлага маань харийнхантай хүч хамжиж байгаад Бороогийн алтны уурхайгаас 50 гаруй тн алт ухаж авсныхаа дөнгөж таван тонныг нь тушаагаад үлдсэнийг нь буруу замаар оруулчихсан гэх юм. Арай ч үгүй болов уу. Хэрвээ энэ үнэн бол тэр этгээдийг зоосны нүхээр сүвлэж тамлан хороосон ч хийсэн нүгэл нь хэдэн үеэрээ арилахгүй байх. Ээ бурхан минь худал л байгаасай.
Танаас өмнөх үеийн Төр, засгийн дээд эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэйгээр Хараа, Бороо голуудын сав газарт буй эртний түүхт Ноён ууланд харийнхны шунал шингэсэн бузар гар дүрэгдэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дам сонсоход энэ орчимд түүх соёлын дурсгалт зүйлийн ул мөр ч байхгүй учраас “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй гэж мэргэжлийн байгууллага зөвшөөрсөн гэж дуулдах юм. Хэрвээ тийм албан ёсны баримт байвал түүнд гарын үсэг зурж баталгаажуулсан тэр этгээд бол яах аргагүй харийнхны хамсаатан мөн.
Ноён уулын умард этгээд, Балж, Гачуурт, Улиаст голуудын сав газарт Хүн гүрнээс Монголыг хүртлэх хоёр мянгаад жилд 100 гаруй булш, түүх соёлын дурсгал бий гэдгийг өвгөн түүхч миний бие батлан хэлж чадах юм. Бодит байдал ийм байхад төрийн нэрийн өмнөөс шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулж байгаа байгууллага арай ч тийм гоомой юм хийгээгүй байх.
Байгуулагдсаных нь 2220 жилийн ойг бахархан тэмдэглэсэн хүчирхэг Хүн гүрний дээд зиндааны нэгэн язгууртны булшийг энэ уулны өмнөд этгээд буюу Төв аймгийн Борнуурын нутаг Сүжигтийн ам хэмээх газраас Козлов тэргүүтэй хэбэг opoc хүмүүс анх олж, дэлхийн эрдэмтдийн сонорыг мялайсан тул бүх олдворыг нь Оросын Санкт Петрбург хот руу түр аваачиж хадгалсан юм гэнэ лээ.
Хожим нь миний бие энэ орчимд хадгалагдаж буй түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалыг судалж, хадгалж хамгаалахад дэлхийн эрдэмтэдийн анхаарлыг хандуулахын тулд “Хүннү түүх соёл” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ОХУ-ын Санкт-Петрбург хот дахь Дорно дахины судлалын хүрээлэнтэй хамтарч Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей дээр 2003 онд зохион байгуулахад 19 улсын 40 гаруй эрдэмтэд оролцож онц сонирхолтой илтгэлүүд тавьж байсан юм.
Энэ хурал дээр болсон бахархууштай нэг асуудал бол “Танай улсад түүх соёлын аялал жуулчлалыг сайн хөгжүүлбэл зөвхөн Ноён уул чинь л гэхэд ганц танай аймаг төдийгүй Дархан Сэлэнгийн бүс нутгийг бүхэлд нь тэжээх боломжтой юм” хэмээн ОХУ-ын эрдэмтэн С.Ковалёв, Францын эрдэмтэн Сантора нар хэлсэн билээ. Энэ цагаас хойш Хараагийн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авахуулж, тухайн бүс нутагт Түүх соёлын аялал жуулчлал хөгжүүлэх талаар “Спирт бал бурам” ХХК-ийн захирал Б.Баярхүүтэй хамтран олон жил хөөцөлдөж байна.
Дээрээ төр засаг ингэж бидний саналыг анхаарч тоохгүй байгаа боловч, орон нутгийн засаг захиргаа болон Хараагийн Ноён уул бол монгол түмний олон зууны түүх соёлын яндашгүй баян сан хөмрөг юм шүү дээ гээд бодохоор энэ “амжилт” маань бас л чамлалтай санагдана. Зул бөхөхөө дөхөхөөр бадамладаг гэдэг шиг танаас өмнөх үеийн төр засгийн дээд эрх мэдэлтнүүд бидний санал, санаачилгыг үл ойшоон эрх мэдэл нь бадмалж, энэ онгон дагшин ууланд хайгуулын цооног энд тэндгүй тавиад орхижээ.
Энэ бол мянга мянганы түүхтэй ариун дагшин Ноён уулыг харийнхны бузар савраар юу юугүй төнхүүлж эхлэхийн дохио юм. Үүнд өвгөн эрдэмтэн миний сэтгэл нэн зовниж байна. Ийм л үед эрдэм мэдлэг, цол хэргэмээрээ түрий барихгүй бол хэзээ хэрэглэх вэ хэмээн мунхаглаж, Сэлэнгэ Төв аймгуудын нутгийн зааг дээр байгаа Хараагийн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах талаар онцлон анхаарч шийдвэрлэхийг Эрхэм хүндэт Ерөнхий сайд танаас хичээнгүйлэн хүсч байна. Мэргэн ухаандаа болгооно уу.
Түүх соёлын арвин баялаг сан хөмрөгтэй энэ ганцхан уулыг харийнхны байтугай, монголчуудынхаа гарыг ч хүргэхгүй онгон дагшин хэвээр нь үлдээчихлээ гээд Монгол Улс модоо барихгүй шүү дээ Ерөнхий сайд минь…
Чорос Өөлдийн Бавуу Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн зөвлөх Түүхийн ухааны доктор
URL: