Алт 2000 ам.долларт хүрнэ гэв
Лондоны Зоосон мөнгөний худалдааны нийгэмлэгийн хурал Хонконгт болж байгаа юм. Хурлын үеэр дэлхийн хамгийн том алтны олборлогч “Barrick Gold” компанийн Захирал Жейми Сокальский “Алтны үнэ 2013 онд унци нь 2000 ам.доллар давж магадгүй.
Хятадын хэрэглэгчид алт худалдаж авах нь нэмэгдсэн. Эдийн засгийн тогтворгүй байдал болон Азид хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь алтны худалдан авалтыг нэмэгдүүлж байна” гэв.
Мөн тус нийгэмлэгийн тэргүүн Дэвид Горналл “Америк болон Хятадыг харьцуулбал Хятадын алтны бодлого нэг чигээр явж байна. Хятадын алтны нөөц хоёр хувьтай байхад АНУ-ынх 75 хувьтай байна.
Хятадын Төв банк 2009 оноос хойш алтны худалдааны талаарх мэдээллээ дэлгээгүй. Тэд алтны нөөцөө 76 хувь болтол нь өсгөнө гэж ярьсан. Герман, Итали, Франц ч алтны нөөцөө 70 хувиас их хэмжээтэй барьж байгаа” гэлээ.
2011 оны есдүгээр сард алтны үнэ 1921 ам.доллар/унци болсон нь хамгийн өндөр үнэ байсан юм. Харин 2013 онд унци нь 2000 ам.доллараас давах хандлагатай гэж шинжээчид таамаглах болжээ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: