Хүн бүр ”Google”-д ажиллахыг хүсдэг

АНУ-ын судалгааны “LinkeDIN” компани таван орны дөрвөн сая гаруй иргэний дунд нэгэн судалгаа явуулжээ. Энэ судалгаанд дэлхий даяар тогтмол үйл ажиллагаа явуулдаг хоёр сая гаруй компанийг оролцуулсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдээс “Та ямар компанид ажиллахыг хүсдэг вэ?” гэсэн асуултад хариулт авсан аж. Ингээд хамгийн их санал авсан 100 компанийг шалгаруулахад дэлхийн томоохон IT компаниуд эхний байруудад орсон байна. “LinkeDIN” компанийн гаргасан судалгааны эхний 10-т орсон компанийг уншигч Та бүхэнд танилцуулъя.

1.”Google”
Интернэтийн хөтөч, хүн бүрийн хэрэглээ болсон “Google” компанид ажилд орох хүсэлтэй хүн хамгийн их байдаг ажээ. Энэхүү компани одоогийн байдлаар нийт 54 мянган ажилтан, албан хаагчтай. Ажлын байранд эрх чөлөөг бүрэн утгаар нь мэдрүүлдэг гэдгээрээ алдартай. Мөн ажилчдынхаа тав тухыг ч дээд зэргээр хангадаг байна. Энэ компани дэлхийн олон оронд салбартай агаад орон бүрийн оффис нь өөрийн гэсэн өвөрмөц тохижилттой. Судалгаанд хамрагдсан нийт хүний 89.3 хувь нь “Google” команид ажиллахыг хүсдэг хэмээн бөглөжээ.
2.”Apple”
Нэгэнт дэлхийн брэнд болсон энэхүү компанид одоогийн байдлаар 63 мянган ажилтан ажиллаж байна. Тэдгээрийн 60 хувь нь жижиглэнгийн худалдааны салбарт ажилладаг. “Apple”-ийн албан ёсны цахим хуудаст шинээр ажилд орж байгаа хүмүүст зориулан “Та өнөөдрөөс эхлэн бусад компаниас ялгаатай, дэлхийн томоохон компанийн нэг хэсэг боллоо.
Тийм болохоор өөртөө итгэлтэй харц дээгүүр ажиллаж амьдрах хэрэгтэй” хэмээн бичсэн байдаг. Энэ үгийг тус компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс дөнгөж компаниа байгуулчихаад анхны ажилтнаа авахдаа хэлж байжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүний 73.5 хувь нь “Apple”-д ажиллахыг хүсдэг хэмээсэн байна.
3.”Microsoft”
Дэлхийн программ хангамжийн шилдэг компанид нийт 90 мянган хүн ажилладаг. Тус компанид нэг удаа шалгалт өгөөд тэнцчихсэн болнасаараа идэх хоолтой боллоо гэсэн үг. Учир нь ямар алба хашдаг нь хамаагүй, компанийн хувьцаанаас эзэмших эрхтэй болдог. Гэхдээ тухайн албан хаагч таван жил тасралтгүй ажиллаж байж хувьцаа эзэмших эрхтэй болдог гэнэ. Мөн ажлааас халагдсан тохиолдолд хувьцаагаа компанидаа зарж мөнгө болгох боломжтой. Дэлхийн ямар ч компани одоогоор ийм “өгөөмөр” загнаагүй байгаа юм. Нийт ажилд орох хүсэлтэй хүмүүсийн 68.6 хувь нь дэлхийн программ хангамжийн “мангас” компанийг сонгожээ.
4.”Facebook”
Хүн төрөлхтний хамгийн том сүлжээ “Yahoo”-г үгүй хийх шахсан найзын сүлжээ гарч ирсэн нь “Facebook”. Одоогоор 3200 ажилтантай энэ компанийг Марк Зукерберг удирддаг. “Форбес” сэтгүүлээс гаргасан хамгийн түргэн хугацаанд тэрбумтан болсон арван эрхмийн гуравдугаарт бичигдсэн нь түүний бизнесийн амжилтыг илтгэнэ.
Адил хэмжээний том компаниудыг бодвол цөөн ажилтантай ч хамгийн шилдэг нь “Facebook”-эд ажилладг хэмээн компанийн удирдлага ам бардам хэлдэг. Мөн энэ онд цалингийн өрсөлдөх хэмжээгээр АНУ-д нэгдүгээрт бичигдсэн нь ижил төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудыг багагүй сандаргасан аж. Ажилд орох хүсэлтэй хүмүүсийн 65.7 хувийн санал авснаар “Facebook” жагсаалтын дөрөвдүгээрт орсон байна.
5.”Unilever”
Жагсаалтын тавдугаарт даруухан компани орсон нь “Unilever” юм. Нийт 150 мянган хүнийг ажлын байраар хангадаг тус компанийн удирдлагууд шинээр ажилд орох гэж буй хүмүүст дэндүү тав тухтай ажлын байр санал болгодог. Ингэснээр ажилтны бүтээмж нэмэгдэж компани ашигтай ажиллана хэмээн удирдлагууд нь тооцоолжээ. Тэдний тооцоолол ч хол зөрсөнгүй.
Компанийн 150 мянган ажилтан ажлын байрандаа сэтгэл хангалуун байдаг агаад ажлын бүтээмж нь 100 хувь байдаг гэнэ. Мөн өнгөрсөн жил томоохон компаниудын ажилтны дунд явуулсан “Ажлын байр чинь тухтай юу” судалгаанд “Unilever” компанийн нийт ажилчдын 95 хувь нь “Тийм” гэсэн хариулт өгснөөр тэргүүлж байв. Энэ компанид ажилд орох хүсэлтэй гэдгээ 64.1 хувь нь илэрхийлжээ.
6.”General electric company”
Өмнөх жилүүдийг бодвол энэ жил харьцангуй алдагдалтай ажилласан тус компани 300 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Үндэстэн дамнасан корпорацийн ажилчин цаашид өсөн дэвших бүрэн боломжтой. Өөрийн мэдлэг, чадвараа цаг ямагт дээшлүүлж компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хөгшин, залуу гэлтгүй бүгдийг нь дэмждэгээрээ компанийн удирдлага ажилчдаасаа өндөр үнэлгээ авдаг.
Мөн тухайн жилийн шилдэг ажилтан болсон хүнээ компанийн зардлаар гэр бүлийн хамт хүссэн оронд нь аялуулдаг гэнэ. Ажил олгогч компаниудын эхний аравт жагсдаг “General electric” компанид 62.5 хувь нь ажилд орох хүсэлтэй байдаг хэмээн бөглөсөн байна.
7.”Pepsi”
“Coca cola” компанийн мөнхийн өрсөлдөгч “Pepsi” компани жагсаалтын долдугаарт бичигджээ. Өнөөдрийн байдлаар тус компанид нийт 300 мянга гаруй хүн ажиллаж буй. Компанийн удирдлага орлогын багагүй хувийг ажилчдын нийгмийн асуудал, хангамж зэрэгт зарцуулдаг аж. Сонирхуулахад, хоёр жилийн өмнө тус компанийн маркетинг хариуцсан захирлыг АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд дуудсан юм.
Учир нь “Coca cola” компанийн бүтээгдэхүүнийг илт үгүйсгэсэн реклам дэлхий нийтэд цацсан учир ийн дуудагджээ. Нэлээдгүй хугацаанд хоёр компани маргалдсаны эцэст “Pepsi” торгууль төлөхөөр болж салцгаасан юм. Судалгаанд хамрагдсан нийт хүний 60.3 хувь нь “Pepsi”-д ажиллах хүсэлтэй байдаг хэмээжээ.
8.”Procter & Gamble”
Цэнхэр гаригийн 80 гаруй улс оронд салбартай тус компанид өнөөдрийн байдлаар 130 мянган хүн ажиллаж буй. Нийт ажилчдын 75 гаруй хувь нь өөрийн ажлын байртаа сэтгэл хангалуун байдаг. Үлдсэн хувь нь “Дунд зэрэг” гэсэн дүн тавьжээ. Хэрэв компанийн удирдлагын зүгээс дөрвөн жилийн дотор таван мянган ажилтан цомхтгоно хэмээн мэдэгдээгүй бол энэхүү судалгааны эхний тавд багтах байв.
Таагүй эл мэдэгдлийг энэ оны гуравдугаар сард гаргасан билээ. Мөн өнгөрсөн оны сүүлээр тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс химийн хорт бодис нь илэрсэн нь судалгаанд сөргөөр нөлөөлсөн байна. Гэхдээ судалгаанд хамрагдсан хүмүүсийн 58.5 хувь нь тус компанид ажиллах хүсэлтэй байдаг гэжээ.
9.”McKinsey & Company”
Шинэ тутам бий болж буй компаниудад удирдах арга барилын зөвлөгөө өгдөг “McKinsey & Company” дэлхийн 52 оронд салбартай. Одоогоор есөн мянга гаруй ажилтантай эл компанийн удирдлагууд ажилтныхаа боловсролд ихээхэн хөрөнгө хаядаг. Учир нь тухайн компаниас нэг жилд 2500 хүн мэргэжил дээшлүүлэх болон өөрийн ажиллаж буй чиглэлээр зайлшгүй суралцдаг ажээ. Энэхүү компанид судалгаанд хамрагдсан нийт хүний 55.1 хувь нь ажилламаар байна хэмээн бөглөсөн байна.

10.”Coca cola”

Жагсаалтын эхний 10-ын сүүлийг “Coca cola” компани мушгижээ. Дэлхий даяар 140 мянга гаруй ажилтантай компанийн нийт ажилчдын 85 хувь нь өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг аж. Энэ компанид ажилд орсон бол цаашид өсч дэвших боломжтой. Үүний ба талгаа нь “Coca cola” компанийн өнөөдрийн гүйцэтгэх захирал Мухтар Кент юм.

Тэрбээр амьдралын 30 гаруй жилийг компанидаа зориулжээ. Анх борлуулагч, түгээгчээр ажиллаж байсан М.Кент өнөөдөр компанийнхаа багагүй хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 52.3 хувь нь “Coca cola”-д ажиллах хүсэлтэй байдаг гэжээ.

З.Цэцэнбилэг

Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих