Дарга, сайдын суудалдаа хайр зарлах нь Оюутолгойн гэрээнээс чухал өчигдөр, өнөөдөр
Түрүүчийн парламентад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн 20 “сайн эр” шаргал ордонд бослого гаргаж, түйвээх шахаж байлаа. Хамгийн сүүлд буюу 2011 оны есдүгээр сарын 29-нд 20-уулаа нийлэн хэвлэлийн хурал хийж, хаа л бол хаа тэмцэл өрнүүлж байсныг өдгөө уншигч олон мартаагүй.
Сонгууль ч дөхөж байсныг хэлэх үү, УИХ-аар баталсан 57 дугаар тогтоолыг үгүйсгэж, анхны хөрөнгө оруулалт нь нөхөгдөөгүй байхад 50 хувьд хүргэх шаардлага тавин мулгуутаж, ард түмэндээ хайр зарлаж байв. Энэ бол 2009 оноос үндэс сууриа тавьж, 2011 оны намар, өвлийн цагаар хүчтэй өрнөсөн тэмцэл. Тэмцэл ч юу байхав дээ. Сонгуулийн өмнө ард түмэндээ таалагдах арга нь байсан байх. Эл шоуг амжилттай зохион байгуулсных нь үр дүн байж мэднэ, эдгээр 20 гишүүний олонх нь УИХ-д сууж байна.
Тэр ч бүү хэл толгойлогчдын нэг болох З.Энхболд УИХ-ын дарга болж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцсэн дайнд “сайн эрс”-ээ манлайлж оролцсон С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Ганхуяг нар Засгийн газарт сайд болжээ. Эдгээр нэр бүхий нөхдөөр удирдуулсан нэр бүхий 20 гишүүн өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар “Оюутолгойн гэрээг өөрчилж, Монголын талд ашигтай болгоно” хэмээн сонгуульдаж байсан шүлс нь өнөөдөр хатаагүй байна.
Бүр цаад агуулгаар нь ярих юм бол өдгөө УИХ-д 11 суудал аваад байгаа “Шударга ёс” эвслийнхэн анх 2009 онд гудамжнаас улстөрөө хийж эхлэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж, Тавантолгойн орд газрыг 100 хувь ард түмэнд өмчлүүлнэ хэмээн цээжээ дэлдэж байсан дүрс дуу нь өдгөө хэвлэлийн архивт огт хуучраагүй хэвээр байна.
Гэтэл өнөөдөр энэ Их хуралд шинээр орсон С.Ганбаатар нарын 20 гаруй гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэн тэмцсээр байгаад УИХ-д энэ тухай санал оруулж ирсэн. Гэвч ганцхан санал дутаж, энэхүү асуудал унасан юмдаг. Сонгууль угтан ард түмэндээ таалагдах шоу хийсэн 20 “сайн эр” өнөөдөр УИХ, Засгийн газарт орж суусны дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй, сайжруулах шаардлагагүй хэмээн үзэх болов.
Уг нь С.Ганбаатар нарын хүмүүс хөрөнгө оруулалтаа нөхөөгүй байхад 50 хувийг нь авна гэж “сайн эрс” шиг тэнэгтээгүй л дээ. Тэрбээр “Эхний ээлжинд 34 хувийг дээшлүүлэх, доошлуулах тухай ярихгүй. С.Баярцогтын яриад байгаа тооны тухайд тоохгүй байна. Хамгийн гол нь нөөц ашигласны төлбөр буюу роялтийн хувийг нэмэх ёстой. Роялти таван хувь байгааг ядаж 20 хувь болгооч л гэж байгаа юм” хэмээсэн.
Тэгэхээр “сайн эрс”-ийн хувьд зүгээр л улс төр хийж шоудаж байсан нь харагдана. Одоо болохоор дарга, сайдын суудалдаа хайр зарлаад юу ч дуугарахгүй байгааг ард түмэн чинь харж л суугаа. Тэд албан тушаал ахиад ярьж, хэлж байснаа ор тас мартчихав. Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх юм хийгээсэй гэж эрх баригчдаас хүсэхгүй.
Гагцхүү өмнө ярьж, хэлж байсандаа эзэн болоосой л гэж байгаа юм. Энэ гэрээг шүүмжилж улс төр хийж байсан нөхөд олуулаа болсон, гэвч сонгуулийн үеэр амлаж байснаасаа буцлаа. Ард түмэн тэдэнд итгэж сонголтоо хийсэн байх. Олон зүйлийг үл нуршин одоогоос жил хүрэхгүйн хугацаанд буюу сонгуулийн өмнө тэдний юу ярьж байсныг хэвлэлийн архиваас дэлгэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд:
-УИХ 57 дугаар тогтоол батлахдаа “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэ гэж заасан. Гэтэл Засгийн газар гэрээ байгуулахдаа 30 жилийн дараа хувь эзэмшлийг ярина гэж оруулсан. Тиймээс бид УИХ-ын тогтоолыг биелүүлж гэрээгээ сайжруул гэсэн шаардлага л тавьж байгаа. Үүнд юу нь болохгүй байгаа юм бэ. 2012 оны сонгуулийн дараа энэ улсад өөр засаг тогтоно. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг үгийг 30 жил гэж мөнгөний хүчээр ойлгоод явж байна. Монголчууд ингэмээргүй байгаа юм.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Оюутолгой, Тавантолгойн орд ард түмний өмч. Бид энэ ордоо эдийн засгийн зөв эргэлтэд оруулахын төлөө явсан. Харамсалтай нь Оюутолгой буруу замаар будаа тээгээд явчихлаа. Оюутолгойн гэрээ өдөр ирэх тусам Монгол Улсад ашиггүй байгааг бид харж байна. Өнөөдөр бид Оюутолгойн 34 хувийг авчихсан л гэж ойлгоод байсан.
Гэтэл тоо бодоод үзэхэд Монголын төрд 34 хувь биш 6-7 хувь ноогдож байна гэсэн тооцоо гарч байгаа. Манай Засгийн газрын ноёд гэрээгээ ингээд байгуулчихаж. Гэрээ байгуулахдаа давуу эрхтэй хувьцааны 34 хувь гээд заачихсан байж. Тэгэхээр өөр хувьцаа ороод ирэхээр манай хувь буурчихаж байгаа. Өнөөдөр “Айвенхоу майнз” компанийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум ам.доллар байна.
Гэтэл манайхтай гэрээ байгуулахаас өмнө хоёр тэрбум ч хүрэхгүй байсан. 10 дахин өссөн байгаа биз. 12 тэрбум ам.долларын 34 хувь нь манайх юм бол дөрвөн тэрбум ам.доллар нь Монголын ард түмнийх байх ёстой гэж ойлгосон. Гэтэл тийм биш байна. Ингэж Монголоо худалдаж болохгүй биз дээ. Бүхэл бүтэн улсыг ард түмэнтэй нь нийлүүлээд гадаадын аль нэг компанитай нийлээд хуурна гэдэг байж болохгүй асуудал. Эртхэн алдаагаа засаад уучлал гуйх ёстой.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг :
-Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү.Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал.
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:
-Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудал тавина. Оюутолгойн орд 1800 тонн алт, 49 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолд “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэнэ” гэсэн заалт бий. Гэтэл Засгийн газар Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг гэрээнд тусгасан атлаа Монголын ард түмэнд ашигтай зүйл оруулаагүй. Усны нөөцийг тэр чигээр нь хөрөнгө оруулагчдад өгч, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлснийг эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан :
-Оюутолгойн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа УИХ-ын гишүүд бий. Тэд уг төслийн төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн байдаг. Гэхдээ мөнгө төгрөг авсан эсэхийг нь мэдэхгүй юм. Хардах үндэслэл бий л болов уу. Оюутолгойг цээжээрээ хамгаалж байгаа улстөрчдийн хувьд асуудал бий л байх.
Тэгвэл сонгуулийн дараа сайн эрс юу ярьж сууна вэ ?
Одоогоос яг нэг жил гаруйн өмнө буюу 2011 оны аравдугаар сарын зургааны өдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “УИХ-ын 57 дугаар тогтоолыг Монгол Улсын парламент баталсан. Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх ёстой байтал эерэгээр нь гадаадын компанитай нийлээд ард түмнийхээ эерэг мэдэгдэл гаргаад сууж байна. Засгийн газар эрхээ хэтрүүлэн УИХ-аас тавьсан нөхцөлүүдийг зөрчсөн учраас энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
Монголын тал 34 хувийг эзэмшинэ гэдэг. Хөрөнгө оруулагч компанийн хувьцаа зургаан тэрбум ам.доллар хол давжээ. Монголын тал 34 хувийг эзэмшиж л байгаа юм бол хоёр тэрбум гаруй ам.доллар манайд шилжих ёстой. Олон удаа ярьсан. Юу ч өөрчлөгдсөнгүй” гэж мэдэгдсэн. Жил гаруйн өмнө ийн мэдэгдэж суусан Эдийн засгийн хөгжлийн сайд маань өдгөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 6-7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх тухай Засгийн газарт ярьж сууна.
Тэгвэл өдгөөгийн УИХ-ын хууль бус дарга З.Энхболд 2011 оны есдүгээр сарын 18-нд мэдэгдэл хийхдээ “Оюутолгойн гадаад эзэд хүчтэй байна. Нийт олох ашгийнхаа 10 хувийг нь хахуульд өгөөд л бидэнд ямар ч ашиггүй гэрээ байгуулчихлаа” хэмээж байсан ч өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагагүй хэмээн сууж байна.
Тухайн үед буюу 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
“Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү. Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал” хэмээж байсан бол өдгөө хамгийн их ойлгож байгаа салбарын сайдаар тодроод байгаа юм.
Түүнчлэн эдүгээ Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байгаа С.Эрдэнэ 2011 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Оюутолгойн орд 1800 тонн алт, 49 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолд “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэнэ” гэсэн заалт бий. Гэтэл Засгийн газар Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг гэрээнд тусгасан атлаа Монголын ард түмэнд ашигтай зүйл оруулаагүй.
Усны нөөцийг тэр чигээр нь хөрөнгө оруулагчдад өгч, гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлснийг эсэргүүцэж байна” гэж байсан бол өнөөдөр ус балгасан мэт дуугүй сууна. Бид ийм л хуурамч, баг өмссөн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдтэйгээр өдөр хоног өнгөрөөж суугаа нь тун ч харамсалтай. Тэдэнд зөөлөн суудал, эрх мэдэл хэрэгтэй байсныг зөвхөн үүгээр ч батлаад зогсохгүй өөр зөндөө зүйл ярьж байсныг олон нийт сайн санаж байгаа Төгсгөлд нь эрдэмтэн судлаачдын эмзэглэн хэлж буй Оюутолгойн нөөц гэрээ хийснээс хойш хоёр дахин нэмэгдсэнийг яагаад ярьж хэлэлцэхгүй, тооцож судлахгүй орхигдуулж байгааг эрх баригчдаас асууя.
Ц.Цэнгэл
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: