Эмнэлгийнхэн эрх мэдэлтнүүдтэй нэгийгээ үзэхээр шийджээ

Гадаа хүйтний эрч -28 хэм хүртэл чангарч байхад, шаргал орны уур амьсгал +30 хэмийн дулаантай байна. Хэдийгээр улс төрийн амьдрал буцалж байгаа ч иргэдийн амьдрал идэр ёсын хүйтнийг хүлээн зовинож буй. Шинэчилсэн Засгийн газар байгуулагдсан үеэс ширүүхэн томилгоо хийж бүх зүйлийг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Шинчлэлийн шуурганд өртсөн байгууллагын нэг нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг.
Эл эмнэлгийн хувь заяа эхнээсээ улстөрчдийн гарт байсан. Өмнөх Засгийн газарт үнэлүүлж өндөр барилгаар шагнуулсан ч, энэ цагийн төрд адлагдаж эмнэлгийн байраа алдав. Одоо бүүр очих газаргүй мэт эмнэлгийнхэн өвлийн хүйтэнд өмнөө уриа, лоозон бариад зогсдог болов. Салбар хариуцсан сайддаа тунирхсан эмнэлгийнхэн эрх мэдэлтнүүдтэй нэгийгээ үзэж нэхий дээлээ зулгаалцахаар шийдсэн бололтой. Өдөр, өдрөөр өөр тэмцлээр гэнэтийн бэлэг барьсан эмнэлгийн ажилтнууд өчигдөр дахиад л “жагсав”.
Энэ арга хэмжээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Эмнэлгийн ахмадын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, нийслэлийг эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөн оролцож өөрсдийн байр суурийг Засгийн газрынхны чихэнд хүргэхийг зорьжээ. Тэмцэгчдийн хүслийг биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн алхмыг хийнэ хэмээн мэдэгдэв.

 

Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн ч өчигдөр дахин шаардлага хүргүүллээ. Тэдний шаардлагыг цухас дурьдахад, “Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглавал улсын төсвийн мөнгө хэмнэгдэнэ. Мөн төрийн албан хаагч төдийгүй ард иргэд сүүлийн үеийн эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой” хэмээн онцолж байв.

Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих