Монгол төрийн ямбыг Фридландад зуучлагч олон байна

-Төслийн Үр ашгийн тооцоо нарийвчилсан байдлаар гараагүй-

Оюутолгойн гэрээ Монголд ашигтай, ашиггүй гэх маргаан парламентын гишүүдийг хоёр талцуулах болоод удаж байна. Улмаар “Оюутолгой” компани иргэдийн тархийг угаахын тулд худал суртал, ухуулга явуулах болсон талаар гишүүн С.Ганбаатар мэдэгдэж, дээрх компанийг шүүхэд өгч, гэрээг үзэглэсэн Сангийн сайдыг дуэльд дуудсан. Тэгвэл Оюутолгойн гэрээний талаар албаны хүний ярилцлагыг хүргэхээр шийдэж, Эрдэс баялагийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимирээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойн гэрээг анх байгуулахад л засч залруулах ёстойг иргэний нийгмийн байгууллага болоод УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж байсан. Тэр ч утгаараа энэ удаагийн ялалтыг хаягласан хүчнийхэн энэхүү гэрээг сайжруулахаар болсон. Гэвч асуудалд хойрго хандаад байх шиг. Та үүнд, байр сууриа илэрхийлнэ үү?

-Ер нь энэхүү гэрээг сайн, муу гэж дүгнэж хэлэх нь хийсвэр зүйл болно. Учир нь энэ гэрээг ийм, тийм гэж дүгнэхээс илүүтэй ирээдүйн ач холбогдлыг нь болоод 20-30  жилийн дараа  энэ гэрээнээний нөхцөлөөс улбаалан Монголын эдийн засаг, байгаль экологид учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг нь тооцоолох ёстой. Цаашлаад, үр ашгийг нь урьдчилан нарийн тооцож , үнэлж цэгнэх нь чухал байгаа юм.

 

Манай Засгийн газар тус гэрээнээс өмнө нь тогтвортой байдлын 4-5 гэрээ хийсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад, эдгээр гэрээ монголчууд бидэнд тэр тусмаа манай эдийн засагт ашиг өгч байна уу, эсвэл ард түмний өмч хөрөнгө болох байгалийн баялагийг цөлмөж  байна  уу гэдэг нь хэн, хүн бүхэнд  ойлгомжтой байна.

 

Жишээ нь, Тамсагийн бүтээгдэхүүн хуваах гэрээг анх Америкийн СОКО интернэйшнэл компанитай 30 жилийн хугацаагаар байгуулсан боловч Хятадын төрийн өмчийн Дайчин компанид талбайгаа зараад, арилаад өгсөн. Энэ компани өнгөрсөн хугацаанд таван сая барелль газрын тосыг ямар ч татваргүйгээр Хятад улс руу экспортоллоо.

 

Өөрөөр хэлбэл, Монголын дорнын талыг там болгож, өдгөө Улсын дээд шүүхээс газрын нөхөн төлбөрт хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирлыг иргэний нийгмийн байгууллагууд нэхэмжилж, харин Хятадын тал эсэргүүцээд явж байна. Гэтэл манай улсын газрын тосны жилийн хэрэглээ хоёр сая барелль нефть бүтээгдэхүүн байдаг.

 

Бид энэхүү хэрэглээний бүтээгдэхүүнээ өндөр татвар, өртөгтэйгөөр импортолж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулж байна. Энэ бүнээс харахад, энэ гэрээ Монголд ямар ч ашиггүй, ач холбогдолгүй болсон  нь харагдаж байна. Мөн 15 жилийн өмнө анхны Ерөнхийлөгч П.Очирбат торгон дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан.

 

Тэрбээр Монгол Улс газрын тостой болж, гадны хараат байдлаас ангижирсан, маш их ашигтай сайн газрын тосны гэрээ байгуулсан тухай тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр магтан шоудаж байцгаасан билээ. Харин удаах гэрээ нь Бороогийн алтны ордыг ашиглах  тухай байсан юм. Тодруулбал, “Алтай трейд” ХХК, Канадын Центрагоулд  компанитай 15 жилийн хугацаатай гэрээ хийсэн.

 

Гэвч Бороогийн алтны ордыг ашиглах гэрээг таван жилийн хугацаанд буюу 43 тонн алтыг татварын маш хөнгөлөлттэй, тогтвортой нөхцөлд нөөцийг нь дуусгасан. Одоо энэ гэрээний нөхцөл дор Гацууртын ордыг нуруулдан уусгах технологиор ашиглах зөвшөөрлийг сонгуулийн өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаас авсан байгаа. Ийнхүү дараачийн 60 тонн алтыг цөлмөх аяндаа мордсон байна.

 

2012 оны нэгдүгээр сард  УИХ-аас тогтвотрой байдлын гэрээ хийсэн эдгээр аж ахуйн нэгжтэй өсөн нэмэгдэх нөөцийн татвар ногдуулах өөрчлөлтийг гэрээнд оруулах шийдвэр гарсан боловч одоо хүртэл дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулаагүй байна. Тиймээс энэ нь бас л  Монголд ашиггүй гэрээ болох нь харагдаж байна.

Энэ бүхнийг дүгнэн хэлэхэд, эдгээр гэрээнээс сургамж авч монголчууд бид баялагтаа эзэн сууж цааш цаашдийн гэрээнүүдийг нягт нямбай, хариуцлагатай, үр ашгийг нь нарийн тооцож хийх учиртай.

-Томоохон гэрээнүүдэд ийм дүгнэлттэй байдаг байх нь. Тэгвэл Оюутолгойн гэрээний тухайд?

-Оюутолгойн гэрээний муу тал нь манай төр, засгийн унхиагүй, увиагүй, амин хувиа хичээсэн эрх мэдэлтнүүдэд л байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тэд Монгол төрийн эрх ямбыг Фридландад зуучилсан. Хамгийн анхны зуучлагч нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, түүний бие төлөөлөгч болох Канадад Элчин сайд байсан Н.Батсүх.

 

Өдгөө Оюутолгой компанийн Фридландыг төлөөлж, Оюутолгой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, мөн Ерөнхийлөгч  асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Содном нар энэхүү гэрээг магтан дуулагч, хамгаалагч нар юм. Дээр нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрбээр 2003 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  50 сая ам.долларыг Фридландаас Оросын өр барагдуулах үед зээлдэж байсан.

 

Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. 2004 онд мөн л Ерөнхий сайд байхдаа Фридландаас 50 сая ам.долларын зээлийг Засгийн газрын бондоор барьцаалан зээлдэж авсан. Мөн Сангийн сайд асан С.Баярцогт байна. Монголд ашигтай гэрээ  байгуулсан тухайгаа сайрхан магтаж, шагшин дуулагсад. Энэ мэтчилэн нэлээд урт дараалал үүснэ.

 

Тэр ч утгаараа томчуул эрх ямбаа ашиглаж, бүгд оролцсон учраас улс төржилт ихтэй гэрээ болсон. Нөгөөтэйгүүр, монголчууд бид өөрсдөө зохиомлоор улс төржүүлээд, үймүүлээд байгаа юм. Түүнээс Фридланд орж ирж үймүүлээд, улс төржүүлээд байгаа юм биш. Ганц жишээ дурьдахад, “Айвенхоу Майнз” компани нь дэлхийн зах зээлд бүх санхүүгийн тайлан тооцоо нь тоо ширхэгээрээ бичээстэй, бирж дээр нээлттэй нийтлэгдэж  байгаа.

 

Харин Монголд энэ тухай мэдээлэл хаалттай байна. Тийм учраас энэ гэрээний сайн, мууг ялгах аргагүй. Гэхдээ Монголын хууль бүгдэд тэгш үйлчилж, хуулийн өмнө нэг л үнэн байх ёстой. Энэ бол Оюутолгойн гэрээ Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтад нийцүүлэн хийгдэх ёстой гэсэн үг. Харин энэ гэрээ нь олон хуулийн заалтыг зөрчиж хийгдсэн нь бодит үнэн. Тэр утгаараа зайлшгүй засч, хуульд нийцүүлэн гэрээг өөрчлөх шаардлага байна.

-Энэхүү гэрээний үр ашигт сайд дарга нар, эрдэмтэн мэргэд, салбарын мэргэжилтнүүдийн санал өнгөрөгч хугацаанд зөрөлдсөөр ирсэн. Энэ талаар?

-Эцсийн дүн нь Оюутолгой ордыг ашиглах нарийвчилсан техник эдийн засгийн тооцоогоор тодорхойлогдох ёстой. Энэ тооцоог үнэн бодитой гаргахын тулд хэд хэдэн эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэх учиртай. Үүнд, Оюутолгой ордын зэс, алтыг агуулсан хүдрийн хагас үйлдвэрийн туршилтын  үзүүлэлтүүд, ил болон гүний уурхайгаас гарах оновчтой хүчин чадал, хөрвүүлэн баяжуулах технологийн метал авалтын итгэлцүүрүүд.

 

Мөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, зээл болон хувьцаат хөрөнгийн харьцаа, зах зээлийн үнэ, татварын тогтворжилт гэх мэт олон хүчин зүйлийг харьцуулан тооцож энэхүү гэрээг үр ашигтай эсэхийг нь тогтооно. Цаашлаад, маш богино хугацаанд, металлын хамгийн доод үнийн түвшинд  үр ашигтай ажиллах эдийн засгийн загвар, оновчлолыг гаргаж тооцох ёстой.

 

Яах вэ, Сангийн сайд асан С.Баярцогтын яриад байгаа нэг, хоёр тоон үзүүлэлт байгаа л даа. Монголын талын ашиг нэрлэсэн үнээр 59, өнөөгийн үнэ цэнээр 53 хувь гэж. Гэвч эдгээр тоо нь энэхүү уурхай нь эдийн засгийн хувьд, үр ашигтай ажиллах боломжийг тодорхойлсон бодит тоон үзүүлэлт биш юм. Учир нь эдгээр тоог Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Гоулдмэн Сагс”-ын тоймлож гаргасан тооцоо. Тэгээд ч эдийн засгийн үзүүлэлтийг нь 52 жилээр дискоунтлаж тооцсон байна лээ.

-Энэ тооцоог яаж гаргадаг юм бэ?

-Ер нь энэ тооцоог 30 жилээс цааш дискоунтлаж тооцоход тойм тооцооны санхүү эдийн засгийн үзүүлэлтийн алдааг 25-30 хувьд хүргэдэг юм. Учир нь 30 жилээс цааш дискоунтын итгэлцүүрийн үзүүлэлт тэг рүү тэмүүлдэг. Тийм учраас С.Баярцогтын яриад байгаа энэ зүйл нь Монголын талын үр ашигтай гэсэн тоон үзүүлэлт 25-30 хувийн алдаатай гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Монголын талын ашиг нэрлэсэн үнээр 51 хувь. Өнөөгийн үнэ цэнээр 42 хувь болж буурч байна.

 

Ийм л алдаатай тойм тооцоогоор ам уралдуулаад байх юм. Уг нь нарийвчилсан тооцоо  үнэлгээг 2010 оны гуравдугаар сарын 25-нд хэлэлцүүлж, батлуулсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ээр тодорхой болгох ёстой байсан ч мөн ажлын хэсэг нөөцийг буруу тооцож, эдийн засгийн тооцоонд алдаа гаргасан тул  Эрдэс баялагийн зөвлөл уг үзүүлэлтийг засвартайгаар хүлээж авлаа гэж  улс төржсөн шийдвэр гаргасан.

Тийм болохоор одоогийн байдлаар Оюутолгой төслийн үр ашгийн тооцоо нарийвчилсан байдлаар гараагүй байна.

-УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар мэтгэлцээнээ энэ сарын 18-нд, олон нийтэд ил тодоор буюу МҮОНРТ 21:00 цагаас шууд дамжуулах юм билээ. Энэхүү халз мэтгэлцээнийг ер нь дэмжиж байна уу?

-Мэдээж сайд асан С.Баярцогт өөрийнхөө  хийсэн гэрээг хамгаалж, үр ашгийн тооцоогоо зөв гэж хэлнэ. Харин С.Ганбаатар гишүүн бууж өгөхгүй гүрийнэ. Нэг үгээр хэлбэл, одоогийн байдлаар нарийвчилсан тооцоо дүгнэлт байхгүй ч гэсэн гэрээний зүйл заалтаар маргах болов уу. Би бодохдоо энэ халз мэтгэлцээнийг зүгээр л нэг улс төржилт гэж харж байгаа.

 

Харин гэрээг сайжруулахын төлөө, Оюутолгой төслийн эрчим хүч хангамжийн талаар монголчууд бодох цаг болсон байх. Оюутолойн гэрээнд засч сайжруулах зүйл, алдаа мадаг их бий. Бид энэ талаар жич  ярина. Мэргэжлийн хүний хувьд, энэ гэрээнд мониторинг хийж байгаа. Цаашид шүүхээр шийдвэрлүүлэх зүйл ч их гарах байх.

О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих