Гишүүн Р.Амаржаргалыг “эрэн сурвалжилж” байна

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан баярын бялуунаас хүртэж чадаагүй гишүүн Р.Амаржаргал чангахан дуугарч байхаа мэдэгдэж байсан ч сураг алдарлаа. Тэр урьдын л адил чив, чимээгүй болж, бүдгэрэв. Үнэндээ тэрбээр сонгуулийн дараагаас эхлэн ганцаардаж, бас нүд үзүүрлэгдэж эхэлсэн гэхэд болно. Ардчилсан хүчин ялж, 16 жилийн дараах баярын бялуугаа хуваахад хоосон хоцорсон нь мань хүн.

 

Олуулаа албан тушаал хувааж байхад ганцаараа шат уруудаж явсан нь тэр. Тодруулбал, АН доторх МҮДН  фракцийг толгойлж байсан ч энэ суудлаа тавиад туучихав. Товчхондоо, энэ удаагийн сонгуулийн үр дүн мань хүнд халтай нөхцөл байдлыг хөтөлж эхэлсэн.

Уг нь Ардчилсан хүчинд ялалт хаяглагдах тэр мөчөөс эхлэн Р.Амаржаргалыг УИХ-ын дарга болно хэмээн улс төр сонирхогчид, судлаачид бооцоо тавьсан юм.  Цагтаа Ерөнхий сайдын алба хашиж явсан түүнийг хэвлэлүүд ч Ерөнхий сайдын албанд тохирох хамгийн боломжит кандидат гэж нэрлэж байлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд очдоггүй юм гэхэд УИХ-ын даргын албыг өлхөн хийчих хүн гэж тодорхойлов.

 

Харамсалтай нь, намын даргын суудлыг үргэлж, булаалдаж байдаг “Шонхор”-уудад Н.Алтанхуяг боломж олгож, уруул дэвсэх нь тэр. Уг нь АН олон болж, эвслийн Засгийн газар байгуулсанаар парламентад байгаа 71 гишүүний 42 нь давхар дээлтэй болсон юм даг. МАН-ынхныг эс тооцвол ганц хүн дан дээлтэй, гар хоосон хоцорсон нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал.

 

Тухайн үед Н.Батбаяр гишүүдийн картыг сугалж гүйсний хүчинд энэ фракцад хоёр гурван сайдын суудал оноосон нь гарцаагүй үнэн. Уг нь Р.Амаржаргалыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тохироо нам дотор хэдийнэ хийгдсэн боловч фракцуудын тулаанд өвдөг шороодсон гэлцдэг. Ямартай ч түүнийг ийнхүү үл тоомсорлож, замын голд хаясан нь олонхи доторх цөөнхийг бий болгосон гэж улс төр судлаачид тодотгодог. Тэр өнөөдөр АН-ын дайсан.

Сонгуулийн дараахан буюу энэ оны долдугаар сарын 16-нд болсон ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хэлсэн үг энэ бүхнийг илтгэнэ. Тэрбээр “АН эвсэх, эвслийн Засгийн газар байгуулах тухай ярьж байна. Яагаад эвсэх асуудал тавигдах болов. Олонхи болж чадаагүй, өөрөөх хэлбэл 39+ суудал авч чадаагүй. Гол өрсөлдөгч нам нь хагарч бутарсан, салж сарнисан байдал нь АН-д түүхэн бололцоо олгосон.

 

Харамсалтай нь эл бололцоог “чулуу” болгож чадсангүй” гэхчлэн намынхныхаа эсрэг хатуухан үг чулуудаж эхэлсэн. Мөн тэрбээр олон жил дуугүй явснаа тодотгож, тэр өдрөөс эхлэн чанга дуугарч, хатуу хяналт тавихаа ч мэдэгдсэн юм даг. Тиймдээ ч “Намын даргын очсон хөдөөгийн тойрог бүрт намын болон намаас нэр дэвшигчдын рейтинг унаж байсан.

 

Намын даргыг нийслэлийн аль ч дүүрэгт уулзалтан дээрээ аваагүй бөгөөд харин ч ойртуулаагүй тулдаа хэдэн санал авсан. Намын даргын Шадар сайдын хувьд хариуцаж байсан иргэний бүртгэлийн асуудал хүртэл туйлын замбраагүй байсан учраас АН, түүнээс нэр дэвшигчид “царцааны нүүдэлд” автагдан багагүй хохирол хүлээсэн. Нэг иймэрхүү гунигтай дүр төрх” хэмээн өөрийн блоктоо бичжээ.

Түүний уцаарлах нь ч зүйтэй хэмээн эл хүрээнийхэн дэмжиж буй. Учир нь сонгуулиар чамлахааргүй олон суудал авчирсан МҮДН фракци, тэр дундаа фракцийн толгойлогчийг гомдоох учиргүй гэнэ. Үнэний ортой л үг. Нөгөөтэйгүүр, түүний амнаас гарч байгаа авиа бүрийг сонсоход буруу зүйл яриагүй гэлтэй. Тухайлбал, АН олон болж, Засгийн эрхэнд гарахынхаа өмнө юу ярьж байсныг тэр сануулах гэж оролдсон.

 

Улмаар Н.Алтанхуягийн амыг нь асуусан 15 асуулт ч хаяглаад амжсан юм. Засгийн газрын шинэ бүтэц, агентлагуудын бүдүүвч, эрх үүргийн хуваарилалт, МАН-ын бүлгийг  ”хясах” үйлдлийн шалтгаан, УИХ-ын дарга томилохдоо яарч сандарсаны цаана ямар улс төр байна вэ хэмээн лавласан. Мөн Н.Алтанхуягийн олон удаа давтаж буй “дундын зовлон шүү” гэсэн үгны цаана ямар улс төр байна вэ.

 

УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улс төр гэхчлэн ёстой л хэлэх үггүй болтол нь асуултаар булсан. Түүнчлэн тэрбээр энэ Засгийн газар урт наслахгүй болохыг ч зөгнөсөн юм даг.

Хамгийн сүүлд ирэх оны төсвийн талаар тодотгож, шинэчлэл огт үнэртэхгүй байгаагаа уламжилсан. АН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахааргүй төсөв баталлаа гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн юм. Учир нь Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй монгол хүнийг бий болгохоор мөрийн хөтөлбөртэй тусгасан.

 

Гэвч 2013 оны төсөвт эрхэм зорилгоо биелүүлэх, хэрэгжүүлэх тухай тусгасангүй. Шинэчлэлийн шинж чанар төсөвт алга гэдгийг ч нуусангүй. Мөн шинээр байгуулсан яам, агентлагуудын урсгал зардлыг нааш, цааш хуваарилсан л төсөв болсон гэдгийг онцолжээ. Ямартай ч энэ бүхнийнхээ эцэст “Шинэчлэлийн Засгийн  газар ба хямралын шинэ “үнэр” хэмээн дүгнэсэн байна лээ.

Ийнхүү намаасаа ганцаараа ингэж дуугарч байгаа ч намын нөхдийн дийлэнх нь сайд болж, бусад нь яам, агентлагт очсон учир түүнийг дэмжиж байвч хамтран нам доторх сөрөг хүчнийг бий болгож чадахгүй нь тодорхой мэт. Ийнхүү тэр ганцаардаж, бас хүчгүйдсээр, сураг алдрав. Хаяахан өөрийн блогоор нь санал, бодлоо илэрхийлэхээс цаашгүй нэгэн болжээ. Ямартаа л, эл хүрээнийхэн төдийгүй улс төр сонирхогчид гишүүн Р.Амаржаргалыг “эрэн сурвалжилж” эхэлсэн байна.

Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих