Дагвадоржтой гэрлэх үү? Даравгар хужаатай суух уу?

(2 жилийн өмнөх бичлэгийг сэргээн нийтлэв)

Саяхны нэгэн өдөр би өөрийн хоёр муу саримгараараа маш сонин юм сонслоо. Сумогийн их аварга Дагвадоржтой суусны оронд сугарсан хужаатай суух нь дээр гэж үздэг бүсгүй хүний үргэсэн цагаан зээр шиг бодол юутай өрөвдөлтэй бас эмгэнэлтэй. Хүнд дургүй хүн байж болно л доо, үзэн яддаг ч байж болно бүх хүнд тэр таалагдах албагүй ээ.

Гэвч дайчин сайхан барилдаан нь нүдтэй бүхнийг алмайруулж, чихтэй бүхнийг дэлдийлгэдэг түүнд Монгол түмэн бүгд биш юм аа гэхэд тал нь хайртай л байж таарна. Монголчууд бол угаасаа жаахан нутгархаг бөгөөд атаархуу ард түмэн гэдгийг хэн ч зөвшөөрнө байх. Тэр тийм машин тэрэг унасан, Баяраа шинэ байранд орсон, Батаа албан тушаал ахисан гэдэг мессеж өдөр бүр хаа сайгүй л тэнүүчилэн чихний хажуугаар өнгөрдөг. Энэ бүхэн бас л нөгөө жалга довны үзэл нэвт шингэсэн бидний араншин бас хамгийн том алдаа. Тийм ч учраас түүний талаар үнэн худал нь үл мэдэгдэх сөрөг зүйл ихээр нийтлэгддэг.

Манай хэдэн хөвгүүд муусайн “самурай” нарыг нүцгэн гараараа баруун солгойгүй авч шидэж байхад тэдний эсрэг үг сөргүүлэн шидэх нь, тэр ч атугай бидний хамгийн дургүй Хятад хүнээс дор үзэн жишин зүйрлэх нь миний уурыг барж, сэтгэлийг эвдэв. Би харин ч их сумод хүч үзэж байгаа аваргуудаа их даруухан байна гэж боддог, над шиг хөөрүү бас онгироо нэгэн байсан бол ганц хоёр түрүүлээд (магадгүй дөнгөж түүнтэй гар бариад) тэр сумог нь нулимж хэдэн бөхчүүдийг нь зодож, их Монголын үр сад гэдгээрээ харамгүй бахархаад хөөгдөж байгаа байх.

Аа бас өнөө их мөнгөөрөө машиныг грашаар нэг овоолж, гэрээ хэрэгтэй хэрэггүй хог новшоор дүүргэх байсан биз. Гэтэл манай хөвгүүд хамгаас даруу бөгөөд харьд хөх Монголын хүчирхэг хүний ид хав, намбалаг сайхан уужуу сэтгэлийг харамгүй гаргаж байгаа. Монголын хүү Дагвадорж Японд очиж барилдан 23 удаа түрүүлээгүй бол монголчууд Кайог хайрлан хүндлэхгүй байсан, аварга Дагвадорж сүмогийн ертөнцийг эзэгнэж байгаа учраас Монголчууд “Монгол башё”-г шимтэн үзэж Кайо мэтийн япон бөхчүүдийн нэрээр нь дуудаж хашгирч цөсийг нь хөөргөж өгөөд буцаасан. Дэлхийн бусад оронд байтугай Япондоо ч төдийлөн хүмүүс тоож сонирхохоо байсан хуучинсаг уйтгартай барилдааныг нь ийнхүү гайхамшигтайгаар сурталчилан Япон, Монгол олон үзэгчтэй болгож өгсөн Асашёорюүгоор бахархая!

Хааяадаа нэг түүний талаар энэ тэнд зодолдсон, үйлчлэгч бүсгүйд ширүүлсэн гэх зүйл сонсддог ч аугаа түүний амжилтын хажууд уучилж болох л алдаа мөнөөс мөн. Монголын нэрийг харь оронд гаргаж буй аварга таныг өөр нэгэн тэгж хэлсэнд миний бие үл тэсэхүйеэ энэ бичлэгийг сараачсугай. Надтай энэ тал дээр хэн ч санал нэг байна буй за. Хамгийн гол нь нэг гадаад нь түүнд уурсан атаархсандаа тэгж хэлсэн бол би дуугай өнгөрч чадах байсан, гэвч цус адилхан, нутаг нэг хүн хундагны завсар ийн өгүүлсэнд тийм ээ би харамссан бас тэвчсэнгүй. Эцсийн эцэст ингэж хэлсэн тэр хүн хөөрхий юу? Тэгж хэлүүлсэн аварга маань өрөвдмөөр үү? Ард түмний жинхэнэ төлөөлөл болсон гоц содон хүн хэдэн жилд нэг төрдөг бол?  Үндэстнийг нуруун дээрээ авч яван бардам ялалт байгуулах аварга түүхэнд олон төрсөн юм болов уу?

banjig.net


URL:

Сэтгэгдэл бичих