ЕРӨНХИЙ САЙД 50 ТЭРБУМЫНХАА УЧРЫГ ОЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Төсвийн анхны хэлэлцүүлэг болж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө багцад шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан хэмээн 50 тэрбум төгрөг оруулж ирсэн нь төсөв батлагдан батлагдтал хэл ам дагуулж, өнөөдрийг хүртэл ямар зүйлд зориулах нь тодорхойгүйгээр 2013 оны төсөвт хүчээр оруулж чадлаа.

Энэхүү эсэргүүцэлтэй тулгарч байх үедээ Н.Алтанхуяг сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийв. Тэгэхдээ, “УИХ ер нь л төсвийн эрэг, шурга, боолт руу ороод байх шаардлагагүй” хэмээн түүнийгээ тойруулж булзааруулсан. Тэгээд бүхэлд нь томоор нь баталчихаач, шинэтгэлийн 50 тэрбум төгрөгийг тэр чигт нь батлаад өгөөч гэж ярьж байсан нь цахим хуудаснаа үлджээ. Ерөнхий сайдад ийм их хэмжээний мөнгөний хэрэг ямар учраас гарав гэдэг нь оньсого хэвээр үлдэж байгаа юм.
Монгол Улсын төсөв гэдэг өөрөө хууль. Тэр хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ягштал мөрдөх учиртай. Тэгж мөрдөх үйл ажиллагааг нь хариуцах байгууллага бол гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын тэргүүн өөрөө байдаг гэдгийг эрхэм Ерөнхий сайд ор тас мартаж байсныг уншигч та санаж байгаа байх. Нэгдүгээрт, хууль хэрэгжүүлэх, мөрдөх сахих шаардлагтай, нөгөө талаар төсөв гэдэг хэн нэгэн Дулмаа, Батын мөнгө биш. Нийт ард түмнээс татвараар аваад зарцуулж байгаа мөнгө. Өөрөөр хэлбэл иргэн бидний мөнгө. Тийм учраас энэ мөнгө хаашаа орж байгааг ард түмэн маш хатуу хяналт тавьдаг төдийгүй, гүйцэтгэх засаглал үүнийг нь ард олонд нээлттэй байлгах учиртай. Гэтэл ард түмэнд нээлттэй байх нь бүү хэл улстөрчид ч ойлгохгүй битүү хатуу 50 тэрбум төгрөг “шинэчлэл хийнэ” хэмээн нэхээд байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хардах бүрэн боломжтой юм. 50 тэрбум төгрөг нь ямар ч задаргаагүй оруулж ирсэн нь хэний гайхшрлыг төрүүлээд зогсохгүй хардалтыг лавшруулахад хүргэсэн хэрэг. Энэ тухай АН-ын нөлөө бүхий гишүүн Р.Амаржаргал “Н.Алтанхуяг сайд зориулалтын бусаар төсөв зарцуулж байна, улс төрийн намын төлөө мөнгө зараад байна. Хэсэг бүлэг хүний эрх ашигт зарцуулаад байна гэдэг шүүмжлэл яваад байдаг шүү дээ. Тэрийг хянадаг гол механизм юу гэхээр төсвийг батлахдаа ёстой эрэг, шургаар нь хэлэлцэж батлахыг хэлдэг юм” хэмээсэн.
Улсын төсвөөр дамжуулж хяналт тавина гэдэг бол маш хүчирхэг хэрэгсэл гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Хяналт тавихын тулд жирийн иргэн аль ч байгууллага дээр очоод төсвийн задаргааг нь үзэж байх учиртай. Бид ийм л тогтолцоо руу явах ёстой юм. Гэтэл үүнээс бүр холдуулж, татгалзаж, 50 тэрбум төгрөг тавиад өгчих л дөө. Бүхэлд нь батлаад өг гэж дайрч байгаа Ерөнхий сайдыг юу гэж үзэх вэ. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд нь төсвөө хамгаалахгүй, ил тод байх шаардлагагүй гэж үзэж байгаа нь монголын түүхэнд анхы тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд болон улстөрчид санал нэгтэй дуугарсан. Тийм ч учраас Ерөнхийлөгч нь дэгийн тухай хууль санаачилж өгөөд байхад нь хэргээр хэлэлцэхгүй байсаар төсөв батлуулаа. Өөрөөр хэлбэл Ардын намын бүлгийг байгуулахгүй байсаар төсвөө эцсийн байдлаар явуулчихлаа. Бүр тодруулж хэлбэл, Ерөнхий сайд учир битүүлэг 50 тэрбум төгрөгөө сөрөг хүчний эсэргүүцэлгүйгээр батлуулж чадлаа. Энэ нь цаагуураа төсөв дээр сөрөг хүчний хяналт оруулахгүй гэсэн хүчирхийлэл шүү дээ. Айсуй сураг нь дуулдах болсон дэлхийн эдийн засгийн хямрал хэр удаан өрнөх юм, хамрах хүрээ нь ямар байх юм, Монгол чухам ямар сувгаар орж ирж, ямар салбарыг цохих юм гэдгийг тооцож, түүнд тулгуурлаж хийсэн юм огт байхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байхад Ерөнхий сайд нь ийнхүү эргүү хурга шиг аашилж байгааг юу гэж ойлгох вэ.
Өнгөрөгч сонгуулиар улайрсан шигээ бүх зүйл улайрч хандах болсон олонхийн бүлгийг толгойлогч ийнхүү 50 тэрбум төгрөг ямар ч задаргаагүй, юунд зарцуулах нь тодорхойгүй бидний халааснаас авчихлаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол АН-ын нөлөө бүхий фракциудад хувааж олгох мөнгө гэсэн яриа ч чих дэлсэв. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг гартаа авсан МоАХ фракцид 10 тэрбум, өөрийнхөө тэргүүлдэг “Алтангадас”-т 10 тэрбум, УИХ-ын дарга З.Энхболдын толгойлдог Ардчилсан хүчний фракцид 10, Эдийн засгийн хөгжлийн яамыг гартаа хийсэн Н.Батбаяр тэргүүтэй МҮДН-ынханд 10 тэрбум гэхээр 50 тэрбум төгрөг ч шингэх л байх даа. Харин эх сурвалжийн тайлбарлаж хэлснээр Н.Алтанхуягийн “шинэтгэл хийнэ гэх 50 тэрбум төгрөг яамдыг хувааж авсан фракцуудын гарт шинэчлэл бүтээн байгуулалт хийх нэрээр очно. Гэхдээ энэ мөнгө АН ирэх дөрвөн жилд намынхаа санхүүг бэхжүүлэх, хоосон хоцорсон нэгнээ тэжээхэд зориулагдана” хэмээсэн юм. Чухам үнэн худал эсэхийг бүү мэд. Юутай ч зураг төсөл нь хийгдээгүй байшин барилгын хөрөнгө мөнгө төсөвт оруулж ирсэн нь цөөнгүй бий. Энэ мэтчилэн төсвөөс буюу татвар төлөгч бидний мөнгө улстөрийн хүчний бааз суурийг бэхжүүлэх, тэдний халаасыг зузаалахад зориулагдаж байгаа юм биш биз гэх хардлага хэнд ч төрнө.
Төсвийг нарийн авч үзэх юм бол улсын төсвийн орлого талыг бүрдүүлж байгаа зүйлс дээр эргэлзээтэй тоонууд их бий. Тухайлбал, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 400 гаруй тэрбум төгрөгийг Оюутолгойгоос авна гэсэн. Тэр бол зүгээр өөрсдийнхөө хүслийг бичиж байгаа хэлбэр. Авна гэсэн үг огт биш. Авахын тулд нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээрт орж, тохиролцох ёстой. Тэр нь албажиж байж энэ хэмжээний мөнгө орж ирнэ шүү дээ. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэсэг гишүүд эсэргүүцээд энэ ажилд нь цэг хатгасан байгаа. Ямар ч албан ёсны гэрээ хэлэлцээр одоогийн байдлаар байхгүй байгаа юм. Нөгөө талд хөрөнгө оруулалт огт байхгүй төсөв болсон. 2012 онд хийхээр байсан хөрөнгө оруулалтыг 2013 он руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжил нэг жилээр хойшилсон. 2012 онд хийх байсан юмнууд бүгд 2013 он руу шилжсэн нь өмнө нь эрх барьж байсан намынхаа хийсэн бүтээсэн, санаачилсныг дарах гэсэн арчаагүй арга юм. Тэгэхээр ард түмэн Ерөнхий сайдаасаа нэг зүйлийг хүсч байгаа. Та тэр 50 тэрбумынхаа учрыг олоод тайлбарлаад өгөөч гэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих