Хотын гаднах “танил” зовлон
Мартагдсан суурин нам гүм… Хааяа, хааяахан хүн машин хоёр нь амь оруулдаг хотын захын мартагдсан сууринг Шувуун фабрик гэнэ.
Хан-Уул дүүргийн XIII хороо гэгддэг энэ хэсгийг 1995 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Туул тосгон хэмээн нэрлэж үүнээс хойш 35.5 км замаар хөгжлийн түүчээ хийсээр иргэд нь өдийг хүрчээ. Эндхийн иргэдэд хотынхонд гайхуулах нэлээд зүйл бий. Тэр нь цэвэр агаар, түгжрэлгүй зам. Хотынхноос гуйх бас хэдэн зүйл байна.
Тухайлбал, автозамын шинэчлэл, дэд бүтэц. Уг нь бол хотын хүн амыг сааруулах, хотыг тэлэх бодлоготой уялдуулан өмч хүссэн иргэдэд 0.7 га газар тэнд өгч эхэлжээ. Гэтэл газрын хуваарилалтаар замын эвдрэлийг баллуурдаж чадсангүй юу Шувуун фабрикт суурьших сонирхолтой иргэд байгаагүйг нутгийн хөгшчүүд хэлж байна. Тэнд зөвхөн хэдэн мал бараадсан, ажилгүй, өрх толгойлсон, хөгшин гэх мэт нийгмийн эмзэг давхаргынхан элбэг суурьшдаг байна.
Эндээс хотын төв рүү явах нэлээд асуудалтай санагдсан. Учир нь Шувуун фабрик-Вокзал чиглэлийн автобус л явдаг. Өнөөх “хурдны” замаар цаг гаруй ниссээр вокзал орж ирнэ. Магадгүй нуруу, дотор эрхтэн муутай хүн бол энэ унаанд суух гэж нэг их яарсны хэрэггүй л болов уу. Энэ чиглэлийн зам нь арай л биш ээ.
Жижиг үйлдвэрлэл, аж ахуйг хөгжүүлэх таатай хөрс байна
Энд шувууны аж ахуй сайн хөгжжээ. Мал аж ахуй эрхэлдэг иргэд ч нэлээд байна. Ахмад дайчин Т.Даш, Т.Санжжав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэнсмаа, гавъяат багш Т.Санжид зэрэг алдартнууд аж төрдөг нь мартагдсан тосгоны бахархал.
Энд Нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар дунд сургууль, Туул тосгоны хүн эмнэлэг, цагдаагийн хэсэг, томоохон гахай, шувууны аж ахуй болох “Коре –Алмаз”, “Бөхөг”, “Түмэн шувуут” зэрэг компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний зүгээс дахиад л өнөөх замын асуудлыг “бэрхшээл” гэж ярьж байна. Хүн ам цөөтэй учраас ажлын байр хүрэлцээтэй, зам эвдрэлгүй болохоор автобус бараг эвдэрч зорчигчдыг хүлээлгэдэггүй сайн цаг байсныг дурсацгаана.
Эндхийн замыг тэртээ 1974 онд анх ашиглалтад оруулж байжээ. Ажлын өдөр бол гурав, амралтын өдрөөр хоёр ээлжээр явдаг эндхийн унаа өдгөө цагтаа явдаггүй, замынхаа дундаас эргэдэг, иргэдийн аюулгүй байдлыг хангадаггүй гэх мэт шүүмжлэлээр бөмбөгдүүлдэг болсныг захын нэгэн ч хэлнэ. Энэ байдал нь автобусны жолоочийн буруу гэхээсээ энхэл донхол, шатны гишгүүр шиг замаас эхтэй гэдгийг нутгийнхан хэлнэ билээ.
Найдаад л явна даа
“Био-Комбинат, Шувуун фабрикийн замд өдөрт хэд хэдэн удаа нааш цаашаа явна гэдэг бол үнэхээр стресстэй ажил. “Буянт-Ухаа” өнгөрөөд л санаа алддаггүй жолооч гэж үгүй байх. Учир нь байнгын тормоз гишгээтэй, жолоогоо огцом мушгиж явна гэдэг хүндрэлтэй. Замыг нь засчих байх гээд л найдаад байдаг. Өдөр ирэх тусам л замын нүх томорч, явахад үнэхээр асуудалтай болж байна.
Сайн замын муу болсон түүхийг “Шувуун фабрик”-т үйл ажиллагаа явуулдаг 20 орчим элс, хайрганы карьерын хүнд даацын машинуудтай холбож байна билээ. Арга ч үгүй биз. Өдөрт хэдэн арваараа нааш цаашаа сүлжилддэг карьеруудын 60, 80 тоннын даацтай машинуудын аяыг даахгүйгээс асфальт байгаа үгүй нь ер харагдахгүй болжээ.
Нутгийн иргэд тус компаниудтай хариуцлага тооцох тухай албан бичгийг хорооны Засаг даргадаа илгээсэн ч тусыг эс олжээ. Хэдийгээр холбогдох албаныхан хуралдаж, карьерын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад долоо хоногийн хугацаанд 600 сая төгрөг төвлөрүүлж, уг замын 10 мянган шоо метр талбайг засах төсөв бүрдүүлэхийг үүрэг болгосон ч “Би чадна” гэж дуугарах зоригтон гарч ирээгүй гэнэ.
Энэ чиглэлийн 12.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг энэ жил концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр тендер зарласан ч зам барилгын компаниуд санал ирүүлээгүй аж. 2009 онд засварласан уг замын шинэчлэлтийн ажилд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай аж. Мөн нутгийн иргэд тоос тоосонцорын харшилтай байх нь энгийн үзэгдэл болж, дэд бүтэц хөгжөөгүйгээс иргэдийн амьдрал төдий хэмжээний цагаар ухарч байгааг ч дайлаа.
Т.Сэдэд
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: