Монголд Атомын цахилгаан станц байгуулна гэдгээ Оросуудад дуулгажээ
Манай улсын Цөмийн Энергийн Газрын мэргэжилтнүүд болоод ШУА-ийн Физик,технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөлөл ОХУ-ын Калинины Атомын цахилгаан станцад очиж, АЦС барьж ашиглах туршлагатай танилцсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Мэдээллээс үзэхэд манай ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа эрхэм “Калинины Атомын цахилгаан станц бол лут том үйлдвэр юм. Энэ станц бидний үзсэн анхны АЦС болж байгаа нь тааламжтай. Өдгөө бидэнд түүхий эдийг дахин боловсруулахад үйлдвэрлэлийн хүчин дутагдаж байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тулгуур эх сурвалж байгуулахыг сонирхож байна. Орос бол АЦС-уудтай хамт түлшний нэгдсэн сүлжээг байгуулсан цогц үйлдвэрүүдтэй ойрын улс юм” хэмээн ярьсан байгаа юм.
Тэгэхээр эндээс нэг зүйл ойлгогдож байгаа нь Засгийн газар тохируулагч агентлагийнхаа эрхмүүдийг зориуд Орос руу илгээж станц байгуулах туршлагыг судлаж байгааг үзэхэд өнөөх шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хэлж ярьж байсан зүйлс үнэ цэнээ алдаад эхэлж байгаа юм. Ямар ч байсан манай Засгийн газарт Атомын цахилгаан станц байгуулчих сонирхол болоод хүсэл зориг байгаа гэдэг нь энэхүү мэдээллээс харагдаад байна гэхэд болох юм.
Уг нь Ерөнхий сайд маань бол Атомын цахилгаан станц барьж байгуулах тал дээр ихэд сүжиггүй маягийн зүйлийг ярьж байсан билээ. Өдгөө батлагдчихаад байгаа төсвийн төсөл дотор Цөмийн эрчим хүчний станц барихаар тусгасан санал явж байгааг ер мэдээгүй байсан. Ерөөс Цөмийн станц энэ тэрийг бол авч хэлэлцэхгүй байгаа, Цөмийн энергийн газрын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн саналыг тэр чигээр нь Төсвийн тухай хуулийн төсөлд явуулснаас шинэчлэлийн Засгийн газар Цөмийн эрчим хүчний станц барих гэж байна гэсэн ташаа ойлголтыг УИХ-ын гишүүдэд өгчихөөд байна. Ийм зүйл огт байхгүй гэсэн зүйлийг Ерөнхий сайд ярьж байсан.
Бүр тэгээд дотор Цөмийн эрчим хүчний станц барихаар тусгасан саналыг төсвийн төсөл дотор тэр чигээр нь явуулж, ажлын хариуцлага алдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Гэхдээ ингэж хариуцлага тооцсоноороо Засгийн газрын нэрийн өмнөөс УИХ-д өргөн барьж байгаа төсвийн тухай хуулийн төслийг сүүлийн байдлаар нь хянаж, анзаарах зав зай Засгийн газарт байдаггүй. Эсвэл угаасаа харах ёсгүй, тэрчигт нь явуулчихдаг. Нэг ёсондоо тун тодорхойгүй ажил, үүргийн хуваарилалтаар ажлаа мөлхүүлдэг гэдгийг нь харуулсан явдал болсон гэхэд болно.
Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход шинэчлэлийн тодотголт энэ Засгийн газарт уранаас хол байх бодол байгаа гэдэг нь эргэлзээтэй. Төсвийн төсөлдөө Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд ирэх онд ураны дөрвөн орд газрын ТЭЗҮ-ийг боловсруулна. Улаан-Уулын ураны орд газарт олборлох үйлдвэр барина. Монгол Улсад атомын цахилгаан станц барих ТЭЗҮ-г боловсруулна гэж тусгачихаад УИХ-л өргөн барьсан Засгийн газар шүү дээ. Тиймээс ч нэр бүхий гишүүд Ерөнхий сайдын багцад тусгагдсан, зориулалт нь үл мэдэгдэх 50 тэрбум төгрөгийг урантай холбон ярьцгааж байсан. Улмаар энэ Засгийн газрыг Цөмийн энергийн тухай хууль, Стратегийн хөрөнгө оруулалттай салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг зөрчих гээд байна гэж хардаж байгаагаа илэрхийлцгээж байсан. Зүй нь урантай холбоотой энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байтал Засгийн газар дур мэдэн давхиад байна гэж мэдэгдэх гишүүд байсан. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэгчлэн энэ мэтээс харахад ямар ч байсан манай Засгийн газарт урантай зууралдах сонирхол чамгүй байгааг үгүйсгэхийн аргагүй байгаа. Дэлхийн бусад улс орнуудад ураныг зөвхөн эрчим хүч гаргаж авах зорилгоор олборлодог . Тэгвэл манайд эрчим хүч гаргаж авахад шаардлагатай нүүрс, нар, салхи гэхчлэн эх үүсвэрүүд байсаар байтал, заавал урантай зууралдах гээд байгаа нь хэний эрх ашгийн төлөө вэ гэдэг асуудлыг сайтар анхаарах ёстойг ч төр засаг дахь эрхмүүдийн төлөөлөл хэлж яриад эхэлсэн билээ.
Угаас ярихаас өөр аргагүй нөхцөл байдлыг засаг дахь эрхмүүд өөрсдөө бий болгож байгаа. Өмнөх Засгийн газраас батласан 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтад, Ерөнхий сайдын багцад Монгол Улсад Цацраг идэвхит ашигт малтмалын хаягдлыг хадгалах булшлах байгууламж, радио химийн лабораторийг барьж байгуулахаар төлөвлөөд оруулчихсан байсан. Хэдийгээр албаны нөхдүүдийн залруулж хэлсэнээр тэр зүгээр л төслийн жагсаалтад байсан гэж байгаа ч, үнэхээр барьж байгуулахгүй гэдгийг нь хэн ч баталж чадахгүй өнөөдрийг хүрсэн.
Хөтөлбөрт тусгагдсаныг харахад:
-Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2013-2014 онд 5000.0 төгрөгийн өртөгтэйгөөр цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барих
-Дорнодын Мардай тосгонд 2014-2015 онд 5000.0 төгрөгийн өртөгтэйгөөр цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барих
-Алдартолгойд 2013-2014 онд 1000.0 төгрөгийн өртөгтэйгөөр Цацраг идэвхит ашигт малтмалыг хадгалах, булшлах байгууламж болон радиохимийн лаборатори барих гэхчлэн нарийвчлаад оруулчихсан байсан. Уул нь ЦЕГ-аас “Цөмийн станцын ашигласан түлш, мөн дахин боловсруулсан түлшний хаягдал, цөмийн цахилгаан станцыг буулгах, ашиглалтаас гаргах үеийн цацраг идэвхт зүйлсийг хаягдалд оруулдаг. Булшлах асуудлын хувьд Монгол улсын олон хуульд хориглосон байдаг. “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль”, “Хогны тухай хууль” хуучнаар “Аюултай хог хаягдлын импорт, хил давуулан тээвэрлэхийг хориглох, экспортыг зохицуулах тухай хууль”, “Цөмийн энергийн тухай хууль”, мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон. Эрх зүйн хувьд хориотой. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудаар ч мөн хориглосон байдаг. Хэрэв ийм асуудал байгаа бол гэмт хэрэг, контрбантын асуудал болно…” гэх мэдээллийг өгдөг ч, Засгийн газар нь хөтөлбөрийн жагсаалтдаа багтааж зүрхэлсэн л байдаг.
Тэгэхээр эрхэм Ерөнхий сайд маань станцын сураг сонсоогүй байхад , тохируулагч агентлагийн нөхдүүд хэний заавар зөвлөгөөний дагуу хойд хөршид очоод Калинины Атомын цахилгаан станцтай танилцаад, Монголдоо АЦС барьж ашиглах хүсэлтэй байгаагаа хэлж яриад явж байж болох вэ? Засгийн газар нь мэдээгүй байхад, ЦЭГ нь дур мэдэн станц байгуулах гээд байна гэвэл хэн итгэх юм бэ? Итгэх боломжгүй шүү дээ.. Ингээд аваад үзэхэд Засгийн газар цөмийн станц барихаар шуударчихсан юм биш үү.. Тэгээд л төсвийн төсөлдөө шургуулсан нь баригдаад, бантахдаа хариуцлага тооцдог баатрууд болсон юм биш үү.. Хэн үгүй гэх юм бэ?
Баяр
URL: