АН-ын хууль бус үйлдлүүд юунд хүргэх вэ

Улс орны хувь заяа, олон хууль бус шийдвэр, ард олны амьдрал гээд бүгд л нэг тиймхэн саарал манан дундуур Монгол Улсын амьдрал үргэлжилж байна хэмээн үглэх хүн олширчээ. Үүнийг дийлэнх иргэд шинэ парламент УИХ-ын даргаа хууль бус томилж, түүнийхээ  араас олон хууль бус шийдвэр гаргасантай холбон тайлбарлах нь бий. Энэ нь гарцаагүй үнэн хэдий ч З.Энхболдыг долдугаар сарын 24-нд хууль бусаар УИХ-ын дарга болохоос даруй нэг жилийн өмнө нууц байдалд эхэлчихсэн байсан гэдгийг эх сурвалж хэлдэг. Өөрөөр хэлбэл,  2011 оны намраас АН-ынхан сонгуулийн хууль зөрчиж, ялалт байгуулах төлөвлөгөөгөө боловсруулж, ажилдаа орчихсон байсан хэрэг. Мэдээж энэхүү хууль бус үйлдэлд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн тус болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ийнхүү АН-ын хууль бус үйлдлийн үр хөврөл хэзээ эхэлж, бүрэлдэж байсан талаар цухас өгүүлье.
Сонгуулийн тогтолцоог өөрчилж, анх удаа шинэ системээр сонгох сонгогдох эрхээ эдлэх үүднээс 2011 оны сүүлийн хагасаас эхлэн УИХ-д суудалтай намууд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төсөл дээр ажиллах хугацаанд тухайн үеийн цөөнхийн бүлгийг бүрдүүлж байсан АН-ынхан хуулийн шинэчлэлийг гацааж, чуулганы хуралдаанаас удаа дараа завсарлага авч, хаяж байсан нь өдгөөгийн хууль бус үйлдэл хийх боломжоо бүрдүүлэх будилаанаа эхлүүлж байв. Учир нь тэд ардчилсан улс орны тусын тулд биш, зөвхөн намынхаа эрх ашгийн төлөө муйхарлан зүтгэж, өөрсдийн талд хууль батлахыг эрмэлзэж байлаа. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2011 оны зургадугаар сарын 25-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед өдгөөгийн УИХ-ын хууль бус дарга З.Энхболд маргаан үүсгэж байснаас хойш нэгдүгээр сарын 8-ны хуралдаанаас тухайн үеийн АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг завсарлага авч байсан бол арванхоёрдугаар сарын 27-нд дахин хугацаагүй завсарлага авсан гэх мэтээр нийтдээ арваад удаа хурал хаяж байж өөрсдийн будилааныг үүсгэх бууриа зассан юм.

Шуудхан хэлэхэд, УИХ-ын болон бусад хуралдаан дээр бойкот хийж, өдгөө хууль бус үйлдэл хийх эрхээ авсан гэлтэй.
Сонгуулийн тухай хуульд шинэчлэл хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Гагцхүү АН-ынхан удахгүй болох сонгуулиар ялалт байгуулах нь тэдний хувьд маш чухал байсан учраас тэд хуулийн шинэчлэлийг гацааж, үзэл бодлоо тулгасаар байв. Тиймээс тухайн үед олонхийн бүлгийг бүрдүүлж байсан Ардын намынхан сонгуулийн хуульд шинэчлэл хийх цаг нь болжээ гэсэн үндэслэлээр цөөнхийн бүлэгт найр тавьж байж энэ хуулийг баталсан.
арин цахим хувилбар дээр маргаан гарч байсан ч АН-ынхан санасандаа хүрсэн нь саяхан. Тэдний хувьд УИХ-ын сонгуулийн санал хураалтыг автомат машинаар явуулна. Ингэхдээ УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хамт явуулна хэмээн зүтгэсэн. Ийн зүтгэсээр улс орны ажлыг гацааж байсан нь ганцхан учир шалтгаантай. АНУ-ын “Доминион вотинг” компанийн үйлдвэрлэсэн гэгдэх автомат машины программыг өөрчилж, саналыг сонгогч олны хүсэлтээр биш өөрсдийнхөө талд шийдвэрлэх шинэчлэл байв.
Сонгуулийн хуулийн төсөл дээр шахалт үзүүлэхээс тэдний хууль бус ажиллагаа эхэлсэн гэж хэлж болно. Үүнтэй дөрөө харшуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын сонгуулийн өмнөх кампанит ажлаа явуулж, өрсөлдөгч намын харъяаны эрх дархтануудыг шалгаж, баривчилж эхэлсэн. Үүний зэрэгцээ нэр бүхий намын гишүүдийг тийм ч хэргээр шалгана, ийм ч хэрэгт холбогдсон хэмээн хэвлэлээр гутаан доромжилж сонгуульдсан.
Энэ бол тэдний хууль бус ажиллагааны үндэс суурь байв.

Аливаа зүйлийн суурь нь, эхлэл нь буруу байвал бүх зүйл цаашид буруу явдаг бичигдээгүй хуультай. Нэгэнтээ автомат машины тусламж, хууль бус үйлдлийнхээ хүчинд олонхи болсон АН олдсон боломжоо цаашид улам баталгаажуулахаар улайрч, УИХ-ын даргаа хууль бус томилоод авсан. Суурь нь муу орон сууцны барилга олон мянган иргэдийг аюулд хүргэдэг шиг манай өнөөгийн парламентын эхлэл нь буруу тавигдчихсан болохоор сая сая иргэдийн амьдралд ч нөлөөлж болохуйц аймшигтай нөхцөл бүрдүүллээ. Өдгөө ч сонгуулийн маргаан тасраагүй, олонхи болсон намынхан Ерөнхийлөгчтэйгөө нэгдэн шүүх эрх мэдлээр далайлгаж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа бүх зүйлийг өөрсдийн талд хууль ёсноос гадуур шийдэх болов. АН-ын захын нэг гишүүн хууль тогтоох дээд байгууллагын танхимд нэгэндээ салаавч үзүүлж, “шоронд хорино”, “гянданд хатаана” гэх зэргээр цагдаа, шүүхийн байгууллагын ажлыг заналхийллээр хийх болов.
АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нараас улстөрийн намууд хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Харин тэд өөдөөс нь бараг л танай намын тэрийг чинь шалгана, хорино гэх маягийн зүйл ярих болов. Шууд утгаараа АН-аас сонгогдсон 31 гишүүн шаргал ордныг цагдаагийн байгууллага болгож хувиргалаа. УИХ-ын хууль бус даргаар томилогдмогцоо Үндсэн хуулин дээр гишгэлж эхэлсэн З.Энхболд шинэ парламент дахь байнгын хороодыг ч хүч түрж байгуулав. Хагас сая орчим иргэдийн итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д орж ирсэн Монгол Ардын Намын 25 гишүүнгүйгээр байнгын хороодыг байгуулсан нь хууль бус даргатай УИХ-д оруулах аливаа асуудлыг зөвхөн АН-ын талд шийдвэрлэх боллоо.

Өдгөө Орон нутгийн сонгууль хаяанд тулж, тэд мөн л олонхиороо дайрч байж өөрсдийн талд шийдвэр гаргуулсан. Нэгэнтээ хууль бус эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд ахиад л орон нутгийн сонгуулийг автоматмашины тусламжтайгаар булааж авах нь. Шударга үнэний төлөө өдгөө ч гудамжинд тэмцэж байгаа иргэд орон нутгийн сонгуулиар АН-ын энэ хууль бус үйлдэл давтагдвал хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ илэрхийлж байна.

С.Өлзийт
Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих