Утаатай Улаанбаатарыг бий болголоо гэв
Цайз зах дээр түлээ, нүүрсний худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа Багануурын нүүрсийг сонгуулийн шоу, Н.Алтанхуяг сайдын хувийн бизнес гэж үзэж байгаагаа хэлсэн. Учир нь уг нүүрс утаа тортог, үнс ихтэй, асалт, илчлэг муутай хэмээн иргэд голдог гэнэ. Цайз захад нүүрс борлуулдаг иргэн Д.Наран “Дулааны цахилгаан станцад түлэх зориулалттай, чанаргүй нүүрсийг иргэдэд шахаж байна. Иргэд энэ нүүрстэйгээ хольж түлэх нүүрсээ биднээс авдаг болсон. Бид Налайхын 40 кг-ын нүүрсийг 6000 төгрөгөөр зарж байгаа. Үнэхээр л тэгж ард түмнээ харж үзэх гээд байгаа юм бол Налайхын чанартай, шаталт сайтай нүүрсийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр өгөх хэрэгтэй шүү дээ. Нэг Засгийн газрын хийсэн зүйлийг нөгөө нь ингэж үгүйсгэхээ болимоор юм. Өнгөрсөн жил утаагүй зуух гэж тараасан. Тийм л юм бол яах гэж тэр зуухыг тараасан юм бэ. Тэр зууханд Багануурын нүүрс асахгүй байна. Утаагүй Улаанбаатар гэж яриад байсан. Харин ч бүр утаатай Улаанбаатарыг бий болгох нь” хэмээв.
URL: