“Улигт” хөтөлбөрөөр сонин юу байна

Үнэндээ ингэж асуумаар нэг хөтөлбөр байна. Уг нь нэр болоод зорилго нь их гоё. Анхандаа энэ хөтөлбөр ёстой л өнөөх монгол түмнийг цэнгэлийн манлайд хүргэнэ гэдэгтэй утга нэг сонсогдож байсан. Уг нь хэрэгжсэн бол өдийд бидний хахаж, цацдаг утаа цөөн хувиар ч болов буурч, монголын нэг ч гэсэн  өрх хямд хүүтэй зээлээр орон сууцтай болох байв. Гэтэл сонгуулийн өмнө сүр дуулиантай эхэлсэн энэхүү хөтөлбөрийн сураг  өдөр өдрөөр алдарч байна. Тиймээс ч бид “Улигт”хөтөлбөрөөр сонин юу байгааг сурвалжиллаа.

“Улигт” хөтөлбөрийн түүх ингэж эхэлсэн юм
Одоогоос хагас жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, ОССК, хуучнаар ЗТБХБЯ хамтран нэгэн сайхан хөтөлбөр эхлүүлсэн нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. Тодруулбал, УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүрэг өгсөн юм. Улмаар энэ хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас олон тогтоол шийдвэрүүд гарсан бөгөөд Засгийн газрын 138 дугаар тогтоолоор иргэдийн сонгох байрны хэмжээг 50 хүртэлх м/кв байсныг нь 55 м/кв болгож нэмж өөрчилсөн билээ. Ингэснээрээ иргэдэд бодит сонголт олгох боломжийг олгосон юм.  Түүнчлэн иргэдэд бодит бололцоог олгох үүднээс дотоодын арилжааны банк болон хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн бондоос хөрөнгийн эх үүсвэрийг нь зохицуулахаар шийдвэрлэсэн. “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд техникийн үзүүлэлтээрээ тэнцсэн 50 гаруй компанийг бүртгэсэн.  Өөрөөр хэлбэл, дулаан, шугамын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн 77 мянган айлын орон сууц байгаагаас энэ онд 28 мянга нь ашиглалтад орох талаар тухайн үеийн салбар хариуцсан сайд Ц.Дашдорж мэдэгдэж байлаа. Энэхүү 28 мянган айлын орон сууцнаас есөн мянга нь хэрэглэгчидийн шаардлагад бүрэн нийцсэн орон сууц болохыг ч хариуцлагатайгаар мэдэгдэж байсныг өчигдөрхөн мэт тод санаж байна.

Аманд орсон шар тос буюу зургаан хувийн хүүтэй зээл  
Бидний хамгийн эхэлж зорьсон газар бол мэдээж ОССК. Иргэдийн орон сууцтай болохын төлөөх тэмцэл өнгөрсөн гуравдугаар сараас эхтэй. Зургаан хувийн хүүтэй зээл гэдэг бол аманд орсон шар тос л гэсэн үг байв. Тиймээс ч хөтөлбөрийн зар явсан даруйд ОССК олны хөлд дарагдаж, хаврын хавсаргыг ч үл хайхран хүмүүс орон сууцтай болохын төлөө улайрч эхэллээ. Энэ бол өнгөрсөн гуравдугаар сарын хуйсагнасан өдрүүд. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх олны анхаарал ОССК-ийн зүгт чиглэж, хүүгээ, дүүгээ, өөрөө байртай болох гэсэн хүмүүс Ц.Дашдорж болон С.Алдаржавхлан нарын харцаар, гарын аясаар хөдөлж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл ах дүү, хамаатан садангийнхаа байрны ордерийг барьцаалж, нэгнээсээ өрсч, аятайхан байрлалтай орон сууцтай болох хүслээр жигүүрлэсэн хүмүүсээр нийслэл дүүрсэн юм. Автобус, микро, банк гээд олон нийтийн бүхий л газарт энэ тухай яриа өрнөж, сонгуулийн өмнө хэрэгжих юм гэсэн хэмээн яарцгааж байсан нь нүдэнд харагдана. Одоогоос долоон сарын өмнө энэ газарт хүмүүс багширч, уртаас урт цуваа үүссэн байсан юм. Гэтэл биднийг очиход эл хуль. Ганц нэг бичиг цаас барьсан хүмүүсээс өөр анхаарал татах зүйл алга. ОССК-ийн нэгдүгээр давхарт байрлах иргэдийн өргөдлийг хүлээн авах өрөө харин хэвээрээ. Хүмүүс орж, гарч байгаа харагдана. Бодвол зургаан хувийн зээлд хамрагдчих санаатай хүмүүс бололтой. Иргэдийн хувьд итгэл нь алдарч эхэлжээ. Гэсэн ч хэрэгжинэ гэсэн үгэнд найдаж, ийнхүү бичиг, цаасаа хөөцөлдөж яваа гэх. Харин ОССК-ийн Зээлийн газрын захирал М.Уламбаяр эзгүй байв. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх хүн байхгүй гэнэ. “Энэ хөтөлбөр хэрэгжинэ. Бид хүмүүсийн материалыг судлаад Төрийн банк руу илгээж байгаа. Эхнээс нь хүмүүсийн зээлийг шийдэж өгсөн гэсэн” хэмээх өнөөх л хэлдэг тайлбар. Яг үнэндээ “Улигт” хөтөлбөрийн улиг болсон тайлбар мэт чихэнд нэг л наалдацгүй сонсогдох. Энэ газар ер нь ямар зорилготой, юу хэрэгжүүлж байдаг юм бол хэмээх бухимдал дотор буцална. Гэвч хүссэн мэдээллээ олж чадаагүй учир ОССК-ын хаалгыг урамгүйхэн хаалаа.

Төрийн банк & Хөгжлийн банк     
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн зээлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн банк 115 дугаар салбараа нээсэн юм. Энэ банк Бөмбөгөрөөс “Монос” эмийн сан уруудах замд байрлах бөгөөд тодоос тод цэнхэр хаягтай тул олоход ядах зүйлгүй. Төрийн банкны захирал солигджээ. Уг нь өнгөрсөн зун сурвалжлахаар очиход С.Анхсайхан хэмээх бүсгүй бидний асуултад тодорхой хариулт өгч байсан юм. Харин шинэхэн захирал мөн л эзгүй. Тэгээд ч төвөөс зөвшөөрөл аваагүй бол хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх эрхгүй гэнэ. Ямартай ч үүдний харуулаас бага  сага зүйлийг тодрууллаа.

С.Тулга: Өдөр бүр  хүмүүс маргаан дэгдээдэг
-Одоогийн байдлаар хэчнээн хүний өргөдлийг хүлээн аваад байна вэ?
-Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан 3000 гаруй хүний өргөдлийг хүлээж авсан гэх юм билээ. Харин түүнээсээ яг хэчнээн хүний зээлийг Төрийн банк шийдвэрлэснийг би мэдэхгүй.
-Энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн түрүүч байрандаа орсон болов уу?
-Үгүй байх гэж бодож байна. Өдөр бүр л хүмүүс утсаар болон өөрийн биеэр ирж маргаан дэгдээдэг. Аль зун өгсөн зээлийн хүсэлт одоог хүртэл шийдэгдээгүй байна гээд л байгаа харагддаг. Яг нарийн зүйлийг захиралууд л мэдэх байх даа гэв.
Ийнхүү бидний яриа өндөрлөв. Учир нь харуул хамаагүй зүйл ярих эрхгүй. Биднийг өнгөрсөн зун ирэх үеэр хонон өнжин дугаарлаж, хонх дуугарахаар дээш гарч зээлийн эдийн засагчтай уулздаг тухайгаа ярьж байсан. Харин өчигдөр очиход ажлын өдөр байсан болоод ч тэр үү зээл хөөцөлдөж яваа хүн алга. Уг нь ОССК-ийн зүгээс бүх арилжааны банкинд хүсэлт явуулсан. Төрийн банк Даваа гарагт иргэдийг хүлээж авдаггүй бөгөөд уулзалт хийдэггүй гэсэн үг. Уг нь хөтөлбөр эхэлснээс хойш Төрийн банкинд 3000 гаруй хүний зээлийн хүсэлт ирж, түүнээс 800 гаруйг нь шийдэж өгсөн гэх албан мэдээ бий.  Харин яг одоогийн байдлаар энэ банкинд 2800 хүний зээл гацчхаад буй. Байраа сонгочихсон иргэдийн хувьд барилгын компаниуд өдөр хоногоор алданги тооцож, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу амь тэмцэж яваа. Гэтэл Төрийн банкныхан хэвлэлийнхнээс зугтаадаг ажилдаа мэргэшиж, мэдээлэл өгөхгүй гэх үгээр ам тагласаар.  Харин Төрийн банк хүсэлтийг нь хүлээн авч хамтарч ажиллаж буй. Капитал банк хамтрах тухай яригдаж байсан боловч тэгсхийгээд сураг алдарсан юм. Харин санхүүжилтийг нь Хөгжлийн банк зохицуулахаар шийдвэр гарч байв. Улмаар энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж эхний ээлжинд Хөгжлийн банкнаас 20 тэрбумыг Төрийн банкинд шилжүүлсэн. Харин үлдсэн 30 тэрбумын асуудал одоо болтол тодорхойгүй хэвээр байна.

Барилга хот байгуулалтын яам
Тус хөтөлбөрт хамрагдсан Буянт-Ухаа хороолол  дэд бүтэцгүйн улмаас барилгын ажил нь зогссон. Уг нь тус хорооолол үнийн хувьд хамгийн хямд нь байсан төдийгүй байрлал нь ч сайхан газарт баригдах байв. Харамсалтай нь дэд бүтэцгүйн улмаас барилгын ажил нь зогссон. Мэдээж энэ хөтөлбөрийн талаар тодруулах ёстой газрын нэг нь яах аргагүй Барилга хот байгуулалтын яам. Гэхдээ салбарын сайд нь анх ажлаа авч байхдаа энэ хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэхээс өөр мэдээллийг хийгээгүй байгаа юм. Тус яаманд Пүрэвдулам гэх эмэгтэй дээрх хөтөлбөрийн асуудлыг хариуцдаг аж. Харамсалтай нь тэрбээр гадуур ажилтай байсан тул холбогдох утасны дугаарыг нь авч залгасан боловч утсаа авсангүй.
Ерөнхийдөө энэ хөтөлбөрийн талаар холбогдох албаны хүмүүсээс нь нэг ч дорвитой үг сонсч чадсангүй. Амнаас нь нэг ч үг унагаж дөнгөсөнгүй. Энэ нь тус хөтөлбөр бүрхэг байгааг илтгэх мэт. Одоогоос хагас жилийн өмнө сүр дуулиантай, олон хүнд итгэл найдвар төрүүлэн эхэлж байсан тус хөтөлбөр үлгэр болж байх шиг. Харин үлгэр хэрхэн төгсөхийг таашгүй.

Х.Өнөржаргал
Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих