Үймээний нууц эзэд тодрох магадлалтай болов
Өнгөрөгч УИХ-ын сонгууль таван хүний амиар туг тахиж, энэ удаагийн парламентыг бүрдүүлсэн. Гэхдээ сонгууль гэдэг үгний цаана эрх мэдэлтнүүдийн булхай луйвар, сайн муу үйл хэрэг, уг өгүүлбэр гээд бух зүйл халхлагддаг нь энэ нийгмийн бодит үнэн.Ямартай ч энэ удаагийн парламент ардчилсан гэх тодотголтой манай улсын түүхэнд урьд өмнө байгаагүй аймшигт үймээнээр төгссөн тийм л сонгуулийн үр дүнгийн хариулт байсан.
Яахав, 2008 оны сонгуулийн дараа нийгэм бултаараа Монголын төр тавын таван хүний алтан амийг авч одсоныхоо төлөөсөнд ямар хариуцлага үүрэх бол гэсэн хүлээлт байсан. Гэвч энэ хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлага, зарим албан хаагчийг яллагдагчаар татаж байдлыг түр намжаасан.
Тэгэхээр дээрээ толгойтой, дэргэдээ ноёнтой албан хаагчдад иргэдийнхээ өмнөөс хүйтэн зэвсэг шагайх ёс суртахуун байхгүй гэдэгт одоо ч нийт масс итгэдэг. Яах аргагүй энэ бүхний цаана хэн нэгэн эрх мэдэлтний тушаал байсан нь нотлогдоогүй үнэн. Тиймдээ ч өнөөг хүртэл үймээний цаадах эзэд нууц хэвээр байна. Гэхдээ хаврын урьтай зэрэгцэн үймээний талаарх нууц байсан зарим асуудал арай л нааштай дуулдах боллоо. Уг нь ч төр түмэн нүдтэй гэдэг дээ.
Энэ цагийн олигархиудын улс төрийн тэмцэл зарим зүйл дээр нийгэмд эерэгээр нөлөөлөх талтай юм. Тухайлбал, журмын нөхөддөө ад үзэгдэн нам хүртэл байгуулахаар Цэцийн хаалга татаад буй экс Ерөнхийлөгч үймээний талаар “хөшигний ард” байсан үйл явдлаас хэд гурвыг дэлгэсэн нь энэ хэргийг дахин шалгах үндэслэл болов.
Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас прокурорын байгууллагынхан тайлбар авахаар боллоо. Тэгээд ч С.Баяр гишүүн ээлжит эмчилгээгээ хийлгэн эх орондоо иржээ. Харин энэ зуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан гэрчийн мэдүүлэг авсан аж. Тэрбээр өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ямар ч үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө татгалзахгүй” хэмээн мэдэгдэж байсан.
Түүнчлэн онц байдал зарлахад үнэхээр хэцүү байснаа хэлээд “Тэр өдөр онц байдал зарлахыг хамгийн их эрмэлзэж, зүтгэж, надад бүр шахалт үзүүлсэн хүн бол С.Баяр. Түүний зүтгэснээр би аргагүйн эрхэнд онц байдал зарласан” гэж тодруулсан байдаг. Тиймээс л эрхэм эксийг гэрчээр татах үндэслэл болсон гэнэ. Ямартай ч тухайн үеийн төрийн эрхэнд байсан гол баатруудаас үймээнтэй холбоотой асуудлаар тайлбар авах болсон нь энэ хэргийн нууц эзэд тодрох эхний алхам тавигдлаа. Нэг үгээр хэлбэл, үймээний цаадах эздийг тодруулах магадлал өндөр болсон гэсэн үг.
Хэрвээ экс Ерөнхийлөгч үймээнтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн ярилцлага өгөөгүй бол энэ хэрэг түүхийн шар хуудаснаа үлдэх байсан. Хөөрхий, ядарсан ардын зүдэрсэн хүүхдүүд эрх дархтнуудын үйл лайг насаараа эдлэх байв. Учир нь аль хэдийн энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, цагдаагийн удирдлагууд болон албан хаагчид хавтаст хэрэгтэй танилцахаар зэхэж байсан аж. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр МАН-ын удирдлагууд соц нийгмийн дадсан зангаараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдэгдлийн хариултыг хэвлэлээр дамжуулан өгөх шаардлагагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн гэнэ.
Тухайн үед буюу үймээний үеэр ч гэсэн хэвлэл мэдээллийнхний амыг барьж, төлөвлөсөн зүйлээ ганцхан телевизээр цацаж байсан нь бодит мэдээллийг бүдгэрүүлэх үндэслэл болсон. Харин энэ удаад ч ард түмний дуу хоолой болсон дөрөв дэх засаглалынхнаас мэдээллийг нуух гэсэн нь ямар зорилго тээж буй юм бол. Гэхдээ одоогийн байдлаар Ерөнхийлөгч асны өгсөн мэдээллийг холбогдох албаныхан нууцалж байгаа гэнэ.
О.Мөрөн
“Нийгмийн толь”
URL: