Монголын бизнесийн хатагтай нар

Манай сонин “Монголын бизнесийн хатагтай нар” цуврал явуулж байгаа билээ. Эхний удаа “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Да Хүрээ трейд”- ийн Ц.Алимаа, “Хатан сүлжээ”-гийн Б.Бадамжанд, “Алтаншагай’’-н О.Заяа, “Монгол шуудан ” банкны Д. Оюунжаргал нарын талаар өгүүлсэн.
“Артишок”-ын  Ц.Төгсөө

Манайд зах зээл өргөжин хөгжиж, бизнес томрохын хэрээр шинэ бүтээл, шинэ үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хурдан нэвтэрч, нэгэнтээ л хүн бүтээж хийдэгээс хойш тэр бүхнийг даган шинэ бизнесчүүд Монголынхоо зах зээл, бизнесийн ертенцөд түрэн орж ирсэн. Энд олон хүнийг дурдаж болно. Тэдний нэг нь “Газар шим” үйлдвэрийн дарга, “ГБТ трейдинг” ХХК-ийн дэд захирал Ц.Төгсөө юм.

 

Түүний нэрийг төдийлөн мэдэж амжаагүй хүмүүст яагаав, нөгөө таны амтархан зооглодог “Газар шим”-ийн давсалсан өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногооны салат, чанамалууд гэвэл та сая санаж магадгүй. Бүр тодруулж хэлбэл Монголын Үндэсний телевизээр байнга сурталчилж байдаг “Артишок Монголд” нэвтрүүлгийг хэлэхэд Төгсөө бүсгүйн талаар та хангалттай мэдэх байх.
Энэ эмэгтэй дэлхийн олон улс оронд брэнд болсон шимт тэжээл артишок ургамлыг Австри, Герман зэрэг европынхноос дутахгүй монголчууддаа хүргэж байгаа хүн. Ингэхдээ Монголынхоо эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамт артишокийг Монгол хөрсөнд суулган нутагшуулсан. Энэ бүх ажил нь үрд дүнгээ өгч өнөөдөр Артишокийг мэддэггүй Монгол хүн бараг үгүй болоод байна.

 

Энэ бол бизнесч хүний нэг авьяас, хүчин зүтгэл гэхээс яах вэ… Тэрээр ахынхаа хамт (“ГБТ трейдинг” ХХК-ийн захирал Ц.Ганбат) эх орондоо органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амаа эрүүл хүнсээр хангах үйлсэд өөрийн зам мөрөө гарган явж байна. Энэ мэтчилэн манайд Булганы Орхон сумын Нарантуяа “Ингэттолгой”-н Сэлэнгэ, хаа байгаа Хөвсгөл аймгийн “Алтандуулга” ХХК-ийн Д.Дуламсүрэн зэрэг газар тариалангийн салбарт гандахгүй яваа бүсгүйчүүд олон бий.
“Монполимет”-ын Ц.Гарамжав

Монголд “Алт” олборлож боловсруулах хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө уул уурхайн салбарт орсон эмэгтэйчүүдийн нэг бол Ц.Гарамжав хатагтай юм. Харин энэ хөтөлбөр хэрэгжиж бараг мөнгөтэй, бэлтэй бүхэн алт руу хошуурч эхэлсэн үеэс “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр нарын эрчүүлтэй мөр зэрэгцэн явж ирсэн хүн бол Ц.Гарамжав.

 

Эрдэс баялгийн ихэнх компани гаднаас зээл аван гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулж байхад дотооддоо ёстой бор зүрхээрээ явж ирсэн хүн тэр бас мөн. Өнөөдөр түүний компани группийн хэмжээнд очиж уул уурхайн компаниудаас нөхөн сэргээлтээр тэргүүлж, эх орны эзэн нь гэдгээ харуулж явна.
“Монполимет” зөвхөн алт олборлодог бус, жирийн иргэн болон ажилчид, орон нутгийн иргэдэд барилга, орон сууц барьж байна.

 

Монполимент группийн өнөөдрийн бүтээн байгуулалтаас дурдахад Дорноговь аймаг дахь Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн “Монцемент” төсөл боловсруулсныг өнгөрсөн жил Эрдэс, баялгийн зөвлөл хэлэлцэн ТЭЗҮ-г нь батлаад ажилдаа ороод байгаа билээ. Энэ бол монголчууд өөрсдийн хүчээр дотооддоо цементээ бүрэн хэрэгцээгээр үйлдвэрлэж гаднаас худалдан авдагаа больж, цементийн нэмэгдэх явдал юм.

 

Үндэсний компаниуд эцсийн бүтээгдэхүүн хийж, нэмүү өртөг бүтээхийг зорьж байгаагийн нэг илрэл гэж болно. Дотоодын компани үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд өөрөө хөрөнгө оруулаад гадаадаас худалдаж авдаг бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх үйлдвэр барьж байна гэдэг том ажил. Энэ утгаараа “Монполимет” групп цемент дээр анх удаа эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах гэж байна.

 

Олон жил бизнест сэтгэл зүрх, ар гэр, амьдралаа зориулж ирсэн Ц.Гарамжав хатагтай улстөрд бас данстай нэгэн. МАН- ын Бага хурлын гишүүн түүний олон жилийн ажил хөдөлмөрийн туршлага, бизнесч хүний нөмөр нөөлөг намынх нь Бага хурал дээр ч тэр, нийгэмд ч харагддаг.

 

Анх УИХ-аас Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар бий болгоход энэ нь өөрийн хүчээр арай хийн хөл дээрээ зогсон яваа дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусах юм биш үү хэмээн дуугарч, Сүхбаатарын талбай, МҮЭ, Соёлын төв өргөөнд уул уурхайн салбарынхан эсэргүүцлээ илэрхийлж байхад дээрх татварын шийдвэрээ эргэн харахыг төр, засгаас шаардан түрүүнд явж байсан хүн.

 

Ийнхүү зовлон, жаргалыг мэддэг хүний хувьд УИХ-д нэр дэвшин, салбарынхаа дэд сайдаар ч томилогдож амжсан. Ээлжит сонгуулийн өмнө таарсан дэд сайдаар ажиллах богино хугацаандаа тэрээр Монголын уул уурхайд тэргүүний дэвшилтэт техник, технологи нутагшуулах талаар үгээ хэлж, энэ чиглэлээр Герман улстай хамтран ажиллахаар болж, үйл хэрэг эхлүүлсэн.
“Монкорд”-ын Ц.Энхтуяа

‘‘Монкорд’’ гэж Монгол Улс зах зээлд хөл тавих үед байгуулагдсан, зээлийн хоршоо юм. Энэ хоршоо өдгөө ч ажиллаж байгаа. Үүнийг байгуулцсан хүний нэг нь Ц.Энхтуяа. Энэ утгаар түүнийг “Монкорд”-ын Энхтуяа гэх бөгөөд ингэж хэлбэл түүнийг андахгүй хүн үгүй.

 

Тэр анхнаасаа санхүүгийн мэргэжлийн хүн. Монгол Улс банкны хоёр системтэй болох хүртэл энэ л салбартаа ажиллаж байгаад чөлөөт нийгэмд шилжиж монголчууд гадаад паспорттой болон бараг бүгдээр хилийн дээс алхах үеэд алс холын Америк оронд очин жижиг дундын агентлагт дадлага хийж байв. Энэ нь түүний цаашдын ажилд, тодруулж хэлбэл эх орондоо жижиг, дундын хоршооллыг жинхэнэ утгаар хөгжүүлэхэд их хувь нэмэр болсон.

 

Тэр л утгаар хөгжиж ирснийг түүний өнөөдрийн үйл ажиллагаанаас харж болно. Учир нь “Монкорд” одоогоос зургаан жилийн өмнө олноороо дампуурч байсан Монголын ХЗХ-дын нэг байгаагүй. Түүний байгуулсан “Монкорд” ХЗХ цаанаасаа бараг л нэг өдрийн дотор зохиомлоор байгуулагдан түүнийхээ гороор улстөрчдийн балгаар дампуурч олон хүний амь, амьдралыг авч явсан мөнгө угаах сүлжээний байгууллага бус, хоршоо, тэр дундаа санхүүгийн хоршоог жинхэнэ зах зээлийнх нь жам ёсоор, сайн дурын үндсэн дээр иргэдэд үйлчлэх тэр л үндсэн үүрэг хэлбэрээр байгуулсанд байв.

 
Монголын бичил санхүүгийн салбарыг анхлан хөгжүүлсэн мэргэжилтний нэг Ц.Энхтуяа өдгөө Монголын бизнес Инкубаторуудын Үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монголд бичил бизнесийг анхнаас нь хегжүүлж ирсэн тэрээр өнөөдөр ийм алба хаших эрхэм гавьяатай нэгэн. Бизнес инкубатор төвүүд гэдэг нь бизнес эхлэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгч, сургалт явуулж, мөнгө, хөрөнгө санхүү олоход нь зуучилж тусалдаг байгууллага гэдгийг өдгөө олон хүн сайн мэддэг болж үр шимийг хүртэж байгаа.

 

Чухам яг ийм байгууллагад Ц.Энхтуяа “Хүн өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бизнес болгох ёстой” гэсэн зөвлөгөөгөө өгсөөр явна. Тэрээр “Том бизнесийг түшиглэсэн, жижиг бизнес их хурдан босч ирдэг. Бизнес инкубатор төвүүд маань өнөөдөр энэ чиглэлээр сайн туршлагажаагүй, зөвхөн сургалтаа явуулж, сонгон шалгаруулж бичил зээл олгоод, төлөгдсөн зээлүүдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлт үзүүлээд, үзэсгэлэн худалдаанд оролцуулаад явж байна.

 

Технологи дамжуулах буюу гадна дотны санхүүжилт олох талд хараахан орж чадаагүй явна. Бид cap бүр 20 хүнийг сургаж, бизнесээ эхэлснийг нь сонгож цааш хөл дээр нь зогсоохын төлөө ажиллана” гэсэн хүсэл эрмэлзэлтэй явдаг хүн. Ц.Энхтуяа бас Монголд ардчилсан хувьсгалыг хийлцэж, АН-д анхнаас нь явсан, Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны анхны гишүүдийн нэг. Гэхдээ тэр бизнес, улстөр хоёрын ашиг сонирхлыг ялгаж салгаж чаддаг нэгэн.

 
Энэ дашрамд өгүүлэхэд одоогийн УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл болон суугаа бизнесч байсан хоёр бүсгүйг дурдахгүй өнгөрч боломгүй. Энэ бол С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар юм. Хэдийгээр тэд өнөөдөр сонгогч олноо төлөөлөн төрд суугаа ч саяхныг хүртэл нэг нь эм хангамжийн “Монос” группээр, нөгөө нь “Иргэн Та баялаг” ТББ- аар овоглож явцгаасан хүмүүс. “Монос” гэхээр хүмүүс зөвхөн гаднаас эм импортлодог эмийн сангуудын сүлжээ гэж ойлгодоггүй.

 

Эх орны эмийн ургамлын нөөцөд тулгуурлан ашиглаж “Читамон”, “Biomon” зэрэг цэвэр байгалийн гаралтай эм, гоо сайхны бүрдэл бүтээгдэхүүнийг дотооддоо анхлан гаргаж байсныг, өдгөө “Монос” зэрэг анагаахын салбартаа салаалсан эмзүйн чиглэлийн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл, худалдааны үндэсний хэмжээний томоохон төв, ДЭМБ-ын GMP стандартын дагуу эх орныхоо эмийн салбарт шинэ дэвшилт техник, технологи нэвтрүүлсэн эмийн үйлдвэр байгуулан ажилладаг болсныг хэн хүнгүй мэднэ.

 

Энд “Монос” группийн ерөнхийлөгч, Төрийн шагналт Л.Хүрэлбаатар ахынх нь хичээл зүтгэл, “Монос”-тоо эрдэм шинжилгээний ажилтнаас эхлээд гадаад харилцаа эрхэлсэн захирал, гүйцэтгэх болон ерөнхий захирал хийж ирсэн Л.Эрдэнэчимэгийн хувь нэмэр бий. Түүний хувьд Болгар улсад биологи, генетикийн чиглэлээр сургууль төгссөн. Түүнийг гэр бүлдээ хамгийн хөдөлгөөнтэй, идэвхтэй нь гэж төрсөн ах нь тодорхойлж байсан. Л.Эрдэнэчимэг “Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн адил уран зураг сонирхдог, сонгодог бүтээлүүдэд нугасгүй нэгэн.

 
С.Одонтуяагийн хувьд хуучин ЗХУ-д аавынхаа эдийн засагч мэргэжил эзэмшсэн тэрээр анх “Лотс-инвест” ХХК байгуулан ажиллаж байв. Хожим Сингапурт бизнесийн магистраар суралцаж байхдаа тэндээс хөрөнгө оруулалт татан Монголдоо түргэн хоолны “Сентоза” сүлжээ анх байгуулснаар түүнийг хүмүүс бас мэднэ.

 

Харин сүүлийн таван жил УИХ, НИТХ-д нэр дэвшиж байсан нийслэлийн Баянгол дүүрэгтээ “Иргэн Та баялаг” ТББ байгуулан ажиллаж ирсэн нь өдгөө үйл ажиллагаа нь хальж олон хүнийг хамрах болсон. Дээрх хоёр бүсгүй нэг намын гишүүд, нийгэмд бүтээсэн үйл, идэвх, дайчин чанараараа адилхан, үүгээрээ бусдаас ялгардаг эмэгтэйчүүд юм. Өдгөө хоёр бүсгүй Монголын парламентад нийгмийн чиглэлээр дуу хоолойгоо гарган явж байна.

Эх сурвалж: “Бизнес Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих