Манайх эдийн засгийн өсөлтөөр тивдээ эхэнд оржээ
Дэлхийд улс орнуудын ДНБ-ний өсөлтийн явц эсрэгээрээ эргэж эхэллээ. “Deutsche Bank’’-ны үзэж буйгаар ойрын хэдэн жилд Африкийн болон Азийн ядуу гэгдэх орнуудын эдийн засгийн өсөлт хурдтай явагдах аж. Эдгээр улс орны гол зэвсэг нь түүхий эд, ардчилал болон төрийн зөв удирдлага гэж тус банкныхан үзжээ.
2017 он гэхэд Африкийн улс орнууд ДНБ- ний өсөлтөөр дэлхийд тэргүүлэх юм байна.
Түүхий эдийн өндөр үнийн өсөлт болон тус тивийн ихэнх оронд ардчилал хүчээ авч байгаа нь энэхүү гэнэтийн үсрэлтэд нөлөөлөх гэнэ. Харин хүн амын орлогын түвшингээрээ хөгжингүй орнуудыг хараахан гүйцэхгүй юм. Тус банкныхан мөн эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэх дэлхийн улс орнуудын дунд судалгаа явуулжээ.
Хямралд өртөөд байгаа Европ тив ирэх онд хөл дээрээ босох найдлагыг төрүүлэх бол нэлээд асуудалтай байгаа Грек, Итали, Испани, Португал улсуудын ДНБ буурах магадлал өндөр байна. Азийн бар орнуудын эдийн засаг бага зэрэг доошлох бол Африк болон Азийн ядуу орнуудад үсрэлт бий болно гэж үзэж байна.
Ирэх онд ДНБ-ний өсөлтөөрөө Ливи улс жагсаалтын тэргүүнд бичигдэв.
Тус улсад нефть олборлолт эдийн засагт нь гол хөшүүрэг болно. Жагсаалтын хоёр, гуравт Монгол Улс болон Ирак орж, Бутан, Парагвай, Баруун Тимор, Гамби, Киркиз, Мозамбик, Хятад, Замби, Конго, Лаос, Либер, Түркменстан, Сьерра-Леоне, Руанд, Буркина-Фасо, Кот’д Ивуар дарааллаар жагссан байна. Харин хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлтээрээ Уругвай, Перу болон Шри-Ланк шалгарав.
Тэгвэл экспортын өсөлтөөр Эритре 57,8 хувь, Гвиней-Биссау 41,6 хувь, Бенин 28,8 хувыай байх аж. Импортоор Гвиней-Биссау, Уругвай болон Ливи тэргүүлнэ. Үйлдвэрлэлийн өсөлтөөр Хятад тэргүүлж, Индонез болон Шри-Ланк удаалах юм байна. Германы банкны шинжээчдийн тэмдэглэснээр, Монгол Улсад эдийн засгийн өсөлт удаан хугацаанд явагдахгүй. Тус улсад валютын нөөц буурч, инфляц /15,9 хувь/ өндөр хэвээр байгаа. Төсвийн алдагдал нэгээс 4,2 хувьтай байна. Санхүүгийн зах зээл нь нэлээд эмзэг гэж онцолжээ.
Эх сурвалж: “Бизнес таймс”
URL: