ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 29.3 ХУВИАР ӨСЧЭЭ
Гадаад худалдааны тэнцэл өмнөх жилийнхээс 29.3 хувиар өсчээ. Энэ оны эхний 10 сард гадаад худалдааны тэнцэл 2074.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 469.6 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс энэ оны эхний арван сард дэлхийн 135 оронтой худалдаа хийснээс гадаад худалдааны нийт бараа эргэлт 9404.0 сая ам.доллар, үүнээс экспорт 3664.7 сая ам.доллар, импорт 5739.3 сая ам.долларт хүрчээ. Импортын өмнөх оны мөн үеийнхээс өссөн өсөлт экспортынхоос 9.4 пункцээр илүү байгаа нь нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооныхон дүгнэж байна.Нийт бараа эргэлтийн хэмжээ 304.3 сая ам.доллар буюу 3.3 хувь, импортын хэмжээ 386.9 сая ам.доллар буюу 7.2 хувиар өссөн байна. Харин экспортын хэмжээ 82.7 сая ам.доллар буюу 2.2 хувиар буурчээ.
Экспортын 98.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
Б.Заяа
URL: