“Нийтээр амрах”-ын өмнө

Монголчуудыг Эзэн Чингис хааны үр сад гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй хэмээн шүүмжлэгсэд олон байдаг. Энэ удаагийн парламентын “гайхамшигт” шийдвэр нь Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр болсон явдал юм. Маргааш бид “Их эзэн Чингис хааны өдөр”-ийг тэмдэглэн, бүх нийтээрээ амарч, их хааны ойд зориулсан ёслол хүндэтгэлийн хурал, цэцэг өргөлт, хүндэтгэлийн тоглолт болох юм.

Монголчуудын хувьд анх удаагаа нийтээрээ тэмдэглэж байгаа баярын өмнөх өдөр буюу өнөөдөр ёслолын өдрийн удиртгал болон “Их хааны өв соёл” нэртэй үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд нээлтээ хийж, их ойд  зориулсан 256 хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо.

Мөн энэ өдөр Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдыг үдэх ёслолын ажиллагаа болсон. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр 10 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт гурван тивийн 13 оронд 6300 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд яг одоо дэлхийн халуун цэг болох Афганистан, Судан, Өмнөд Судан, улсуудад 1300 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр иржээ. Өнөөдөр энхийг сахиулагчдын дөрөвдүгээр ээлж тангаргаа өргөн холын аяндаа мордсрн юм.

Мөн өнөөдрийн нэг онцлох үйл явдал нь ”Хууль зүйн салбарын шинэчлэл” чуулга уулзалт  байлаа. Төрийн ордонд болсон чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэн салбарын сайд  “Хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд хэв журам сахиулах болон мөрдөх албыг бэхжүүлнэ гэлээ. Хэв журам хариуцсан албыг орон нутагтай нь холбож иргэдийн хяналтад оруулна. Харин мөрдөх алба нь эрүүгийн хэргийг мөрдөж шалгаж байх учиртайг сайд тайлбарласан юм. Иргэд хилээр нэвтэрч зорчихдоо цахим бүртгэлтэй, гадаад паспортыг ч цахимжуулж тав тухтай үйлчлүүлж байх ёстой” гэдгээ онцолсон.

Одоогоос ес хоногийн өмнө Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, найман сартай үрээ тэврэн гол даган урссан эмэгтэйг амьд мэнд олдоосой гэж найдлага тавьж байсан монгол түмэнд харамсалтай нь сайхан мэдээ сонсогдоогүй хэвээр байна. Аврах тусгай ангийн мэргэжилтэн хошууч Ж.Дамдинсүрэн ахлагчтай 11 алба хаагч, ар гэрийн хоёр хүний хамт ОХУ-ын нутаг дэвсгэрт, аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч гурван хэсэгт хуваагдан, хоёр улсын хилийн зааг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулж байна. Авран хайх ажиллагаа ес хоногийн турш үргэлжилж байна гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Монгол Улсын 11 оюутан БНСУ-д  саатуулагдсан мэдээ дуулиан тарьсан. Тус улсад суралцаж байсан 20 гаруй оюутныг тус улсын цагаачлалын алба саатуулан шалгаж байгаа юм байна. БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд  элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна.

Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавьжээ. Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэхийг тодруулж байна.

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“Их эзэн Чингис хааны өдөр”-ийг тэмдэглэх анхны өдрийн өмнөх өдөр тангараг ёслол, Төрийн ордонд чуулга уулзалт өрнөж, гол уруудан сураг тасарсан ээж, хүү хоёрын араас сураг тавьсан хэвээр өндөрлөж байна. Маргааш сайхан мэдээ сонсогдож, ээж хүү хоёр аврагдсан байгаасай гэж дахиад л найдан хүлээе дээ.

Ш.ЧИМЭГ

URL:

Сэтгэгдэл бичих