Ерөнхий сайд хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжлээ
Өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Хууль зүйн салбарын шинэчлэл” уулзалт боллоо. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон хууль зүйн салбарын төлөөлөл оролцсон юм. Уулзалтын төгсгөлд Засгийн газрын тэргүүн үг хэлж, шинэчлэлийг эхлүүлж байгаа тус салбарынханд баяр хүргэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтоох шинэчлэлийг шүүхийн салбараас эхлүүлсэн. Шинэчлэлийг эхлүүлж байх үеийн Засгийн газар, УИХ төдийлөн дэмжлэг үзүүлээгүй. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч олон шинэчлэлийг шүүхийн салбарт хийж чадсан учраас түүнд талархах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн 1990-ээд оноос хойш бид олон өөрчлөлтийг хийсэн. Харамсалтай нь хууль тогтоомж болон төрийн байгууллагын гаргасан шийдвэрүүд Монгол хүний төлөө биш байна. Ямар нэгэн байгууллагын төлөө, ямар нэгэн салбарыг бэхжүүлэхийн төлөө чиглэжээ. Тиймээс үндсэн гол бодлоготойгоо нийцүүлж, Монгол хүнд зориулсан, Монгол хүний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн шинэчлэлийг энэ салбар хийх ёстой гэдгийг сануулсан юм.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдчихаад өөртөө таалагдахгүй зүйлсийг өөрчлөх гээгүй. Манай иргэдэд таалагдахгүй байгаа, иргэндээ хүрэхгүй байгаа зүйлийг өөрчилье гэж зорьсон гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Хүн болгон алдаж болно. Харин алдаагаа засах боломжийг тэдэнд олгох хэрэгтэй. Ийм л шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Шинэчлэлийг Засгийн газар дэмжих болно хэмээв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: