ТҮК-ийн дарга нарын хэтэвч түнтийсээр байх уу?
Халтиргаатай зам дээр хүн, машингүй тэшиж байна-
Нийслэлчүүд барилгын осол гэмтлийн айдсаа тээсээр өвөлтэй залгав. Өнгөрсөн баасан гарагт өдөржин бударсан цасан ширхэг нийслэлийг өвлийн өнгөнд нь орууллаа. Өдөржин хаялах энэ цас зарим хүний хэтэвчийг түнтийлгэнэ.
Өчигдөр өглөө ажилдаа яарсан иргэд халтирч унах шахам бэртэхгүйн тулд бүгд л болгоомжтой алхацгааж харагдав. Нийслэлд орсон цас жолооч нарын чадварыг чамгүй сорьсон бололтой. Учир нь халтиргаатай зам дээр авто тээврийн осол амралтын өдрүүдэд цөөнгүй гарчээ. Хоногтоо арав хүрэхгүй гардаг байсан зам тээрийн осол хорь хүрч ихэссэн байх юм.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас өнгөрсөн жил 152 хүн нас баржээ. Энэ хэргийн 58 нь нийслэлд бүртгэгдсэн байдаг. Энэ бүхний гол шалтгаан нь өнөөх гайтай халтиргаа гулгаа.
Уг нь холбогдох газрууд зориулалтын бодис, давс цацлаа хэмээн хэдэнтээ мэдээлдэг ч чухам хаана, хэрхэн цацаад байгааг жолооч байтугай иргэд ч мэддэггүй, харсан хүн хуруу дарам. Хаа нэгтээ цацсаныг нь харахад дэндүү хүний нүд хуурсан ажил болох нь анзаарагддаг. Бусад оронд цас орж байх үед л давс, бодисыг цацдаг юм байна.
Харин манайхан цас ороод дагтаршаад гөлийсөн үед нь нүглийн нүдийг гурилаар хуурах гэж жаахан давс цацдаг. Харин энэ бүх халтиргаа гулгааг бууруулахын тул хэн нуруугаа бөхийтөл ажилладаг нь тодорхой. Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэх буюу тохижилт үйлчилгээний нийт 400 орчим ажилтан байдаг. Тэгэхээр нэг дүүрэгт 40 орчим хүн ажилладаг гэсэн үг. Нормоороо бол гадна талбайн нэг ажилчин өдөрт 1.3-1.5 мянган метр газар цэвэрлэж байх ёстой. Нэг хүн өдөрт ийм их зам талбай цэвэрлэнэ гэдэг арай л хэтийдсэн хэмжээ. Тэдний сарын цалин 200 гаруй мянган төгрөг бөгөөд ажилласан талбайгаараа үнэлэгдэж цалин нэмэгддэг байна.
Харин нэг метр квадратын цэвэрлэгээний хөлсийг 50 төгрөг гэж заасан ч түүнээс нь тохижилт үйлчилгээний компанийн урсгал зардал, ажилчдын өмсч зүүх хувцас, багаж хэрэгслийн өртөг шингэдэг байна. Тэгэхээр тухайн хүний гap дээр ирэх цалин яаж хумслагддаг нь ойлгомжтой юм.
Хүйтэнд хөрж, халуунд халж ажилладаг тэдний ажлын хувцас ч гэж хүнд гайхуулаад байх хэмжээнд байдаггүй. Нормын хувцас нимгэн, хуучирч муудсан гээд өөлөх зүйл захаасаа аваад их. ТҮК-иуд ажилчдадаа жилд нэг удаа, зарим нь хоёр жилд нэг удаа хувцас тавьж өгдөг байна.
Харин хөдөлмөрийн багажны хувьд шүүр, хогийн савнаас өөр зүйл үгүй. Харин шаардлагатай нөхцөлд цасаа цохиж арилгах багаж өгдөг. Жилийн жилд үр дүнгүй элс, давс, бодисоо хамаг мөнгөө урсгаж байснаас хүн хүчний асуудалд чиглүүлбэл арай л дээр баймаар. Хэдэн тэрбумаар нь зам талбайд цацаж асгаж байснаас хэдэн хүн нэмж ажиллуулаад үр дүнг нь харж суувал илүү бус уу.
Харамсалтай нь зам талбай хариуцсан албад мөстөж хөлдсөн халтиргаатай замыг мөнгөний ажил болгоод байдаг. Дарга нар нь зам талбай цэвэрлэх төсөв мөнгө хангалттай байгаа гээд байдаг. Гэтэл хачир дээрээ халтиргаатай замаа хахаж цацсан төсвөөр халхалчихаад сууж байгаа юм. Жишээ нь, ТҮК ийн захирлууд ямар баян хүмүүс байдгийг иргэд төдийлөн мэдэхгүй байх. Тэд жийп хөлөглөн, үнэтэй брэнд цаг, хувцсаар гоёдог нь нууц биш юм. Түүгээр ч зогсохгүй хамаатан садан, ах дүүгээ өөрийн дороо ажиллуулдаг байна.
Дор хаяж хогны байцаагч дээр хэн нэг төрлөө ажиллуулаад 800 мянган төгрөгөөр цалинжуулах жишээтэй. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар ТУК-ийн дарга нар төсөвлөгдсөн мөнгөний талыг нь л ажил болгодог байна. Энэ үг ортой. Учир нь халтиргаа гулгаа жилийн жилд буураагүй. Улам их мөнгө төсөвлөгдсөөр л.
Ийнхүү хэн хүнгүй улсын мөнгөнөөс хумсалж амиа борлуулж суухад цаана нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор л байна. Халтиргаа гулгаанаас болж явганаас бэртэх тохиолдол ч сүүлийн хэд хоногт цөөнгүй гарсан талаар ГССҮТ-ийн Хүлээн авахын эмч нар хэлж байна. Халтиргаа гулгаа их байгаа үед хоногтоо 200 орчим хүн тус эмнэлгийг зорьдог талаар тэд дурьдаж байсан юм.
Түүнчлэн Замын цагдаагийн газрын жижүүрийн утсанд халтиргаа гулгаанаас үүдэн гарсан зам тээврийн хэрэг зөрчлийн дуудлага эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, тус төвд өнгөрөгч баасан гаригт 100 гаруй дуудлага иржээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрөв гарч мөн тооны хүн гэмтсэн байна. Мөн 20 орчим осол бүртгэгджээ. Ирж байгаа дуудлагын ихэнх нь “Араас мөргөчихлөө”, “Хажуугаас шүргэчихлээ” гэх дуудлага байжээ. Энэ мэт нийслэлчүүдийн зовлон барагдахгүй. Цөөхөн хүний балаг, хумслагч зангаас болж иргэд айдас түгшүүрийг бодолдоо тээсээр амьдрах уу.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: