Тавантолгойн хувьцаа ямар үнэтэй вэ?

Монголчууд Тавантолгойгоос хувь, хувьцаа хүртэж хөлжихөөр тэсгэл алдан хүлээж байна. Үүнд эрх баригчдыг тарааж буй 21 мянган төгрөгийг хэлээгүй юм шиг. Монгол хүн болгонд өв болох ёстой Тавантолгой хувьцааг хэлж буй хэрэг. Бүр 1992 онд ягаан тасалбарынхаа хувьчилж авсан 70 ширхэг хувьцаагаа мартчихсан нэгэн гэнэт гаргаж ирээд харсан чинь хэдийнэ хоёр сая гаруй төгрөгтэй болчихсон байсны дэргэд үнэлэмж, үнэ цэнэ нь ч найман настай жаалд ч тодорхой байгаа Тавантолгойн хувьцааг тэсгэл алдан хүлээлгүй ч яах вэ дээ? Хэзээ олгох, ямар үнэтэй байх нь одоо ч тодорхойгүй байгаа хувьцааг гаргахын өмнө бас том том асуудлууд бий. Найман настай балчраас эхлээд Тавантолгой гэж мэдэхгүй  хүн мэт боловч бас “хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байна” гэдэг шиг үйл явцуудыг ойлгож байгаа нь ховор ч байгаа юм шиг. Бас “санаатай санаандгүйгээр” мэдээллийг бүрхэгдүүлэх сонирхол ч байх шиг. Дээрээс нь мэдэх мэдэхгүй балгаар хольж хутган самрах нь ч байх шиг. Анхнаасаа ч ойлгомжгүй асуудал зөндөө байсан. Одоо ч шийдэгдсэн гэх асуудал тодорч харагдахгүй л байгаа. Энд бас “их л чухал” асуудлууд хөшигний ард өрнөдгийг хэлүүлэх юун. Тийм учраас Тавантолгойг тойрсон тав гэлтгүй асуудлуудыг шүүн харцгаая.

Оператор компанийг энэ сарын сүүлээр тодруулна

“Эрдэнэс МГЛ”-ийн зарласан хөрөнгө оруулагч тодруулах, “Эрдэнэс Монгол”-ын хариуцсан хэсэгт олборлолт хийх болон Тавантолгой орд газрын хувьцааг дэлхийн зах зээлд гаргах зөвлөх банкийг шалгаруулах тендерүүд холилдон сүлэлдэн, зарим нэгэн төөрч будилж байх шиг. Уг нь ч “үйлт” Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ын захирал Б.Энэбиш нар хангалттай л тайлбарласан л даа. Дахин сануулахад:

Тавантолгойн Баруун Цанхи ордод “Эрдэнэс МГЛ” нүүрс олборлож эхэлж өнгөрсөн сарын 13-нд Улсын комист хүлээлгэн өгсөн. Уг ордод олборлолтоо нэмэгдүүлэхд оператор компани сонгон шалгаруулж байгаа бөгөөд  компанийн зарласан уралдаант сонгон шалгаруулалт болон түүнийг тойрсон мэдээллүүд сонины нүүрийг дүүргэж, хэвлэлийн хуудаснаа тасрахгүй хөвөрсөөр. Бүхэл ордыг хоёр хувааж, өрөм зөөхийг нь гадныханд өгч, өөрсдөө хусмаа мэрэх нь гэсэн хардлагын араас хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллахаар дэлхийн тэргүүн эгнээнд жагсдаг нэр хүнд бүхий банкууд орж ирсэн нь сүүлийн үеийн халуун сэдэв болоод байна.

Оператор компани

“Эрдэнэс тавантолгой” компани Тавантолгойн бүлэг ордыг ашиглахдаа баруун, зүүн цанхи хэмээн хоёр хэсэгт хуваагаад буй. Баруун цанхи дээр өөрсдийн хөрөнгөөр олборлолт хийхээр зарим ажлыг эхлүүлээд байгаа ба уурхайг өнгөрсөн сарын 13-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Цаашид хүчин чадлаа улам нэмэгдүүлэхийн тулд олборлолтод олон улсын чадварлаг компанийг хөлслөх болсон. Үүнд

БНЭУ-ын “MESCO steel”,
ХБНГУ-ын “BBM Operta”,
Австралийн “Macmahon” компаниуд саналаа ирүүлээд байгаа. Шалгаруулалтын дүн ирэх сарын сүүлчээр гарна.
Хөрөнгө оруулагч
Харин Зүүн Цанхид олборлолт борлуулалтаа бүхэлд нь хариуцах хөрөнгө оруулагч шалгаруулна.  Үүнд
1. БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компанийн консорциум
2. Монголын “Монголын Алт” групп
3. Люксембургийн “ArcelorMittal”
4. БНХАУ-ын Өвөрмонголын “Yitai” групп
5. АНУ-ын “Peabody Energy”
6. ОХУ-ын “Ен Плас”
7. Австралийн “Fortesque Metals”
8. Бразилийн “Vale”
9. Оросын төмөр зам, Японы консорциум болон БНСУ-ын консорциумуудын нэгдэл •Оросын төмөр зам (РЖД) • Японы консорциум o “Itochu” o “Sumitomo” o “Sojitz” o “Marubeni” • БНСУ-ын консорциум (“KORES”-ээр ахлуулсан БНСУ-ын 11 компанийн нэгдэл консорциум)
10. БНЭУ-ын “Mesco Steel”
11. БНЭУ-ын “International coal venture”
12. Монголын “Монголын авто замын нэгдэл” консорциум
13. Австралийн “Xstrata coal”
14. БНХАУ-ын Өвөрмонголын “Erdos Chenglong Coal investment”
15. Монгол, БНХАУ-ын “Signum Industrial” саналаа ирүүлээд байгаа.

Эдгээрийн саналтай нэгбүрчлэн танилцсаны дараа хураангуй жагсаалт гаргаж, тунаж үлдсэн компаниудтай Засгийн газраас томилсон Ажлын хэсэг хэлэлцээр хийж сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэж албаныхан мэдэгдээд буй. Чухам энд л улстөрчдийн их л найдлага тавин хүлээгээд байгаа урьдчилгаа төлбөрийн асуудал ярих ёстой. Албаны эх сурвалж яг тэд эд гэсэн тоо байхгүй, хэлэлцээрийн явцад л шийднэ гэж бултаж булзсан хэвээр.
Хөрөнгө оруулагч банкуудтай танилцах уулзалт өндөрлөлөө

Зөвлөх банк:

Хүлээлт үүсгэн дүн нь гарахгүй дуншиж байгаа хоёр тендерээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-д IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт хийх босгох хамтрагчаа сонгох ажил зэрэгцэн урагшилж байгаа болохоор Улаанбаатарт чуулаад дэлхийн хамаг л нэртэй банкныхантай хийж буй уулзалт халуунхан сэдэв болоод байна.
Уулзалтыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ахалж буй.

1.    JP Morgan
2.    Gredit Suisse
3.    Goldman Sachs
4.    Morgan Stanley
5.    Deutsche bank
6.    Barclays Capital
7.    CITI
8.    UBS
9.    Standard Chartered bank
10.  Bank of China international
11.  Jeffries
12.  ING
13.    Bank of America Merrill Lynch
14.    HSBC
15.    Macquarie
16.    BHP Paribas

Дээрх 16 компаниа “Эрдэнэс Тавантолгой”-д IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт хийх зэргээр туслах гэнэ. Албаны хүний өгсөн мэдээллээр бол ажлын хэсгийнхэн  хөрөнгө оруулагч банкуудыг дөрөв дөрвөөр нь хүлээн авч уулзаж байгаа бөгөөд банкуудтай хийх танилцах уулзалт өчигдрөөр дуусгавар болжээ. Уулзалтын салхийг Standart Chartered bank хагалсан бол Gredit Suisse банкны танилцуулгаар өндөрлөсөн байна. Хөрөнгө оруулагч банкуудын дэлхийн зах зээлээс хэрхэн мөнгө босгох танилцуулгыг нь эхний ээлжинд  сонсох бөгөөд дараагийн шатанд ажлын хэсгээс  тохиролцоо өрнүүлэх гэнэ.

Бас нэг төөрөгдөл

Эдгээр банкуудаас хэдэн тэрбумын урьдчилгаа авах ёстой гэсэн мэдээлэл гарсан. Зөвлөх банк Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргаж өгснийхөө шанд  Монголоос мөнгө авахгүй. Харин хувьцаа арилжаа бүрээс тодорхой шимтгэл авах юм гэдгийг онцолж байна.  Тиймээс шимтгэлийн хувийг тохирох нь гол асуудал болоод байна. Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаа арилжаалах ажил ирэх оны эхний улиралд багтан хийгдэх учиртай гэнэ. Тавантолгойн ордыг 5-8 тэрбум ам.доллараар үнэлж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 25 хүртэл хувийг арилжиж, хоёр тэрбум доллар босгох боломжтойг ч гадаадын мэргэжилтнүүд аль хэдийн хийчихээд байгаа аж. За, ингээд дээс томж найзыгаа аврах гэсэн шоргоолжны үлгэр шиг хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа хувьцааны ирмэг “дээр” ирлээ. Дээр дурдсан ажлууд амжилттай явагдаж байж гэмээн та хувьцаа болоод цаашилбал ноогдол ашгаа авах боломжтой болно шүү дээ. Тиймээс олонхийн уруул дээр гарч ирж байгаа энгийн асуултууд бяцхан зөвлөгөө өгсүү.

Хувьцаагаа авахад юу бэлтгэх вэ?

Та брокер дилерийн компаниудад хандан дансаа нээлгэж байх нь эртдэхгүй. Хэрвээ та хувьчлалын яагаан цэнхэр тасалбар авч байсан бол танд данс байгаа гэсэн үг. Үүнийгээ дахин баталгаажуулж нягтлаад брокер дилерийн компанидаа даатгачихад хангалттай.

Хэн авах вэ?

2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүр. Мэдээж хүн амын тооллого болоод, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн гэдгээ нотлох бичиг баримттай бол. Яагаад ийн он цагийн хязгаар гаргасан нь тодорхой. Яг л энэ түүхэн цаг үед төрж хувьцаа хүртэх эрхтэй болж байгаагаараа нэг талаар бид азтай гэж хэлж болно. Тийм ч учраас яг энэ хязгаарт байгаа хүмүүсээр багцаалан Тавантолгойн 15 тэрбум хувьцааны 10 хувь буюу 1,5 тэрбумыг хуваагаад хүн болгонд 550 орчим хувьцаа гэж тооцоолж байгаа хэрэг. Компаниудад 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татварын зөрчилгүй, дотоодын нэгж гэсэн хязгаар тогтоосон байгаа. Мэдээж шалгуур нөхцөл тавихгүй юм бол хүссэн хүн болгон компани байгуулж чадах юм хойно. Харин компаниуд өр ширээ цэгцэлж байхад илүүдэхгүй нь. Түүнээс гадна дотоодын гэдэг ямар компанийг хэлэх вэ гэсэн хэмжээс нь хараахан тодорхой болоогүй байна. Одоогоор 20-оос дээш хувь гадаадын хөрөнгө оруулалттай бол хувьцаа нэрлэсэн үнээр худалдан авах боломжгүй болно.

Хувьцаагаа зарж, өвлүүлж болох уу?

Мэдээж болно. Гэхдээ бас нэг том асуудал байгаа нь хувьцааг хоёрдогч арилжаа эхлэнгүүт хувьцаагаа зарж болох уу гэсэн асуулт. Монголчууд гэнэдээд “талх”-ныхаа мөнгөөр яаравчлан хувьцаагаа зарчих вий гэж төр засаг “санаа тавьж” байгаа учир олон улсын зах зээлд IPO гаргасны дараа худалдаалах эрхийг нээлттэй болгоё гэсэн санал байгаа. Яг одоо энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх хэмжээнд байгаа. Тэгэх зуур Тавантолгойн хувьцааны үнэ өсөх нь тодорхой учраас урьдчилаад гэрээ хийгээд цуглуулаад авчихья гэсэн санаа бодол аль хэдийнэ зурсхийгээд амжсан нь тодорхой. Харин хашир хүмүүс хувьцаагаа үнэд оруулж, ногдол ашгийг нь хүртэнэ гэж төлөвлөж буй. Мөн л албаныхны хэлснээр олборлолт эхэлснээс төд удалгүй буюу 1-2 жилийн дотор ашгаа өгч эхэлнэ гэж байгаа юм.

Хувьцаа ямар үнэ хүрэх бол?

Ядахдаа нэрлэсэн үнэ тодорхойгүй байгаа болохоор хэлэхэд хэцүү. “Монгол 999” нэгдлийн нэгэнт иргэд, дотоодын компаниудаа дэмжих санаатай байгаа бол нэрлэсэн үнээ багаар тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Нэг компанид 30 мянга орчим хувьцаа гээд бодохоор бүхэл бүтэн хөрөнгө л гэсэн үг. Гэхдээ хямд үнээр худалдаж авч байж цааш хөрөнгө болгох учраас. Тиймээс өнөөдөр Гонконгийн биржид арилжаалж буй “Монголиан майнинг корпараци”-ийн өнөөр баримжаална гэдгийг эсэргүүцэж байгаа. Учир нь уг хувьцааны  биржид анх гарснаасаа хойш хэдэн арав дахин өсөөд байгаа юм. Түүнээс гадна нэрлэсэн үнээ эрт зарлах ахул хөрөнгийн биржийн тоглогч нар “стратегиа” урьдчилаад зэхчихэж болзошгүй гэж үзээд нууцалж байгаа гэх маягийн зүйл Д.Сугар дарга хэлсэн боловч тэр нь юу л бол? Мөнхүү гол хөзөр болоод байгаа нэрлэсэн үнийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр давхар хэлэлцэж байгаа юм.

Бэлтгэсэн Ж.Эрхэс, Б.Сүрэн /http://economy.news.mn/content/54319.shtml/


URL:

Сэтгэгдэл бичих