Ч.Санжаадамба: Барилдаан таарахгүй гээд халгаад байвал давах бөх олдохгүй
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа.
-Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд та дөрөв дэх удаагаа түрүүллээ. Энэ жилийн барилдааны тухай ярихгүй юу?
-Өнөө жилийн Монгол туургатны барилдаан сайхан боллоо. Монгол туургатны барилдаан зөв зүйтэй, шударга барилдаан болдог гэж санагддаг. Манай үндэсний бөх гэхэд цолны эрэмбээр оноолт таардаг. Эсвэл өндөр цолтой бөх нь ам авдаг бол Монгол туургатны барилдаан сугалаагаар барилддаг. Тийм болохоор ямар нэгэн найраа хөөрөө ордоггүй. Нэгийн даваанд ямар ч өндөр цолтой бөхчүүд хоорондоо таарч мэднэ. Энэ жилийн барилдаанд гэхэд би нэгийн даваанд аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатартай таарч байх жишээтэй. Аймгийн шилдэг арслангуудын нэг Ш.Мөнгөнбаатартай нэгийн даваанд барилдана гэдэг чанга шүү дээ.
Тэр утгаараа үзэгчдийг уйдаадаггүй, сонирхолтой барилдаан болдог гэдэгт итгэдэг.
Энэ барилдаан таван удаа зохион байгуулагдахад нь миний бие дөрөв түрүүлсэн. Ноднингийн барилдаанд нь би зодоглож амжаагүй. Анхны барилдаан Монгол Улсад зохиогдоход хөнгөн жингийн бөхчүүд хамт барилдаж байсан бол Өмнөд Монгол, Улаан Үүдэд зохиогдсон барилдаанаас эхлэн -85 кг, +85 кг гэсэн жингийн ангиллаар барилдах болсон. Нутгийнхаа дэвжээн дээр барилдаж түмэн олноо баясган түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа шүү.
-Манай үндэсний бөх жин харгалзахгүй барилддаг. Монгол туургатны барилдаан жингээр нь ангилж барилдуулж байгааг хэр зүйтэй гэж бодож байна вэ?
-Халимаг, Тува, Буриад, Өмнөд Монголчууд маань жин харгалзахгүй болохоор сайн барилдаж чадахгүй байгаа юм. Жин харгалздаг болсноос хойш Халимаг, Тува, Улаан Үүдийн бөхчүүд сайн барилдаж байгаа. Тийм болохоор тэдэндээ урам хайрлах, тэдний барилдааныг дэмжих үүднээс л 85 кг-ын жинг гаргасан юм болов уу гэж боддог. Энэ ч бас зөв гэж бодож байгаа.
-Таны жин одоо хэд байна вэ?
-Миний жин одоогоор 136 кг байгаа. Байнгын бэлтгэлтэй байгаа болохоор айхтар жин нэмэгдчихгүй гайгүй байна.
-Өмнөд Монгол, Улаан Үүдэд зохион байгуулагдаж байсан барилдаанууд Монгол Улсад болсон барилдаануудаас юугаараа ялгаатай байсан бол?
-Монгол туургатны барилдаан монгол үндэсний бөхийн зодог, шуудагтай барилддаг болохоор нэг их ялгарч, онцгойроод байсан зүйлгүй. Тив алгасч энэ барилдаан болж байгаа биш Монгол Улсын хилийн цаахна талд барилдсан болохоор нутгийн дэвжээ шиг ойрхон санагдаж байсан.
-Өмнөх барилдаануудад тантай барилдаж байсан бөхчүүд хэр олон ирсэн бэ. Гадны бөхчүүдтэй хэр ойр дотно байдаг вэ?
-Өмнөх барилдаануудад барилдаж байсан бөхчүүд ерөнхийдөө бол ирсэн байна лээ. Гэхдээ ихэнх бөхчүүд нь солигдож залуу бөхчүүдээр багаа бүрдүүлсэн байсан шүү. Өмнөд Монголын бөх Батжаргал гэхэд багаа ахалж ирсэн байх жишээтэй. Бөхчүүд ер нь их залуужсан харагдсан.
-Гаднаас ирсэн бөхчүүд бие жижигтэйгээсээ болдог юм болов уу нэг, хоёрын даваанаас дээш гарахгүй юм. Их гүрнүүдийн бодлого байж мэднэ гэж ярилцах юм. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Барилдааны онцлог л байдаг гэж боддог. Өмнөд Монголын бөхийн барилдаан гэхэд гар газар хүрэхэд унасанд тооцдог. Тэгэхээр их хариуцлагатай байгаа биз дээ. Манай үндэсний бөх гар газар хүрэхэд цаашаа барилдаж болдог. Өмнөд Монгол, Буриадад очиход жижиг биетэй бөхчүүд сайн барилдаж байгаа харагддаг.
-1990-ээд онд япончууд Монголд ирээд “Монголчууд үндэсний бөхөөрөө барилдаад түрүүлсэн хүнд Бат-Эрдэнэ гэдэг цол олгодог юм байна” гэсэн гэдэг. Одоо Монгол туургатны барилдаан гэхээр л Ч.Санжаадамба гэх болж…
-Монгол туургатныхаа барилдаанд дөрөв түрүүлсэн минь их хувь заяа юм болов уу гэж боддог. Монгол хүн болж төрснийх торгон зодгоо өмсөн үндэснийхээ бөхөөр барилдаж дэлхийд тархан суурьшсан монголчуудынхаа эв нэгдлийн барилдаанд дөрөв түрүүлсэндээ бахархаж байгаа. Энэ барилдаан цаашид улам өргөн цар хүрээтэй болж олон сайхан бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаасай гэж хүсдэг.
-Монгол туургатны барилдааны их, бага шөвөгт манай бөхчүүд л үлдсэн байдаг болохоор заалны барилдаанаас ялгарахгүй ч гэх юм?
-Энэ барилдааны ард Монголоо гэсэн омогшил, сэтгэл, хүн чанар оршдог. Агуулгын хувьд заалны жижиг барилдаантай харьцуулах аргагүй.
-Уг барилдаан барилдах ухаан болоод санхүүгийн хувьд танд өгөөжөө өгсөн биз?
-Тэгэлгүй яахав. Аль аль тал дээрээ өгөөжтэй юм. Би дөрөв түрүүлэхдээ эхний барилдаанд 20, дараагийнхаас нь 20, сүүлийн хоёр барилдаан тус бүрээс долоон сая төгрөгийн бай хүртсэн. Монгол туургатны барилдаанаас гэхэд 54 сая төгрөгийн шагнал хүртсэн байгаа юм. Тийм болохоор яах аргагүй өгөөжтэй байгаа биз.
-Таны хэтэвч рүү өнгийж байгаа юм биш шүү. Эдгээр шагналын мөнгөөрөө юу хийсэн бэ?
-Амьдралдаа л зарцуулсан.
-Бөхчүүд барилдахаас гадна янз бүрийн бизнест хөл тавьцгаах болж. Таны хувьд барилдахаас өөр ямар ажил эрхэлж байна вэ?
-Одоогоор тийм юм алга. Барилдаандаа л анхаарч байна.
-Аймгийн цолтой байхдаа бужигнуулж байсан бөхчүүд улсын цолонд хүрээд тэр бүр барилдаж харагдахгүй юм. Энэ юутай холбоотой байдаг юм бол?
-Бөх сонирхогч, үзэгчид маань улсын өндөр цолтой бөхчүүд, уран барилдаант залуусаа харах гэж л цаг заваа гаргаж, хөрөнгө мөнгөө зарж Бөхийн өргөөг зорьдог байх. Уг нь олон сайхан бөхчүүд маань ард түмнээ баярлуулаад барилдаад байвал зүгээр байгаа юм.
-Таны өндөр хэд байна вэ?
-186 см байгаа байх.
-Бөхчүүд дотроо биерхүүд багтана биз?
-Айхтар том биетэй бөхчүүдийн тоонд багтахгүй шүү дээ. Г.Өсөхбаяр аварга, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар гээд өндөр хүмүүс бий.
-Өнгөрөгч төрийн их баяр наадмын тавын даваанд бөхийн аранга гэж нэрлэгддэг улсын харцага Л.Пүрэвжавыг амласанд өнөө хэр нь хүмүүс гайхах юм. Та яагаад заавал харцагыг амлах болсон юм бэ?
-Өнөө жилийн наадам өнгөтэй сайхан болсон. Яахав тавын даваанд Л.Пүрэвжав харцагыг амласанд хүмүүс гайхдаг юм. Би өөрийнхөөрөө амаа авсан. Сайхан барилдаад унасан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг одоо би олон зүйл яриад яахав. Тэр үед үнэхээр дийлэхээргүй болоод л өвдөг шороодсон байж таараа шүү дээ.
-Манайхан наадмын одтой бөх, одгүй бөх гэж ярьцгаадаг. Тэр хэр үнэний ортой бол?
-Хүмүүс намайг наадмын одгүй бөх гэж ярьцгаадаг. Харин заалны барилдааны “Мангас” ч гэж байх шиг. Зарим нь бүр заалны барилдаанд тариа хийж барилддаг гэж ярьдаг. Үзэгчид, бөх сонирхогчид маань жаахан соёлтой байх хэрэгтэй. Би төрийнхөө их баяр наадамд долоо даваад допингийн шинжилгээ гэдгийг нь өгсөн. Надаас юу ч илрээгүй. Гэтэл намайг хүч нэмэгдүүлэх эм ууж, тариа хийлгэж байхыг хараагүй байж харддаг. Тэгсэн хэрнээ хэрэглэсэн хүмүүсийг нь өмөөрдөг байж болохгүй. Бөх хүн өөрөө хичээгээд бэлтгэл сургуулилтаа хийчихсэн байхад улсын наадмын одтой, одгүй гэж ярих шаардлага байхгүй гэж боддог. Ерөнхийдөө бол түрүүлэх хүний од гийчихсэн байдаг гэж ахмад бөхчүүд ярьдаг. “Түрүү бөхтэй битгий таарчихаасай, муу бөхийн шийдсэн мэхэнд битгий уначихаасай” гэж бөхчүүд залбирдаг юм гэнэ лээ.
-Архангай аймгийн Булган суманд “Бөх мод” гэж бий. Эл модны домгийг та мэддэг л байлгүй. Үүнд хэр итгэдэг вэ?
-”Бөх мод”-ны талаар мэддэггүй хүн бараг байдаггүй биз дээ. “Бөх мод” Архангай тал руу унавал тэндээс сайн бөх төрнө. Цаашаа Баянхонгор зүгтээ унавал тэр чигийн нутгаас сайн бөх төрнө хэмээн ярьдаг байсан юм билээ. Олны үг ортой гэдэг шиг үнэн байдаг байлгүй дээ.
-Наадмын өмнө Архангайн бөхчүүд бусад аймгийн бөхчүүдтэй нийлж таныг наадамд дээшээ гарч барилдуулахгүйн тулд тактик боловсруулж байна гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Энэ худлаа байх аа. Юу гэж л нэг довныхоо сайхан барилдаж байгаа залууг дарна гэхэв. Манай бөхчүүд чинь сайхан хүмүүс шүү дээ. Тийм болохоор ийм муухай зүйл бодоогүй биз дээ.
-Таны барилдаан цацаа цалгиа ихтэй харагддаг. Үүнийг зарим хүмүүс хайнга барилдаан ч гэх юм…
-Би өрсөлдөгч бөхдөө тааруулж барилддаг. Зүгээр зогсоод байвал хэн элэг бүсээ тайлж өгөх вэ дээ. Одоо бөхчүүд цагаар барилддаг болсон. Тийм болохоор үзэгчдээ уйдаалгүй, барьц сонгохгүй хурдан шаламгай барилдахыг хүсдэг.
-Та долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийдэг юм бэ?
-Долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг. Барилдаангүй үед өдөрт хоёр бэлтгэл хийнэ. Бэлтгэлийнхээ үеэр З.Дүвчин багшдаа загнуулж байгаад л явдаг юм. Багш маань бэлтгэл дээр тэгнэ үү гэхээс барилдааны үед юм яриад байдаггүй. Ноднин улсын заан болсны дараа “Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг юм бий” гэж билээ.
-Барилдаан таарахгүй бөх гэж байдаг уу?
-Хүн давахын төлөө барилддаг болохоор барилдаан таарахгүй байсан ч тааруулж барилдах хэрэгтэй. Барилдаан таарахгүй гээд халгаад байвал давах бөх олдохгүй байлгүй дээ. Өрсөлдөгчөө давахын тулд бүхий л бололцоогоо дайчлахаас аргагүй.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүсгүй бий. Сэтгүүлч мэргэжилтэй. Одоо бид хүүтэйгээ гурвуулаа амьдарч байна. Эхнэр маань миний ар талыг найдвартай авч явдаг. Хоол унд хийхээс эхлээд өдөр болгон хөлс нэвт шингэсэн хувцас угаана гээд ажил мундахгүй. Миний төлөө гээд мэргэжлээрээ ажиллаж амжихгүй байна. Мэргэжлээрээ ажиллах хүсэл байдаг л байлгүй. Би сэтгүүлчээ хиймээр байна гэвэл хүссэн ажлыг нь хийлгэнэ дээ. Хүү маань дөрвөн нас хүрчихсэн. Бөх болчих болов уу гэж бодох юм.
-Хүүхдүүдээ танд шавь болгоё гэсэн хүмүүс олон байдаг биз?
-Энд тэнд явж байхад хүмүүс тэгж л байдаг юм. Би өөрөө ид барилдаж байгаа залуу хүн болохоор хүний хүүхдүүдийн бэлтгэл хийлгэнэ гэдэг хэцүү. Миний хувьд өөрийгөө бэлдэж яваа. Тийм болохоор “Би өөрөө бол амжихгүй ээ. Харин сайн багш, дасгалжуулагчид шавь болгож өгье” гэж хэлдэг.
-Наадам болгоноор л допингийн яриа сөхөгдөж хэл ам дагуулдаг. Өнөө жил хоёр бөхөөс илэрлээ гээд нэрийг нь зарласан. Допингийн асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Допингийн шинжилгээ авч байгаа эмч нар, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний олимпийн хорооныхон нээлттэй ажиллах хэрэгтэй байна. 16 бөхөөс шинжилгээ авлаа. Тэдээс нь допинг илэрлээ. Зарим бөхчүүд шинжилгээгээ өгсөнгүй гэдэг. Шинжилгээ авч буй газраа камержуулах хэрэгтэй. Сүүлд хэл ам гарахгүй. Солонгосоос шинжилгээний хариу ирэнгүүт нь интернэтэд хариуг нь тавьчих хэрэгтэй санагддаг. Тэгэхгүй бол хэдэн хүнээс илрээд энд ирээд ямар хүмүүс нь дарагдаад байгааг мэдэхгүй. Эцэст нь хоёр, гурван бөхийн нэр хэлээд өнөө хэд нь нэр хүндээрээ хохироод явдаг.
2002-2012 оны наадам хүртэлх сэргээшийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төв дээр байдаг байх. Тэрийгээ тэр чигт нь гаргачих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол Монголын үндэсний бөхийн холбоон дээрээ дарагдаад байдаг юм уу. Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв дээрээ дарагдаад байдаг юм уу бүү мэд. 2002 оноос хойш гэхэд 20 орчим өндөр цолтой бөх нэр холбогдсон гээд байгаа. Ингээд бодохоор шударга өрсөлдөөн явагдаж байна уу гээд бодохоор үгүй л байгаа юм.
-Эмчилгээний журмаар хэрэглэсэн эмнээс нь допинг илэрсэн гээд байгаа?
-Шударгаар үнэнээ хүлээх хэрэгтэй. Ямар эм хэрэглэвэл яах вэ гэдгээ тамирчин хүн мэдэж байгаа. Эмч нар ойрын гурван сар ямар эм, тариа хэрэглэсэн бэ? бич гэдэг. Сүүлд нь харж байхад түүн дээр нь бичигдээгүй эм гарч ирсэн байдаг. Сэргээшийн төрлийн эм хэрэглэчихээд бэртэл гэмтлээрээ түрий бариад байдаг ч юм билүү хэн мэдлээ. Хүн хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй.
-Бөхчүүд дундаасаа тэр сэргээш хэрэглэсэн гэсэн цуу яриа дэгдээдэг сураг бий…
-Өөрсдөө хэрэглэдэг болохоороо хүнийг харддаг биз. Үндэсний бөхийн холбоо анхнаасаа чангахан арга хэмжээ авсан бол өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байх байсан. Х.Мөнхбаатар арслан, Б.Сугаржаргал начин нарын хувьд хохиролтой л байгаа. Арслангийн хувьд түрүүлчихвэл аварга болчих гээд байдаг. Сугарааг ямар цолонд хүрч барилдахыг таах аргагүй. Эрхийг нь хасчихвал хэцүү шүү дээ.
-Таны хувьд ямар нэгэн эм хэрэглэж байв уу. Жишээ нь жин нэмэх уураг ч юм уу?
-Үгүй ээ. Ямар ч эм хэрэглэж байгаагүй. Би тийм зүйлээс хол. Аав минь хөдөө мал дээр байдаг болохоор байнга мах, сүү, цагаан идээ явуулдаг. Энэ бүгдээс амин дэмээ авдаг.
http://cover.miniih.com/index.php/home/post/210
URL: