“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлыг өөрчилнө

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” компанийн Зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн өмчийн хорооны байранд эхэлж байна.

Тус хурлаар үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг болон орлогч захирлуудыг өөрчилж, оронд нь шинээр томилох захирлуудын асуудлыг хэлэлцэх болжээ.

Монголчуудын XX зуунд бий болгосон хамгийн том бүтээн байгуулалт уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь 30 гаруй жил ард түмнийг тэжээсээр ирсэн. Мөн эрх баригч намуудын улс төрийн гол хандивлагч болдог нь бичигдээгүй хуулиар хэвшжээ.

Энэ удаа УИХ, Засгийн газарт олонхи бүрдүүлсэн АН “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий болон орлогч захирлын суудлыг бүгдийг нь авахаар төлөвлөсөн тухай эх сурвалж өгүүлж байна.

Ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Да.Ганболд, “Эрдэнэс MGL” ХК-ийн захирал асан Б.Энэбиш нарын нэрийг ярьж байна. МАХН, АН-тай хамтран УИХ, Засгийн газрыг бүрдүүлсэн гэдэг давуу байдлаар нэгээс хоёр орлогч захирлын суудал горилж байгаа ч одоогоор эрх баригч намаас амласан зүйл байхгүй гэнэ.

Хэрэв МАХН, АН-тай тохироонд хүрвэл “Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд Орхон аймагт өрсөлдсөн Д.Галбаатар орлогч болж магадгүй гэв. Орон нутгийн сонгуулийн өмнө Монголын саалийн ганц үнээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг өөрийн мэдэлдээ авах нь тодорхой болсон АН-аас Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас хойш томилогдох хоёр дахь ерөнхий захирлын нэр өнөөдөр тодорно.

М.Мөнхцэцэг

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих