Интерполын захидал & хэлмэгдэгсдийн суудал

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ба түүний нөхдийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн олны анхаарлын төвд байсан цаг саяхан. Харин одоо тэдний юу хийж, яаж явах нь ард түмэнд хамаагүй болжээ. Үнэндээ Ху намынхны тоглох үнэгүй жүжгээс ард түмэн залхаж, ямар ч сенсааци дэгдээсэн хүлээж авахыг хүсэхгүй болсон гэх. Хэвлэл мэдээллээр өөрсдийгөө үргэлж шахуу рекламдах О.Баасанхүү мэтийн “хачиг”-наас тэд үнэхээр залхсан байна. Гэсэн ч тэд тийм ч амархан тайзнаас арчигдахыг хүсэхгүй байгаа бололтой. Орон нутгийн сонгууль эхэлсэн энэ үед өөрсдийн пиараа тун чадамгай хийж, Интерпол гэгч болохгүй тоглоомоор наадаж эхэллээ. Хамгийн эхний эр зоригтон бол бүхэл бүтэн нэг том улсын Хууль зүйн салбараар даажигнасан Э.Эрдэнэжамъян гэх дэд сайдын “шагналтай” эрхэм. Тэрбээр намынхаа даргын эрх ашиг, тэр хүний олж өгсөн алдар нэр, цол хэргэмийн төлөө өөрийн бие, шагналаар олдсон суудлаа золионд гаргасан эр зоригтон. Тиймдээ ч өнөөдөр энэ суудалд орших уу, эс орших уу гэдэг нь яригдаж эхлээд байгаа. Хамтарсан Засгийн гэрээнээс татгалзаж, түүнийг дэд сайдын суудлаас буулгачихвал энэ засаг тогтох аргагүй болж эвсэл задрах эгзэгтэй байдалд хүрээд байгаа.

Өөрийнх нь төлөө үнэнчээр зүтгэсэн, “үнэнч туслах” Э.Эрдэнэжамъяныг суудлаас нь буулгавал Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нартай уулзаж ярилцсан хоёр нам нэгдэх гэсэн хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх том хөзрийг Н.Энхбаяр дэлгэнэ. Тиймээс эвслийн Засгийн газраа аварч үлдэхийн тулд хүссэн хүсээгүй энэ хэргийг дараад өнгөрөх сонголт АН-ынханд бий болчихсон байгаа. Н.Энхбаяр намын нөхөддөө ч гэсэн Э.Эрдэнэжамъяныг цээжээрээ хамгаалж үлдэхийг дахин дахин сануулсан гэж байгаа. Гэвч үнэнийг нуугаад үлдсэн АН-ын итгэлээр МАХН-ыхан дахин нэг оролдохоор шийджээ. Захидлын буухиа дахин үргэлжилсэн сурагтай. Баттай эх сурвалжийн мэдээллээр тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бүгдээрээ нэгдэж нэг захидал Интерполд бичээд төр засгийн өндөр албанд ажиллаж байгаа бүх хүмүүс нь гарын үсгээ зурсан гэнэ. Тодруулбал, уг захианд УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга, Эрүүл мэндийн сайд Н.Удвап, тэгээд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар гарын үсгээ зуржээ. Э.Эрдэнэ-жамъян Интерполд захиа явуулсныхаа төлөө АТГ-т шалгагдаж байгаа. Гэхдээ албан тушаалаас нь буулгах зүрх зориг АН-ынханд байхгүй учраас Ху намынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн улсын нэрийг шороотой хутгаж явна. Тэдэнд улстөрчийн соёл, УИХ-ын гишүүний ёсзүй алга.

Юутай ч Интерполд захиа явуулсан нь МАХН-аас Засгийн газарт орсон гишүүд Н.Энхбаярын төлөөх тэмцлээ зогсоохгүй, тэдний энэ үйлддийг таслан зогсоосон тохиолдолд эвслийн Засгийн газрын эмгэнэлт хувь тавилан угтана гэдгийг дахин харууллаа. Тэд Н.Энхбаяр гэгч “алсаас эзэмдэгч”-ийн төлөө юу ч хийж мэдэх нь ээ. Наанаа тэд нэгдмэл, нэг зорилготой мэт харагдавч нам дотроо бол шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон. Тэд өнгөн талдаа огтхон ч маргалдаагүй, эвтэй найртай, нэг хүний төлөө мэт харагддаг ч үнэн хэрэгтэй бол нөхцөл байдал тун ч эвгүй байгаа сурагтай. Нэлээд хэд хоногийн өмнө хуралдсан МАХН-ын Бага чуулганы хуралдааны үеэр намын дэд дарга Д.Тэрбишдагвыг огцруулахаар намын хэсэг нөхөд нь тохироод байсан ч чадаагүй байна. Түүнийг огцруулах болсон шалтгаан маш тодорхой. Д.Тэрбишдагва даргын хувьд энэ намд ирэхдээ араасаа олон хүн дагуулна гэсэн амлалт өгч байсан. Тэр хэлсэн амандаа хүрч Усны газрын дарга асан З.Батбаяр, Мон- голбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал, Байгаль орчны сайд асан У.Барсболд нарын нэлээд олон хүнийг МАХН-д урвуулсан.

Гэхдээ тэдэнд амласан зүйл бол мэдээж албан тушаал байсан. Тэд багахан ч гэсэн албан тушаал авч орон нутгийн сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртлөөд амжсан. Энэ нөхцөл байдлаас үүдэн МАХН-ынхны дунд маргаан дэгдэж түүнийг албан тушаал горилогсдод тал зассан гэсэн “зүйл ангиар” буруутгасан ажээ. Мөн Ц.Оюунбаатарын мэдэлд үлдчихээд байгаа МАХН-ын мэдлийн УИХ-ын гишүүний суудлыг “Хэлмэгдэгсдэд зориулсан суудал” гэж хадгалах хүсэлтийг намын удирдлагууд нь хүлээж аваагүй нь талцах шалтгаанд цучил нэмсэн аж. Н.Энхбаярын намаа байгуулахад нь хамтдаа зүтгэж, сайн мууг хангалттай үзсэн зарим нэг хүмүүс нь апбан тушаал ч үгүй хоосон үлдчихээд байхад нэгээс нөгөө рүү урваж ирсэн нөхдүүд сар хүрэхгүй хугацаанд албан тушаалд очиж, цааш нь ахих мандатаа авчихаад байгаа нь хагарлын гол шалтгаан байсныг баттай эх сурвалж дуулгалаа. Олгой хагаравч дотроо гэж улс төрийн намууд асуудлаа нууцалдаг. Харин шударга нэрээр халхавч хийсэн “далдаганасан” нөхдүүдийн хагарал дотроо үлдэж чадах болов уу.

 


URL:

Сэтгэгдэл бичих